Монгол улсын зүүн хэсэг, хятадын Өвөр монголын зүүн хойд хэсгээр урсдаг. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр учраас зүүн талаас нь харахад хана хэрэм өрж халхалсан мэт харагддаг. Тийм учраас Халх гол гэдэг нэртэй болжээ. Их Хянганы нуруунаас эх авч, 233 километр урсаад Буйр нуурт цутгадаг. Хөлөнбуйрын дундуур урсаж Монголын газар нутагт орж ирээд, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсдаг. Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутгана. Гэтэл нөгөө салаа нь Буйр нуурын яг хойноос эх авч урсах Орчун голд нийлж явсаар хятадын Хөлөн нуурт цутгадаг.
Халхгол (MНТ -175, 176, 191, 192, 208) Чингис хаан
Хархалзан Элээтээс Далан нэмүргэст очоод, тэндээс Халхгол руу явах зуур цэргээ
бүртгэж үзвэл 2600 хүн байв. Чингис
хааны бусад албат иргэд Гурван мөрний эх нутагт оторлон өвөлжиж хаваржиж
байсныг Ван хан хураан авсан байв.
Чингис хаан нэг мянга гурван
зуутыг авч Халхголын өрнөд этгээдээр нүүж ан хийв. Ийнхүү нүүж явах зуур хүнс
олохын тулд ан ав хийхэд Хуйлдар сэцэн шархаа сайн эдгээгүй байтал Чингис хааны
ятгасан үгийг үл сонсон зээр гөрөөсөнд довтолж яваад шарх нь үгдэрч наснаас
нөхчив. Хуйлдар Сэцэний ясыг Халхголын Ор нугын Хэлтгий хад гэдэг газар
оршуулав.
Тэндээс Халхголыг
уруудан явсаар Буйр нуурт цутгах уулзварт нутаглаж байсан Хонгирад аймгийг
Зүрчидэйн Урууд цэрэг элсүүлэн дагуулав.
Түүний хойтон жил Найман аймаг дайлаар ирэх мэдээ аваад байсан цаг тул Чингис
хаан Халхголын Ор нугын Хэлтгий хаданд дахин бууж цэргээ бүртгэн тоолж зохион
байгуулалт хийв.
1204 оны
хулгана жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр Чингис хаан тугаа
тахиад, Найманыг тосч байлдахаар Халхголын адгаас Хэрлэн гол чиглэн морджээ. Чингис
хаан 1203 онд Халхголд нутаглаж Ван ханы мөшгөлтөөс зайлж өвөл хаврын довтолгоог
няцааж бэлтгэлээ хийсээр байсан билээ.
Халхгол
гэдэг нэр 12 дугаар зууны сүүлчээр хэвшчихсэн нэр байсныг “Монголын нууц товчоо”-нд
наймантаа дурьдсан байна. Тэгэхээр Халхгол гэдэг нь халх угсаатан, халхчуудтай
холбоогүй бүр түрүү үеийн нэр байсан гэдэг нь нотлогдож байна. Халхчууд
бүрэлдэн тогтохоос бараг 500 жилийн өмнө Халхгол гэдэг нэр үүссэн байжээ.
Хянганы
магтаалд дөрвөн талаас нь өргөн гол урсдаг гэж байдаг. Хянганы давааны баруун хойноос
авсан өргөн гол нь Халхгол юм. Монголчууд хаалганы хоёр талын өргөн яс модыг ”халх”
гэдэг. Баруун Монголд хүний нүүрний
хамгийн өргөн хэсэг болох хацрыг одоо ч “халх”
гэдэг. Өргөн хувцас, эд юмсыг халхгар, халхавч, халх гэх нь нийт Монгол даяар
нийтлэг билээ. Эдгээрээс үзвэл Халхгол ямар ч гантай үед тасардаггүй, өргөн
уудам хөндийнүүд нь өвс бэлчээр, хужир мараа, зээр гөрөөс бусад ан амьтан, усны
ба ангын шувуугаар баялаг, иймээс ч аялан очиж нутагладаг байжээ.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах