15. МУЗЕЙ, ТЕАТР, СОЁЛЫН ТӨВ

АРХАНГАЙ АЙМГИЙН МУЗЕЙ

1947.07.12-нд “Аймгийн орон нутаг судлах кабинет” нэртэй, 500 гаруй үзмэртэйгээр байгуулагджээ. 1967 онд “Аймгийн орон нутгийг судлах музей” болж, 1997 оноос “Аймгийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Музей нь 1636 оны үед баригдсан Зая гэгээний ордон, Баруун Зүүн сэмчин, Лаврин, Гүдэн, Хөлийн сүм зэрэг 4 барилгыг ашиглан Угсаатны, түүхийн, урлалын, Заяын буюу шашны гэсэн 4 ангитайгаар нээгдэж, үндсэн ба туслах гэсэн 2 сан хөмрөгтэй, “хосгүй үнэт”, “үнэт”, “ердийн” гэсэн 3 ангилал бүхий үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эртний ба дундад  зууны болон сүүлийн үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан чулуу, төмөр, хүрлээр хийсэн багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлүүд, гар үйлдвэрлэл явуулж байсан уламжлал, түүний багаж төхөөрөмж, эртний ба орчин үеийн иж бүрэн хэрэглэлтэй гэр,  цахиур ба төөнүүр буу зэвсэг, харц ард язгууртнуудын хэрэглэж байсан хувцас хунарын зүйлүүдийг хадгалдагаас гадна алт, мөнгө, төмрийн дархан Чавганц, Ерэнтэй, Бат-Өлзий, Манжилжав, Равдан, Мужаан Содов, Галбадрах, уран Шагдар нарын урлан бүтээсэн үндэсний хийц хэлбэртэй гайхамшигт сайхан бүтээлүүд, ахмадуудаас үе улиран хэрэглэгдэж ирсэн үндэсний хөгжмийн зэмсгүүд, тухайн үеийн уран бүсгүйчүүдийн урласан нарийн чамин хатгамалын зүйлүүдээр баялаг юм.

Эдгээр үзмэр дотор XVIII зууны сүүлчээр Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Ерэнтэйн урласан хэт хутга, хэт бэл, Бэйсийн хүрээнд эдэлж хэрэглэж байсан Манжилжав уран дарханы бойпор, Далай Чойнхор вангийн хошуу Чавганц дарханы домбо, Заяын хүрээний лам Дамчаагийн хэрэглэж байсан хаш аяга, Луу гүний Вандан аваргын хэрэглэж байсан хэт хутга, Ооромбо гэгээний хэт хутга, Сайн ноён Ханы хэрэглэж байсан мөнгөн хөөрөг, Агь ноён Артагсэдийн эдэлж хэрэглэж байсан Зандан модон иштэй сунтаг, Луу гүний хошуу Ширзагдын эдэлж хэрэглэж байсан зааны ясан, мөнгөн тоногтой хэт хутга, Шиваа ширээтийн шавь Жаргалын шавар хөөрөг, Ширээт гэгээний гэсгүй лам Базарсэдийн гурван үе дамжин эдэлж хэрэглэж байсан мөнгөн нуух, шүрэн толгойтой чулуун хөөрөг, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан шүүсний хутга, Зая гэгээний 14 нас хүртлээ хэрэглэж байсан хар минчүүн шаахай, Хулсан хавчуургатай дэвүүр, зүү ороож хээ угалзаар чимэглэсэн ариун цэврийн иж бүрдэл, Зая гэгээн Лувсантүвдэнчойжийнямын эхнэрийн хэрэглэж байсан толгойны гоёл чимэглэл, Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан бурхан шүтээний эд зүйлүүд болон маш олон онцлог содон үзмэрүүд хадгалагдаж байдгаараа онцлог юм.

Цагийн хуваарь:
      5-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл: 10:00 – 19:00 цаг хүртэл
      10-р сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл: 10:00 – 17:00 цаг хүртэл, Нямд амарна.

Тасалбарын үнэ:
      Гадаад хүн 5000 төг
      Монгол хүн 2000 төг
      Хүүхэд 1000 төг
      Видео бичлэг хийх - 10000 төг
      Фото зураг авах - 5000 төг

Холбогдох утас: 99228889, 70332281

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0