Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нь 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн байгуулагджээ. Монгол улсын Эрдэнэсийн санд ховор нандин, хэзээ ч давтагдашгүй 200 орчим уран бүтээл бүртгэгдсэн байдгийн дотроос 50 орчим уран бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байдаг.
Музейн байшин 1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын их дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаад Дүрслэх урлагийн музей болжээ. Музейн цуглуулга нь эртний эдлэлийн, Г.Занабазарын бүтээлийн, танка зургийн, торгон зээгт наамлын, Хүрээ цамын, дүрслэх урлагийн, Майдар эргэх ёслолын гэх мэт 9 танхимаас бүрддэг.
Эртний урлал буюу Ancient art танхим нь 6 өрөөтэй бөгөөд Чулуун ба хүрэл зэвсэг, буган чулуу, хүннү ваар, уйгарын сүмийн хананы зурагнууд гэх мэт олон дурсгалууд бий. Монголд олдсон хадны сүг зургийн дотор нэн эртнийх гэж тооцогдох Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн дүрслэл болох зураач О.Амгалангийн зурсан хуулбар, Монгол бол хүрэл зэвсгийн үед улам их хөгжсөн гэдгийг нотлох Азид зөвхөн ганц олдсон гэж үздэг ховор нандин дүрслэлтэй хүрэл сэлэм, YI-YII зууны Түрэгийн үеийн хүн чулуунууд, Монголоос 550 гаруй олдсон буган чулууны дүрслэл зэргийг Монголын эртний дүрслэх урлагийн гол төлөөлөгч болгон тавьжээ. Дөрвөн мутарт бодьсадва, Базарваань бурхан, Бодьсадвагийн дүрүүд, Буддагийн чулуун толгой, Санваартны хөрөг, Язгууртны хөрөг зэрэг дурсгалууд бий. Эдгээр нь Каракажа, Турфаны сүмийн зурагнууд юм. Хүн чулуун баримлууд, Киданы үеийн байгалийн сэдэвт уран зураг, язгууртны хөрөг зургууд бий. Эдгээр нь Киданы Шинляны сүмийн дурсгалууд ажээ. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг суманд байх МЭӨ 3000 жилийн үед хамаарах Бичигтийн амны сүг зурагнуудыг харуулсан үзмэр бий. Уйгарын үеийн Турфаны сүмийн хананы зураг, Бодьсадва, Каракажа сүмийн Будда, Түрэгийн үеийн Харити охин тэнгэр, Киданы үеийн Бие хамгаалагч гэх мэт сэдэвт бүтээлүүд дэлгэгдсэн байдаг. Мөн Төв аймгийн Заамар сумын нутгаас олдсон Түрэгийн үед хамаарах Шороон бумбагарын дурсгалаас олдсон олдворуудыг дэлгэн үзүүлсэн байдаг. Эл дурсгалыг 2009 оны 6, 7 дугаар сард Монгол-Оросын судлаачид илрүүлсэн бөгөөд Профессор А.Очир, профессор С.В.Данилов нарын ахалсан баг судалжээ. Тус Шороон бумбагарын дурсгалаас шавраар хийж будсан морьтонгууд, модоор хийж будсан үлгэр домгийн загас ба шувууд, мод, торго, даавуугаар хийж, шороон будгаар будсан хүн ба амьтны дүрсний хэсгүүд, шавраар хийж шороогоор будсан Махранз бурхадын баримал, гипсээр хуулбарлан хийсэн чулууны бичээс, Хархорины малтлагаас олсон баг буюу маск, барилгын чимэглэл зэргийг дэлгэн харуулжээ.
Ардын гар урлал буюу Folk art танхимд Амарбаясгалант хийдийн зураг, саахуу хувин, Хошууны наадамыг харуулсан зураг, уран бүтээлч Балганы бүтээсэн Их хүрээ, Сайн ноёны хүрээ гэх мэт зургууд, Монголын уран барилгыг онцлогийг харуулсан зураг, Арван засгийн бөх хүний зураг, алтаар шарж мөнгө, шүр, оюу, ундрам, торгоор урласан Халх эмэгтэйн толгойн боолт, 1962 цаас товойлгож зурсан Шагдарын бүтээл Халх эхнэр, мөнгө шүрээр урласан Буриад, барга эмэгтэйн гоёл зэргийг дэлгэн үзүүлжээ. Голын шилэн хоргонд модон сийлбэр, цацал, шанага, утгуур, хорол, шатар, зэс ба мөнгөөр урласан домбо, гүц, савхан хувин, адууны хялгасан чавхдастай морин хуур, сийлбэрч Доржийн 1950 онд урласан “Мөнгөн мод” бүхий сийлбэр бий. Танхимын хананд Г.Ерэнтэй, Дэмбэрэл нарын урласан ган төмөр, шир, алт зэргээр урласан хэт хутга, мод, яс, ширээр урласан хэт хутга, мөнгө төмөр ширээр урласан хэт хутга, эмээл зэрэг ардын гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн байдаг.
Хоёрдугаар давхарын эхний танхимд даавуун дээр дардас хэлбэрээр, даавуун дээр өнгөт бараар барлан урласан “Бага хөсөг” хэмээх зураг, Богд хаан, Эх дагина нар алс холын аянд гарах үед үйлддэг төрийн ёсоныг харуулсан зураг, цаасан дээр шороогоор зурсан эртний баатаруудын хөрөг зураг, YIII Богд гэгээний хөрөг, Цагийн хүрд, Авидын орон, Гүнрэг бурхан, Арван хангалын ганзай, даавуун дээр бэхээр дарсан Жанрайсиг бурханы хөрөг, Доржпагмо буюу Очир хутагтын эх бурхан, Авид бурхадын тиг зураг, цаасан дээр харандаагаар зурсан Автай сайн ханы хөрөг, даавуун дээр бэхээр зурсан Жүгдэрнамжилмаа бурханы хөргүүдийг байрлуулжээ. Дашрамд дурдахад, Монгол оронд 760 гаруй модон бар урлалын газрууд байжээ.
Г.Занабазарын урлал танхимд Г.Занабазарын зохиосон Соёмбо үсгийн цагаан толгой, шавь нарынх нь зурсан Занабазарын хөрөг, өөрийн хөрөг, ээж Ханджамцыг зурсан хөрөг, түүний бүтээсэн бурхдын баримлууд буюу “Язгуурын 5 бурхан” гэж нэрлэгддэг Цаглашгүй эрдэмт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч, Үл хөдлөгч, Уурыг тэвчигч бурхад, Бодь суварга, Цагаан дарь эх, Манзушир бурхан, Ганэш, Гарьд, Ногоон дарь эх, Аюуш, Бурхан багш хоёр шавьтайгаа, Дөрвөн мутарт Чагши Жанрайсиг, Цагийн хүрдэн, Занабазар, Цагийн хүрдэн, Мял богд, Доржэжигмэд буюу Очирт айлган үйлдэгч зэрэг зэсээр цутгаж алтаар бүрсэн, дэлхийд дахин давтагдашгүй хосгүй нандин цорын ганц бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт барималын бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.
Шүтээн зураг буюу Thangka painting танхимд XIX зууны үеийн бүтээлүүд болох торгон дээр урласан шороон будгийн зураг буюу танка хэмээгдэх Цагаан шүхэрт, Чагши Жанрайсиг, Арван хангал, Гонгор, Нууцын хураангуй бурханы хот мандал, Төрөл бүрийн мандал, Улаан сахиус, Очирт айлган үйлдэгч, Асрангуй Жамба, буддагийн ирээдүйн дүр, Очир сэтгэлтэн Цогт охин тэнгэр, Тарнийн ёсоны ядам бурхан Жидор бурхан, Бурхан багшийн чуулган, Бурхан багшийн 12 зохионгуй, Баянхонгор аймгийн Галуут суманд байх Чин сүжигт Номун хан хийдийн тууринаас олдсон ханын зураг буюу Бисман тэнгэрийн хангагч эрдэнэ, Цогт охин тэнгэрийн хангагч эрдэнэ зургууд, Богд Зонхов, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Үс нэрт тийн ялгуулсан Жүгдэр намжил бурхан, Майдар бурханы чуулган, Цэцэгнээс төрөгч Ловон бадамжунай, Таван хаан, Бисман тэнгэр Намсрай, Насан цаглашгүй Цэбагмид, Аюуш, Бурхан багш зэрэг бүтээлүүд хадгалагдаж байдаг. Танка нь хэд хэдэн төрөл байх бөгөөд хар өнгийн торгон дээр зурсан зургийг “нагтан”, улаан дээр зурсныг “мартан”, цагаан торгон дээр зурсныг “гартан” гэж нэрлэдэг.
Зээгт наамал буюу Applique танхимд XX зууны эхэн үед хамаарах, нэг хүнийх бус олон хүний хамтын бүтээлүүд байдгаараа онцлог. Торгон дээр урлах дүрсээ буулгаад, түүний дүрслэл өнгө дагуу торгонуудыг дуурайлган хайчилж дээр нь наагаад, торгоныхоо захыг дагуулан өнгийн утсаар битүүлж зээглэн хатгаж оёсныг зээгт наамал гэдэг. Насны гурван шүтээн болох Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дарь эх бурхад, Гомбо бурхан, оюун ухааны Манзушир, Чагши гомбо, Пагва лам Лодойжанцан, Улааны шашны догшин бурхад болох Гүнрэг, Нархажид, Дүйнхорын мандал, Бурхан багш, хоёр шавийн хамт, Манзушир Зөөлөн эгшигт, Дөрвөн нүүрт хангагч эрдэнэ буюу Шалшийн ганзай зэрэг үнэт бүтээлүүд байхаас гадна танхимын голд байх шилэн хоргонуудад алт, мөнгө, зэс, гууль зэргээр урласан цөгц, шашны эд хэрэглэл, завъяа зэргийг байрлуулжээ. Урт танхимын арын хананд музейн үнэт үзмэрийн нэг Хасгомбо, Тавхайбор нарын урласан “Нүглийн наманчлах 35 бурхан” буюу “Дүншигийн гучин таван” орон хэмээх асар том зээгт наамлын бүтээл байх агаад урт нь 15 метр, өргөн нь 2.5 метр юм. Дүншигийн 35 орон гэдэг нь тэнгэрийн орныг хамгаалагч 35 бурхан гэсэн утга ажээ. Танхимын голд байрлах шилэн хоргонд Гомбо бурханы нэг дагуул нөхөр Зэнэмидэр бурханы цаасан шуумал, Дарнатын хувилгааны өмнөх дүр Гажэд сажон, Ловон лам, Зургаан мутарт итгэл Гомбо, Цогт охин тэнгэр, Цагаан дарь эх, Бурхан багш, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Нархажод ядам бурхан буюу Огторгуйд одогч бурханы зээгт наамал бүтээлүүд бий.
Цамын бүжгийн танхимд Хүрээ цамын зураг, Очирваань, Жамсран, Гомбо бурханы нэг нөхөр Дагийранз, Цагаан өвгөний цаасан шуумал дүрүүд, Шашны хөгжим зэргийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн Хүрээ цамын баг, хувцас, бүжиглэх үедээ гартаа барьдаг багаж хэрэгсэл, шашны хөгжим гэх мэт зүйлүүд тавигдсан байна. Хүрээ цам гэдэг нь буддын шашны нэг зан үйл буюу бурхадын бүжиг юм. Цам харайхад 108 төрлийн бурхдын багийг өмсөж харайдаг. Энд Дагийранз, Зинамэдэр, Жамсран, Очирваань, Намсрай, Дамдинчойжоо, Шанага малгайт бурхадын цаасан шуумал багнууд бий. Цаасан шуумал гэдэг нь тусгай цаасыг цавуунд хийж дэвтээж зөөлрүүлээд урьдчилан бэлдсэн модон хэвийг бүрж хатаагаад өнгөөр будаж чимэглэдэг урлал юм. Цамын баг том жижгээс шалтгаалаад жин нь 5-7 килограмм байдаг бол хувцас нь 30 килограмм хүртэл байдаг. Хувцасны чимэглэлийг зааны яс, тэмээний яс, металл, эрдэнийн чулуу зэргээр хийдэг. Цам бүжгийн баг, хувцасыг бүтээхэд уран зураг, хатгамал, сийлбэр, оёдол, баримал, наамал, зүймэл, хөөмөл зэрэг олон төрлийн урлалын аргууд ордог онцлогтой. Цам бүжгийн үед хэрэглэдэг муу юмнаас хамгаалах шидийг агуулсан сахиус, багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсгүүдийг дэлгэн тавьжээ. Мөн танхимын төгсгөлд цэвэр модон углуургын аргаар хийсэн “Хот мандал” буюу бурхны орныг дүрсэлсэн модон сийлбэр байдаг бөгөөд мод, зэсээр урлахаас гадна шороон будгийн аргыг хэрэглэн XX зууны эхэн үед бүтээжээ.
Монгол зургийн танхимд Монгол хөзрийн зураг, зураач Ц.Жамбын бүтээл “Эвтэй дөрвөн амьтан”, “Дугар зайсан”, “Аргаль ба янгир”, “Тэмээн сүрэг”, “Жаргалын найман морь” бүтээлүүд, орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгч Б.Шаравын зурсан “Төвдийн нийслэл Лхас”, “Үрс гарч байгаа нь”, “Монголын нэг өдөр”, “Балдан Гачин”, “Цорж Лувсандондов”, “Бурхан багш”, “Богд хаан, Эх дагина Дондогдулам”, “Хайстай лаврин”, “Өвлийн ордон”, зураач Сономцэрэнгийн зурсан “Түшээт хан Насантогтох, түүний хатан Ичинхорлоо” нарын хөрөг зургуудыг байрлуулжээ.
Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгч Б.Шарав 1869-1939 оны хооронд амьдарч байсан бөгөөд дэлхийн урлагийг тэмдэглэн үлдээсэн нэвтэрхий тольд Монголын зураач Марзан Шаравыг “дэлхийн хэмжээний суут зураач” хэмээн тэмдэглэжээ. “Монголын нэг өдөр” бүтээл нь үнэн хэрэгтээ “Нэгэн өдрийн явдал” гэдэг нэрээр, YIII Богд гэгээний зарлигаар 1911-1913 оны хооронд зурагдсан гэдэг. Монгол хүний төрснөөс эхлээд үхэх хүртэлх үйл явдлыг яг байгаа чигээр нь дүрслэн үзүүлсэн учраас “марзан” хэмээх хоч зүүжээ. “Үрс гарч байна”, “Богд хааны өвлийн ордон”, “Ногоон дарь эх” гэх мэт алдарт бүтээлүүд нь өнөөг хүртэл гайхан шагшигдсаар байдаг.
Музейн барилгын доод давхарт Үзэсгэлэнгийн танхим байх ба мухарт нь Майдар эргэх ёслолын үед хэрэглэдэг модон тэрэг буй. Сибирийн царс модоор хийсэн тэрэг ажээ. Мөн Майдар бурханы танка, суугаа баримал дүр, “Хүрээ Майдар”хэмээх гуашаар зурсан бүтээлүүд бий. Монголд анх 1686 онд Майдар эргэх ёслол явагдсанаас хойш 1936 он хүртэл нийт 103 удаа зохион байгуулагджээ. “Майдар эргэх ёслол” гэдэг нь зовлонд учирсан ард түмнийг аврахын тулд тэнгэрийн орноос Майдар бурхан залран ирж, тэднийг авран хамгаалж буйг илэрхийлсэн зан үйл юм. Майдар бурханыг тэргэн дээр залж, ногоон морь хөлөглүүлэн, хажууд нь шашны туг жанцанг залж, хийдийн лам нар зэрэг дэвээрээ цуваа үүсгэн явж сүм хийдийг баруунаас зүүн гороолж буй ёслол юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Хаяг: Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай
Утас: 326061, 326060
Цагийн хуваарь:
Өвөл: 1/X –1/IY хүртэл, 10:00 - 17:00 цаг хүртэл, Бямба, Ням гаригуудад амарна.
Зун: 1/IY - 1/X хүртэл: Өдөр бүр 09:00 – 18:00
Тасалбарын үнэ:
Гадаад, дотоод том хүн 8000 төг
Оюутан 2500 төг
Хүүхэд 1000 төг
Фото зураг 45000 төг
Бичлэг хийх бол урьдчилан мэдэгдэж гэрээ байгуулана.