1924 онд “Үндэсний музей” гэдэг нэртэйгээр байгуулагдаж 1930 онд одоогийн барилгад нүүн ирж, 1956-91 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон. Одоо Байгалийн түүхийн музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд тавигдсан байдаг. Үүдэнд байх 2 чулуун арслан нь Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан бөгөөд 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулжээ.
Газар зүйн танхим: Монгол орны газарзүйн тухай өгүүлэх танхим бөгөөд Монголын анхны газрын зураг болох “Симуковын ногоон карт”, хувьсгалаас өмнө Монголыг судалж байсан гадаадын эрдэмтдийн аялсан замыг тэмдэглэсэн газрын зураг, Монгол орны загас болон хөхтөн амьтны тархалтыг харуулсан газрын зурагнууд, 92 хувийн төмөр бүхий 582 килограмм “Аж Богд” солир, 166.8 килограмм хүнд жинтэй “Манлай” хэмээх төмөр солир зэрэг чухал үзмэртэй.
Амьдралын үүслийг харуулсан танхим: 4 миллиард жилийн өмнөөс эхлээд дэлхий дээр амьдрал үүссэн тухай он дарааллыг хананд зураглан үзүүлж, дэргэд нь байх шилэн хоргонд тухайн цаг үед хамаарах хөрс, чулуу зэргийн дээжүүдийг үзүүлжээ. Одоогоос 65 сая жилийн өмнөх Кайнозойн эриний үеийн дөрөвдөгч галавын үед хүн үүссэн гэж үздэг.
Сансар судлалын танхим: Монголын төдийгүй Азийн анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Өмнөд туйл дээр судалгаа хийсэн цаг уурч эрдэмтэн Ж.Цэрэндэлэг, Эвэрестэд авирсан анхны Монгол хүн Г.Өсөхбаяр нарын хэрэглэж байсан хувцас хунар, эдлэл хэрэглэл, судалгааны явцад тэмдэглэсэн тэмдэглэл зэрэг материалуудыг дэлгэн үзүүлжээ. 1981 оны 3 дугаар сарын 22-нд Монгол хүн анх сансарт нисэж сансарт 8 хоног ажилласан. Монгол бол Өмнөд туйл дээр судалгааны ажил хийсэн 34 дэх орон бөгөөд 1972-1974 онд 367 хоног үргэлжилсэн. Эверестэд авирах гараа 2005 оны 4 дүгээр сарын 28-нд эхэлж 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 14 цагт оргилд хүрч төрийн далбаагаа мандуулжээ.
Геологи, ашигт малтмалын танхим: Монгол орон 50 гаруй төрлийн ашигт малтмалтай. Барилгын материал, химийн боловсруулах үйлдвэр, шаазан керамик чиглэлээр хэрэглэгдэх хайлуур жонш, бал чулуу, хар тугалга, цагаан тугалга, шөрмөсөн чулуу, өөхөн чулуу, гялтагануур, болор, хүдэр, фосфор, хүхэр, галт уулын чулуулаг, гантиг, хүрмэн чулуу зэргийн дээжүүд, хүнсний зориулалтаар хэрэглэгддэг давс, Монголчуудын эртнээс нааш гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэж ирсэн анар, ногоолин, усан болор, гартаам, чүнчигноров, замагт гартаам, мана, оюу, номин, пийсүү зэрэг үнэт чулууны дээжсүүд тавигджээ.
Шувууны танхим: Монголд нийт 469 зүйл шувууд бүртгэгдсэн бөгөөд бүргэд, тас, элээ, шонхор зэрэг махчин том шувууд, хотон, өрөвтас, гангар хун, халбаган хошуут, цагаан тогоруу, ангир, галуу, нугас, цахлай гэх мэт усны шувууд, Монгол орны тал хээрийн болон ойн шувуудын чихмэлийг байрлуулжээ. Үүдний танхимд Монголын улаан номонд орсон аргал угалз, янгир, хандгай, буга, зээр зэрэг амьтдын эврүүдийг хананд өлгөж үзүүлжээ.
Палентологийн олдворын танхим: Үндсэн 4 тасалгаанаас бүрдэх бөгөөд эдгээрээс хэдэн арван сая жилийн өмнөх Монголын байгалийг харах боломжтой. /Жич: Энэ танхимд дүрс бичлэг хийх, фото зураг авах хориотой/ 60-80 сая жилийн өмнөх чулуужсан мод, нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан арьс, хуягт үлэг гүрвэл, шүдгүй мөртлөө махан идэшт үлэг гүрвэл, шувууны өвөг гэж тооцогдох нисдэг үлэг гүрвэл, зузаан зулайт үлэг гүрвэл, тэмээн хяруул хэлбэрийн махан идэшт үлэг гүрвэл, 14-15 метр өндөр 2-3 тонн жинтэй аварга том махан идэшт Тарбозавр, өвсөн тэжээлт Завроподын сүүжний яс, үлэмж том урд сарвуу зэрэг олдворууд байдаг. Энэхүү том сарвуу нь дэлхийн палеонтологийн олдворын хамгийн ховор нандин олдворт тооцогдож байна. Хойд талын хананы зураг бол 1981 онд зурагдсан бөгөөд Монголд олдсон 60 гаруй үлэг гүрвэлээс 7 төрлийг нь дүрсэлсэн. Навчны чулуужсан ул мөр, ургамлын ор мөрнүүд, 1995 онд Монгол Японы хамтарсан экспедицийн олсон эвэрт үлэг гүрвэл Протокэратопсын олон зулзага бөөнөөрөө чулуужсан олдвор, “хоорондоо тэмцэлдэж байгаагаар үхсэн” өвсөн тэжээлт болон махан идэшт үлэг гүрвэлийн олдвор зэрэг нь тус музейн хамгийн үнэт олдворууд юм. Үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр, цэнгэг усны болон хуурай газрын яст мэлхийн хуяг, хөхтөн амьтан болох савагт хирсийн толгойн яс, дунд чөмөгний яс, савагт хирсийн араг яс, 70 сая жилийн өмнөх цэнгэг уст загасны чулуужсан ул мөрнүүд, хирс үхрийн араг яс, одос үхрийн эвэр, хөхтөн амьтдын эрүү шүд, тэмээн хяруулын өндөг, арслан зааны үлдэгдэл зэрэг олдворууд байдаг. Арслан заан ойролцоогоор 10 мянган жилийн өмнө устсан амьтан бөгөөд хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарч байсан аварга хөхтөн амьтан юм.
Ургамлын аймгийн танхим: Одоогоос 4 сая жилийн өмнө ургамал ургах тохиромжтой орчин нөхцөл бий болжээ. Монголын унаган ургамлыг говийн бүс, хээрийн бүс, ойт хээрийн бүсийн ургамал гэж ерөнхийд нь ангилах ба тэдгээрийг харуулсан ургамлын хатаамал бүхий үзүүлэн байдаг. Мөн ургамлыг зориулалтаар нь эмийн, эфирийн тост, эдээлэх, будагт, хүнсний ургамал гэж ангилан үздэг бөгөөд тэдгээрийг ялган харуулсан үзмэрийг дэлгэн үзүүлжээ.
Хорхой шавьжны танхим: Монголд 270 овгийн 13 мянган төрлийн шавьж байдаг. Энэ танхимд голио, царцаа, малын ширх, бүүрэг, цох, эрвээхэй, сарьсан далавчтан, хортон шавьж, аалзны төрлүүдийг харуулсан байдаг.
Загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын танхим: Монгол 76 төрлийн загастай. Дархадын цагаан загас, Хөвсгөлийн омуль, Сибирийн хилэм, тул, зэвэг, хадран, гутаар, алгана, цурхай зэрэг загаснууд, рашаан, булгийн могой, 20 гаруй төрлийн гүрвэлийн төлөөлөл, Монгол дахь хэвлээр явагч, хоёр нутагтан амьтадын тархацыг харуулсан зураг зэргийг байрлуулсан байдаг.
Тэмээний үзэсгэлэнгийн танхим: Тэмээний үс ноосоор хийсэн гар урлалын зүйлүүд, тэмээний сэдэвтэй ил захидал, тэмдэг, зурагт хуудас, тэмээний тухай судалдаг хүмүүсийн тухай, тэмээний араг яс, бүтэн чихмэл, тэмээгээр сэдэвлэсэн зохиол бүтээл, уран зураг, уран бичлэг зэрэг бүхий л зүйлүүдийг дэлгэн үзүүлсэн байдаг. Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнөөс тэмээг гаршуулан маллаж ирсэн бөгөөл 2000 жилийн өмнө Хүннүгийн үед тэмээний уралдаан зохион байгуулдаг байжээ.
Шувуу ба хөхтөн амьтдын онолын танхим: Хөхтөн амьтдын үр хөврөл, өсөлт хөгжилтийг харуулсан үзүүлэн материалууд тавигдсан байдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энд үзүүлэнт дадлагын хичээл хийдэг ажээ. Ой тайгын амьтдын танхим: Монголд 140 орчим төрлийн хөхтөн амьтан бий. Хамгийн том хөхтөн болох хандгай, буга, ойн бодон, хүрэн баавгай, хүдэр, минж, булга, хадны суусар, өмхий хүрэн, үен, зэгсний баавгай зэрэг амьтадын чихмэл бий.
Говийн бүсийн амьтадын танхим: Монголоос өөр хаана ч байхгүй хавтгай, хулан, мазаалай баавгайнаас гадна дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, цагаан зээр, дагуурын зараа, тахь гэх мэт ан амьтадын чихмэл, хүй нэгдлийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж хэрэгслүүд, хүй нэгдлийн үеийн хүний араг ясыг орчин үеийн хүний араг ястай харьцуулан тавьсан үзмэр бий.
Хаяг: Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно.
Утас: 70110183
Жич: Байгалийн түүхийн музей 2013 оны 6-р сараас эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоогоод байна. Тус музей байрлаж байгаа барилгыг нурааж, суурин дээр нь орчин үеийн музейн зориулалтын барилга барих ажил хийгдэнэ гэж мэдээлж байгаа болно. Доторхи үзмэрийг энд тэнд шилжүүлээгүй байгаа ба хурааж буулган хадгалж байгаа гэсэн мэдээтэй байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.