ЦАГААН АГУЙ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршино.  Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна.

Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-200 онд хийсэн 6 удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ. Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг. Тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000 – 700 000 жилийн үеийг хамрах ажээ.

Цагаан агуйд амьдарч байсан хүмүүс чулуугаар багаж зэвсэг үйлдвэрлэхдээ гарын доорх материалыг ашиглаж байсан байна. энэ агуйн амны дээд талд, зүүн хойд зүгт ойролцоогоор 5 метр орчим зайтай газарт улаан хүрэн болон шар өнгийн нарийн ширхэгтэй чулуугаар зэвсэг хийж байсны ор бүхий дархны газар байрлаж байгаагаар тайлбарлагдах бололцоотой юм. Урьдчилсан байдлаар өгүүлэхэд дээрх чулуунууд нь хас чулууны нэгэн төрөл байж болох талтай. Одоогийн байдлаар Цагаан агуйн чулуун зэвсгийн дурсгалыг гурван үндсэн хэсэгт хуваан авч үзэж байна. Үүнд:

Малтлага I-III болон цооног малтлага II-ын 1-2-р үеүдэд буй чулуун зэвсгийн дурсгалууд бүхий археологийн I соёлт давхарга. Дурдсан үеүд нь Цагаан агуйн хөрсний өнгөн хэсэгт байрлана. Эндээс нийтдээ 74 ширхэг чулуун зэвсгийн дурсгал олдсон бөгөөд анхдагч боловсруулалтынх нь хувьд авч үзвэл, үйлдвэрлэлийн орхигдос хоёр, орхигдос бүхий хавтанлаг чулуу нэг, жижиг хэмжээний ялтас нэг, залтас 54, үлдэцнээс гарсан хагарал 16 ширхэг байна. эдгээрт эзлэх зэвсгийн хувийн жин нь 14.9 хувь (11ш) болох ба тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилавал хусуур хоёр, резец бүхий зэвсэг нэг, олон байдлаар ашиглаж болох зэвсэг хоёр, ир бүхий эдлэл гурав, бариул бүхий зэвсэг хоёр, үзүүр буюу чичлүүрт дурсгал нэг ширхэг болно.

Малтлага I-III болон цооног малтлага II-ын 3-8-р үеүдэд орших чулуун зэвсгийн дурсгалуудыг агуулсан археологийн II соёлт давхарга. Өгүүлсэн бүхий үеүд нь малтлагын дунд хэсэгт байрлана. Эндээс ортогоналийн зарчмаар хагалсан хагарал бүхий үлдэц нэг, леваллуан үлдцийн бэлдмэл нэг, үлдэцнээс гарсан хагарал зургаа, хагалсан хайрга нэг, анхдагч орхигдос хоёр, үйлдвэрлэлийн орхигдос гурав, леваллуан үеийн үзүүр мэс нэг, мөн үеийн ялтас нэг, хоёр талст бүхий ялтасны дунд хэсэг нэг уртасган тасалсан орхигдос хоёр, залтас 129, төрөл бүрийн хагарлууд 92 ширхэг буюу нийтдээ 241 ширхэг дурсгал олдсон байна. Эдгээрт нийтдээ 32 ширхэг чулуун зэвсгийн дурсгал байгаа нь нийт дурсгалын дотор 13.3 хувь нь болно. Тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилан үзвэл, леваллуан үеийн үзүүр мэс нэг, харуул зэвсэг нэг, жижиг хусуур хоёр, резец бүхий зэвсэг тав, хусуур нэг, шүдэлсэн ир бүхий зэвсэг дөрөв, үзүүр буюу чичлүүр бүхий дурсгал нэг, төрөл бүрийн зориулалтаар ашиглах зэвсэг гурав, үлдэцэн хусуур нэг, сонгодог хэлбэрийн зэвсэг найм, ир бүхий эдлэл дөрөв, хагалах зориулалт бүхий иртэй зэвсэг нэг ширхэг тус тус олдсон болно.

Малтлага I-III болон цооног малтлага II-ын 9-13-р үеүдэд орших чулуун зэвсгийн дурсгалуудыг агуулсан археологийн III соёлт давхарга. Эндээс нийтдээ 295 ширхэг чулуун зэвсгийн дурсгал олдсон нт цохилтын нэг талбайт, нэг талаас нь цуулахад зориулагдсан үлдцийн бэлдмэл нэг, үлдэцнээс гарсан хагарлууд 11, залтас 146, төрөл бүрийн хагарлууд 137 ширхэг байна. Эдгээрт зэвсэг 22 ширхэг байгаа нь нийт дурсгалын 7.5 хувийг эзэлнэ. Тэдгээрийг зэвсгийнх нь хувьд ангилан үзвэл, хусуур хоёр, шүдэлсэн ир бүхий эдлэл нэг, үзүүр буюу чичлүүрт зэвсэг нэг, төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох зэвсэг дөрөв, жижиг хусуур гурав, резец бүхий эдлэл нэг, сонгодог зэвсэг нэг, ирт эдлэл долоон ширхэг болно.

Төв Азийн бүс нутагт хүн амьдарч эхэлсэн он цагийг урагшлуулж буй хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалыг судлах “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн 1995-1998 оны хээрийн шинжилгээний ажлын үед олж илрүүлсэн болно.

Агуйд хийсэн малтлагын явцад хөрсний III соёлт давхаргад цооног II-аас чулуун зэвсгийн дурсгал бүхий 9-13-р үеүд гарсан. Энэ дэд үеүдийн хамгийн сүүлчийнх болох арван гуравдугаараас гарсан чулуун зэвсгийн дурсгалуудыг бусад чулуун зэвсгийн дурсгалтай харьцуулан үзэхэд нэлээд эртнийх болох нь мэдэгдэнэ. Тэдгээрийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан үзсэнээр олдувайн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хөрсний бүтэц, түүнд агуулагдаж буй шим нэгдлүүдийн он цагийг тогтоох судалгааг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон АНУ-ын Туссон дахь Аризоны их сургуулийн лабораториудад хийжээ. Эдгээр судалгааны дүнд Цагаан агуйн гуравдугаар давхаргын арван гуравдугаар соёлт үе нь манай тооллын өмнөх 750 мянгаас 800 мянган жилийн тэртээгээс бий болсон байна. Тэгвэл энэ хөрсний эл давхарга бүрэлдэн тогтоход ямар нэгэн хэмжээгээр хүний үйл ажиллагаа оролцсон нь чулуун зэвсгийн дурсгалаараа батлагдаж байгаа юм. Ийнхүү Монгол нутагт болон Төв Азийн урин дулаан уур амьсгалтай өнөөгийн говийн Алтай бүс нутагт анхны хүн Христийн тооллын өмнөх 700 мянган жилийн тэртээгээс амьдарч байсан нь тогтоогдов. Гэхдээ Цагаан агуйд хүн амьдарч эхэлсэн энэхүү он цаг бол тус дурсгалын хувьд хамгийн эртнийх нь хараахан биш байж болох талтай. 1996 онд хээрийн шинжилгээний ажлын үеэр тус агуйг цааш нь малтахад хөрсний соёлт үе давхаргын тоо улам нэмэгдэж байгаа нь сонирхол татахуйц юм. Энэ нь дээрх он цагийг урагш нь ахиулах боломжийг олгож болох талтай юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0