БНМАУ-ын эрх
чөлөө тусгаар тогтнолыг хамгаалсан 1939 оны Халх голын дайны түүхийг дайн байлдаан
болсон газар дээр нь бодитоор үзүүлсэн
Дорнод аймгийн Халхгол сум дахь музей
юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1982 оны 159 дүгээр тогтоолын дагуу
уг музейг байгуулсан бөгөөд барилгын зургийг улсын
барилгын зургийн төв институтийн архитекторч Г.Цэрэндорж зохиож, барилга
байгууламжийг хурандаа О.Жамъянгарав, талбайн инженер С.Ганбаатараар
удирдуулсан Барилгын
цэргийн 030 дугаар ангийн дайчид барьж музейг 1984 оны 8 дугаар сарын 18-ны
өдөр Халх голын дайны ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтад өгсөн юм. Сайн зураг төслийн дагуу зориулалтын музейн барилгад
бүтээж байгуулсан тул Сайд нарын Зөвлөлийн 1984 оны шагналыг Дорнод аймгаас анх
удаа тус музейд олгосон байна.
Музейн
барилгын гадаад төрх хэлбэр нь үндэсний уран барилгын уламжлалыг хадгалсан,
дөрвөлжин хэлбэртэй, монгол гэрийн зарчмыг баримтлан дээрээс нь байнгын гэрэл
тусахаар хийжээ. “Халхголын тулалдаан бидний ялалтаар дууслаа” гэсэн утга
санааг илэрхийлсэн дүрс бүхийгээр нүүрэн талыг бүрэн чимэглэсэн байдаг.
Ялалт музей нь 3 давхар барилга байгууламжтай, төрөл
бүрийн мод бут бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, дайны үеийн зэр зэвсэг, машин
техник, нуувч далдлавч, окоп, цэрэг дайчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгал зэрэг
үзмэр бүхий 5.3 га талбайтай. 1000 гаруй үзмэрээс бүрдсэн үзүүллэгийн 4
танхимтай. Дайны гэрэл зургийн торгон агшин, дайчин баатарлаг эрсийн 700 гаруй
эд өлгийн зүйлтэй. Тус музей нь Халхголын дайны түүхэн бодит гэрч баримт, ул
мөрийг хадгалсан, дайны ялалтанд зориулсан олон хөшөө бүхий түүх соёлын 36
дурсгалт газрыг хамгаалж сурталчилж байдаг. Төв хэсэгт нь ёслолын ажиллагаа явуулахад зориулсан “Дайчин алдрын танхим”,
музей тайлбарлагчдын өрөө, буфет, 104 хүний суудалтай кино танхим, зочдыг
хүлээн авах байр, дайны үйл ажиллагааг үзүүлсэн диаграммууд байдаг.
Гуравдугаар
давхарын бунханы дэргэд тавцан дээр Монгол-Зөвлөлтийн дайчдын хэрэглэж байсан
техник, зэр зэвсэг байрлуулжээ. Энэ музейд корпус командлагч Г.К.Жуков, ЗХУ-ын
хоёр удаагийн баатар Я.В.Смушкевич, К.Н.Кравченко, С.Ч.Грицевец, ЗХУ-ын баатар
Н.Ф.Гастелло, танкийн алдарт 11-р бригадын командлагч ЗХУ-ын баатар
Н.П.Яковлев, хорооны дарга И.М.Ремизов, И.И.Федюнинский нарын дүрсийг зэс
хөөмлөөр товойлгож хийсэн үзмэрүүдийг үзэж болно. Музейн алдрын талбайн ханан
дээр дайн тулалдааны газрын зураг, дүрсүүдийг товойлгон хийжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.