Малчин ардууд эсгийг ихэвчлэн 8 дугаар сарын дундуур хийдэг. Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд, тухайн жилийн зун хяргасан эр хонь, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахарын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноос хамаарна. Эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. 2 метр өргөнтэй, 4-5 метр урттай эсгийнд ойролцоогоор 50-60 кг ноос ордог.Эсгий хийх арга ажиллагаа 3 үе шаттай явагддаг бөгөөд эхлээд ноосоо зулна, дараа нь услаад эсгийгээ татах буюу чирж нягтруулдаг. Цэнгэг устай худгийн ойролцоо эсгий татах, зулахад тохирсон, тэгш сайхан талбайтай газрыг сонгоно. Эсгийний усалгаанд зөвхөн худгийн усыг хэрэглэнэ. Нуурын ус нь эсгийг шарлуулдаг учраас хэрэглэдэггүй. Хамгийн түрүүнд ноосоо дэвсгэр дээр дэлгэж 7 хоног орчим үдийн наранд сайтар хатааж хогийг нь цэвэрлэнэ. Хатаасныхаа дараа ноосоо савж эхлэх ба ноос савахад хэдэн ч хүн орж болно. Хүн бүр хоёр саваа мод хэрэглэх бөгөөд дунджаар 20-25 минут савна. Ноосоо савж гүйцсэний дараа савсан хэсэг тус бүрийг хуйлна. Дараа нь хуйлсан ноос эрчилж чангараад мушгирч ирэхээр нь үзүүр хэсгийг дотор нь оруулж тэр чигээр нь эсгий хийх хүртлээ чийг авахуулахгүй хадгална.
Эсгий татах өдөр лам залж ном уншуулна. Эсгий татах хүмүүс болон чирүүлэх азаргаа товлоно. Эсгийг голдуу азаргаар татаж чирдэг бөгөөд говь газар бол тэмээгээр татдаг байжээ. Эсгий хийх нь шүүстэй буюу шүүсгүй гэж хоёр янзаар нэрлэгддэг. Хонь гаргаж найр хийвэл шүүстэй хэмээдэг бөгөөд дан цагаан идээгээр цайлж байвал шүүсгүй хэмээн нэрлэгдэнэ. Хонины ноос өөрөө зунгагтайн дээр ямааны тосоор тосолж орхивол борооны ус нэвчдэггүй байна. Эсгийний өнгийг цайруулахын тулд ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ. Орчин үед үйлдвэрийн аргаар эсгийг зунгагнаас нь салган цэвэрлэж угаасан ноосоор эсгий хийдэг болсон.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.