15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ

Үлэг гүрвэлийн төв музей нь 2013 оны 1-р сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж албан ёсоор үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинээр байгуулагдсан Үлэг гүрвэлийн төв музейн анхны үзмэр болох Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирэх ажлын хэсгийн шийдвэрээр Сүхбаатарын талбайд “Би гэртээ ирлээ” түр үзэсгэлэн 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн 3 сарын турш гаргасан нь амжилттай болж Монгол улсын музейн салбарын үзэгч, орлогын дүнг шинээр тогтоосон амжилт гаргасан. Мөн 2013 оны 10-р сарын 5-наас 2014 оны 5-р сарын 27-ны хооронд “Т.Батаар Дарханд” нэртэй нүүдлийн үзэсгэлэнг Дархан-Уул аймгийн музейд гаргаж үзэгчдийн хүртээл болгосон.

Музей албан ёсоор байраа хүлээж авснаас хойш “Т.Батаар ба сор үзмэрүүд” түр үзэсгэлэнг гаргахын зэрэгцээ олон нийтэд зориулсан боловсролын хөтөлбөр, сургалтуудыг тасралтгүй явуулж ирсэн. Тухайлбал “Tarbosaurus bataar’’ “Т.Батаарын адал явдал” автобустай аялал, “Dudusaurs” зэрэг хөтөлбөрүүдийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “Дүдү” боловсрол сан болон ЕБС-иудтай хамтран хэрэгжүүлсэн.

Эдгээр сургалт нь оролцогчдод палеонтологийн шинжлэх ухааны талаарх суурь ойлголт, үлэг гүрвэлийн төрөл зүйл, байгаль экологийн боловсролыг олгодог ба бага насны сурагчдын зурах, будах, төсөөлөн бодох, бусадтай өрсөлдөх, өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг хөгжүүлэхээс гадна эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлдэгээрээ ач холбогдолтой юм.

2015 онд АНУ-аас ирсэн олдворуудаас түүвэрлэн “Үлэг гүрвэлийн мөрөөр” түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас (Анкилозавр, Гадрозавр, Зауролофус, Протоцератопс, Овираптор, Орнитомимозавр) гадна эртний яст мэлхийн олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэж, зарим эртний амьтан, ургамлын хадгалагдах үйл явцын орчинг хамтад нь бүтээж тавьсан.

Мөн монгол орны палеонтологийн олдворт газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг үзэх боломжтой бөгөөд энэ хэсэгт Монгол орны үлэг гүрвэлийн олдворт газар болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Хүрэн дух”, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Байшин цав”, “Амтгай”, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Нэмэгт”, “Хэрмэн цав”, Баянхонгор аймгийн Баянговь сумын “Бүгийн цав” зэрэг монгол орны үлэг гүрвэлийн олдворт газруудын гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай 1

Утас: 7000-0171

Зуны цагийн хуваарь :     Өдөр бүр10:00-18:30 цаг

Өвлийн цагийн хуваарь Өдөр бүр 09:00-17:30 цаг

Тасалбарын үнэ:

  • Том хүн 3000 төгрөг /Гадаад Дотоод адилхан/ 
  • Оюутан 1000 төгрөг
  • Хүүхэд 500 төгрөг
  • Зураг бичлэг 5000 төгрөг
  • 0-3 насны хүүхэд үнэгүй

И-мэйл: info@dinosaurmuseum.mn
Вэбсайт: http://www.dinosaurmuseum.mn


ТОО
0
0
0