Монгол улсын Засгийн газрын
2005 оны 136 дугаар тогтоолоор Төрийн
түүхийн музейг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө
цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон байгуулах шийдвэр гаргасан ба 2012 оны 1
дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор нээгдсэн. Музей нь Парламентийн түүхэн
хөгжлийн танхим, Шүүх засаглалын түүхэн хөгжлийн танхим, Төр ёсны түүхэн
хөгжлийн танхим, Гүйцэтгэх засаглалийн түүхэн хөгжлийн танхим гэсэн байнгын
үзүүллэгийн 4 танхим болон түр үзэсгэлэнгийн танхимтай.
Парламентийн түүхэн хөгжлийн танхим: Эртний улсуудын
хаадуудын гаргасан хууль, зарлиг шийдвэр нь нийт улсын хэмжээнд заавал мөрдөн
дагах ёстой хууль байсан. НТӨ III зуунаас ХX зууны эхэн хүртэл үед хууль
тогтоох эрх мэдэл нь Хаант засгийн бүх эрхэнд хамаарч байлаа. 1924 онд БНМАУ-ын
анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа парламентийн хоёр шаттай байхаар тогтоож тэдгээрийг
Улсын их хурал, Улсын бага хурал хэмээн нэрлэсэн нь хөгжлийнхөө явцад
өөрчлөгдөж өнөөгийн Улсын их хурал болон төлөвшжээ.
Шүүх засаглалын түүхэн хөгжлийн танхим: Эртний
улсуудад хаан болон түүний томилсон түшмэлийн шууд эрхийн хүрээнд байсан шүүх
эрх мэдэл ХХ зууны эхэн, дунд үед хууль тогтоох засаглалын хавсарга маягтай
оршиж байсан. Улмаар 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж түүнд Шүүх засаглалын
эрх үүргийг тодорхойлохдоо бусад засаглалын хараат бус бүрэн бие даасан байхаар
хуульчилж өгсөн нь эдүгээ үйл ажиллагаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөвхөн
хуулинд захирагдан явуулах нөхцөл бүрдсэн байна.
Төр ёсны түүхэн уламжлалын танхим: Монголын
төр ёсны 2200 гаруй жилийн баялаг уламжлалын түүхэн хугацаанд Монгол нутагт
хэдэн арван тооны эзэнт улсыг байгуулж тэдгээрийг 200 гаруй хаад, хангууд
захирч байлаа. Төрийн тэргүүн хэмээх ойлголт нь дэлхий нийтэд хаан эсвэл
ерөнхийлөгч гэх мэт тодорхой эрх мэдэлтэй нийт улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн
бие хүнийг илэрхийлдэг байна.
Гүйцэтгэх засаглалын түүхэн хөгжлийн танхим: Монголын
эртний улсуудад хааны хэмжээлшгүй эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх засаглалын
эртний хэлбэр хэмээх ойлголтыг гүйцэтгэх засаглалд бүрэн хамааруулж байв. Хааны
удирдлага түшмэл хэмээх ойлголтыг гүйцэтгэх засаглалын эртний хэлбэр хэмээн
үзэж байв. Богд Жибзундамба хааны зарлигаар 1911 онд байгуулсан анхны 5 яам
бүхий Засгийн газар нь анхны гүйцэтгэх засаглал болсон ба харьцангуй төрөлжсөн
хэлбэр тогтож түүний тэргүүн буюу Ерөнхий сайд хэмээх ойлголт хүчтэй болж эдүгээ
хүртэл Монголын түүхэнд 29 Ерөнхий сайд томилогдон ажиллаж байна.
Цахим мэдээллийн сан: Монголын Төрийн
түүхийн музей байгуулагдсанаас хойш төрийн өв соёлын хүрээнд мэдээлэл цуглуулан
түүнийг олон нийтэд сурталчилж байна. Тухайлбал, Монголын эзэнт гүрний хаадын
зоос, Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны цаасан мөнгө, өнөөгийн үе хүртэлх
цаасан дэвсгэртүүд, Монгол төрийн бэлгэдлүүд, Бөртэ чино, Гуа маралаас эхлэн
Чингис хаан, түүний Алтан урагийн хаадын тухай зэргийг өгүүлэх цахим
үзмэрүүдтэй.
Монгол төрийн ёслолд хэрэглэж
байсан болон хэрэглэж байгаа сүлд, туг, далбаа, тамга, дууллыг хүндэтгэлтэйгээр
залж, Хубилай хааны зарлигаар 1270 оны орчим бүтээсэн “Арван буянт номын цагаан
түүх” зохиолд дурдсан “Хаан төрийн есөн их бэлгэ”, YIII Богд Жибзундамба хааны
зарлигаар 1915 онд бичигдсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн
бичиг”-т заасан “Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн долоон эрдэнэ”, “Төрийн
хан хуур” зэргийг байрлуулжээ. Эзэн Чингис хааны өлгий нутгаас авчирсан хөрс
шороо, рашаан усны дээж, Чингис хааны Алтан ургийнхны бүтээн дээдэлж ирсэн
хаадын овгийн тамганууд зэрэг олон зуун жил төрөө дээдлэн шүтэж ирсэн
уламжлалыг илтгэх эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ.
Ерөнхий сайд
агсан А.Амарын бичгийн ширээ, нүдний шил, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Ж.Самбуу агсны хэт хутга, Ю.Цэдэнбал даргын тоглож байсан шатар, YIII Богд
Жибзундамба хутагтын хүрэм, 1911 оноос хойш 5 удаа батлагдсан Төрийн сүлднүүд,
ховор түүхэн гэрэл зурагнууд тавигджээ. Төрийн түүхийн музей нь Монгол улсад
анхны цахим музей болох зорилт тавин ажиллаж түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг
судлаачдын тайлбартайгаар нэгтгэн цахим үзмэрийн сангаа баяжуулж байна.
Хаяг: Чингисийн Талбай-6, Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 10:00-17:00 Бямба, Ням 10:00-14:00
Төрийн албаны лавлах утас: 261009
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.