БӨХИЙН ӨРГӨӨ

Ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол бөхийн өргөө юм. Барилгын ажил нь 1992 онд эхэлж 1998 оны 12 дугаар сарын 26-нд нээлтээ хийжээ. Нийт 2500 үзэгчийн суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай, үндэсний бөхийн барилдаанаас гадна жүдо, самба, чөлөөт бөхийн 2 дэвжээ засах боломжтой ажээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх заал танхим, зочид төлөөлөгчдийг хүлээн авах уулзалт хүндэтгэлийн өрөө, сэтгүүлч сурвалжлагчдын байрлах өрөөнүүдийг давхар тохижуулжээ.

Бөхийн өргөөний дотор хананд Монгол улсын аваргууд Ц.Буянтогтох, Г.Вандан, Х.Шаравжамц, Г.Самдан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Б.Төвдэндорж, Ж.Цэвээнравдан, Ш.Батсуурь, Ч.Бээжин, Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын хөргийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Тус өргөөнд жил бүр Монгол улсыг тунхагласан өдөрт зориулсан, Үндсэн хуулийн өдөрт зориулсан, Цагаан сарын баярт зориулсан, Эх орончдын өдөрт зориулсан, Улсын аварга, арслан, гарьд цолтон нарт хүндэтгэл үзүүлэх барилдаан, Улсын заан, харцага, начингуудад зориулсан барилдаан, Дөрвөн уулын хишиг барилдаан гэх мэт барилдаанууд тогтмол зохион байгуулагддаг. 

Жил бүрийн тогтмол барилдааны хуваарь: 

  • 10 дугаар сарын 11-нд Богд хайрханы хишиг барилдаан
  • 10 дугаар сарын 25-нд Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • 12 дугаар сарын 20-нд Баянзүрх хайрханы хишиг барилдаан
  • 12 дугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан 
  • 1 дүгээр сарын 24-нд Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Цагаан сарын барилдаан
  • 3 дугаар сарын 27-нд Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • 4 дүгээр сарын 10-нд Сонгино хайрханы хишиг барилдаан 
  • 4 дүгээр сарын 24-нд Гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • 5 дугаар сарын 12-нд Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • 5 дугаар сарын 29-нд Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Жич: Дээрхи хуваарь нь нэг хоёр өдрийн наана цаана болж өөрчлөгдөх тохиолдол байх тул лавлах шаардлагатай. Эдгээр барилдааныг үзэх тасалбар Хишиг барилдаан 15000 төгрөг, улсын цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанууд 10000 төгрөг, Цагаан сарын барилдааны тасалбар 20000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 

Хаяг: Баянзүрх дүүрэг, Американ дэнж Наран дэлгүүрийн баруун талд 
Утас: 456978 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0