• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХОРГЫН ТОГОО (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд байдаг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь 50 хавтгай дөрвөлжин километр. Далайн төвшнөөс дээш 2210 метр бөгөөд ойр хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр ихтэй. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр бөгөөд 30-36 хэмийн налуу хажуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг.

Хоргын тогооны дэргэд нутгийнхны нэрлэж заншсан чулуун гэр бий. Халуун хайлмал бодис урсаж байхдаа мушгиралдан атиралдаж царцахдаа уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэр үүсгэн тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд хөөсрөн урсдаг нь Хоргын тогооны бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог. Хоргын тогооны орчимд Өвгөн хад, Тэрхийн цагаан нуур, нуурын арал, Шар нохойн там, мөсөн хонгил, Залуусын агуй зэргийг үзэж сонирхон аялахад тохиромжтой.  Хоргын үзэсгэлэнт газрыг 1965 онд дархан цаазтай болгосон билээ. Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч  байснаас “Хорго” хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ гэдэг.

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгал экологид сөрөг нөлөөтэй ажээ. Нуурын тухай нэгэн домог бий, Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.

Эх сурвалж: Монгол орны лавлах