Дорнод аймгийн Халхгол сумын
төвд байдаг музей. Тус музейн зургийг улсын барилгын зургийн төв институтийн
архитекторч Г.Цэрэндорж зохиож, барилга байгууламжийг хурандаа О.Жамъянгарав,
талбайн инженер С.Ганбаатараар удирдуулсан барилгачин дайчид барьж, 1984 онд
Халхголын ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтад өгсөн юм. Сайн зураг төслийн
дагуу зориулалтын музейн барилгад бүтээж байгуулсан тул Сайд нарын Зөвлөлийн
1984 оны шагналыг Дорнод аймгаас анх удаа тус музейд олгосон байна.
Музейн
барилгын гадаад төрх хэлбэр нь үндэсний уран барилгын уламжлалыг хадгалсан,
дөрвөлжин хэлбэртэй, монгол гэрийн зарчмыг баримтлан дээрээс нь байнгын гэрэл
тусахаар хийжээ. “Халхголын тулалдаан бидний ялалтаар дууслаа” гэсэн утга
санааг илэрхийлсэн дүрс бүхийгээр нүүрэн талыг бүрэн чимэглэсэн байдаг.
Тус музейн үзмэрийн
сан нь хоёрдугаар давхарт байрласан бөгөөд төв хэсэгт нь ёслолын ажиллагаа
явуулахад зориулсан “Дайчин алдрын танхим”, музей тайлбарлагчдын өрөө, буфет,
104 хүний суудалтай кино танхим, зочдыг хүлээн авах байр, дайны үйл ажиллагааг
үзүүлсэн диаграммууд байдаг. Музейд нийтдээ 1000 гаруй үзмэр байрлуулжээ.
Гуравдугаар
давхарын бунханы дэргэд тавцан дээр Монгол-Зөвлөлтийн дайчдын хэрэглэж байсан
техник, зэр зэвсэг байрлуулжээ. Энэ музейд корпус командлагч Г.К.Жуков, ЗХУ-ын
хоёр удаагийн баатар Я.В.Смушкевич, К.Н.Кравченко, С.Ч.Грицевец, ЗХУ-ын баатар
Н.Ф.Гастелло, танкийн алдарт 11-р бригадын командлагч ЗХУ-ын баатар
Н.П.Яковлев, хорооны дарга И.М.Ремизов, И.И.Федюнинский нарын дүрсийг зэс
хөөмлөөр товойлгож хийсэн үзмэрүүдийг үзэж болно. Музейн алдрын талбайн ханан
дээр дайн тулалдааны газрын зураг, дүрсүүдийг товойлгон хийжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.