МОНГОЛ СУРЫН ХАРВАА

Сурыг ууган спортын нэг гэдэгтэй цөөнгүй эрдэмтэд санал нэгддэг. Бүр чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтөн хавчаахай нумыг ан ав хийхдээ хэрэглэж эхэлсэн учраас тэр. Яс чулуун зэвтэй сум бүхий хавчаахай нум Монголын анхны төрт улсын үед хэлбэрээ өөрчилж, Хүннүгийн авьяаслаг гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болсон нь өнөө цагт хэрэглэж буй нумын үндсэн хэлбэр болсон байна. Зөвхөн ан ав, цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан нум сумыг удалгүй баяр наадмын үеэр хэрэглэх болсон нь баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс үндэсний сур багаар бодоход 2000 жилийн настай гэсэн үг ажээ. Энэ цагаас сумны хэлбэр хийц ч өөрчлөгджээ. Хүрэл болон төмрөөр зэвийг нь хийж, хойд хэсгийг нь өдөлсөн нь сумны цэцийг сайжруулсан байна. Түүнчлэн түүхэн сурвалжуудад ирвэсийн шөрмөст болон буга, хандгай, янгир, үхрийн эвэр, элэгт гэх олон төрлийн нумны нэр дурдагдсан байдаг. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогоос хамаарч нумаа өөр өөрийн арга барилаар хийж байсныг гэрчилдэг. Эрийн гурван наадмын нэг болтлоо өргөжиж, монголчуудын дунд түгэн дэлгэрсэн сур харваа эрт цагт өвөрмөц заншилтай байжээ. Харвааны үе хэмээх эл наадамд мэргэ, шил, ноё, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх бөгөөд тус бүрт дөрвөн харваач оролцоно. Тэгэхдээ мэргэ үед зөвхөн алдар цуутай мэргэн харваачид өрсөлддөг бол далд үед харьж яваа, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүдэг байсан ажээ. Он цаг улирах тусам өргөжин тэлж, хэлбэр нь баяжин, дүрэм нь боловсронгуй болсон сур харваа цуваагаар болон багийн, холч зэрэг төрөлтэй байснаа өдгөө халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах болсон.

Хамгийн эртнийх нь бөмбөг намнах тоглоом. Монгол цэргүүд тайван цагт наадахын зэрэгцээ бэлтгэлээ базаах боломж олгодог цөөн наадмын нэг нь бөмбөг намнах тоглоом байжээ. Бүр Хүннү, Киданы үеэс үүсэлтэй уг тоглоом нь 20-иод метрийн зайтай газарт байгаа байг морины давхиан дунд богино модон сумаар харвах дүрэмтэй. Гэхдээ бай нь нэг биш нилээн хэд байх бөгөөд тус бүр арваад метрийн зайтай босоо шон байрлуулж, оройд нь гурван бөмбөг өлгөн түүнийгээ намнадаг байжээ. Улмаар бай хоорондын зайг ойртуулснаар оролцогчдоос хурд шаардах болсон гэдэг. Богд хаант Монгол Улсын үед ч тоглосоор байсан бөмбөг намнах тэмцээний шалгуур өндөрссөн ч бүх байг алдалгүй харвадаг хүн олон байсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг байна.

Нум сум: Чулуун зэвсгийн үеэс хүн төрөлхтөн хавчаахай нумыг ан ав хийхдээ хэрэглэж эхэлсэн бөгөөд Хүннүгийн үеэс одоогийн үндсэн хэлбэрийг олжээ. Зэвийг нь хүрэл болон төмрөөр хийж, хойд хэсэгт өд суулгаснаар сумны цэцийг сайжруулжээ. Нумын олон төрөл байсан нь монголчууд өөр өөрийн арга барилаар хийж байсныг гэрчилдэг. XIII зууны үед айл бүрт морин хуураас гадна нум сум байсан төдийгүй эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монголчууд хавчаахай, нарийн хийцийн, холхивч нум гэсэн гурван төрлийн нум хэрэглэдэг.

Нум нь хөвч, гичир, их бие, бариул, шийр, хайгуул гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Харваач хүн нум, сум, эрхийвч, ханцуйны боолт, бүсэвч буюу агсуурга, ховд (сум хийх сав), хоромсог (нум хийх сав) -той байна. Харваач хүн дөрвөн сумтай байх бөгөөд хус гэх мэт хөнгөн модоор хийнэ. Урт ба жинг адил тэнцүү байхаар тооцоолно. Говийнхон хатуу нумтай байдаг учраас чигээр нь шууд харвадаг бол хангай газрын хүмүүс дээшээ чиглүүлэн харвадаг хөнгөн нумтай.

Сурын харваа: Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь Богд хаант Засгийн үед ихэд сэргээжээ. Харвааны үеийг мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүдэд хуваадаг байсан бөгөөд мэргэ үед зөвхөн алдар цуутай харваачид өрсөлддөг байв. Далд үед харьж яваа харваачид, шувтарга үед удахгүй цахиур хагалах ирээдүйн аваргуудыг өрсөлдүүлдэг байжээ. Он цаг улирах тусам өргөжин тэлж, хэлбэр нь баяжин, дүрэм нь боловсронгуй болсоор эдүгээ халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сурын харваа зохион байгуулагддаг. Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг.

Урианхай сурын харваа: Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ наадмын төрөл болсон бөгөөд үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж оролцогч тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Тэрхүү суран байг “чих” хэмээнэ. Эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”,  гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ. Эцэст нь баг, оролцогч бүр дүнгээ гаргана.

Урианхай сурыг шашны зан үйлээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ. Урианхайчууд сур харвах нь тэр жилд тохиох сайн сайхан үйл явдлыг дууддаг хэмээн үздэг тул баяр ёслол, эсвэл таагүй тохиолдол бүрт сур харвуулдаг заншилтай байжээ. Тиймээс ч хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эл өдөр харваачид наадмаа эхлүүлэх бөгөөд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг дүрэмтэй. Саранпай хэмээн нэрлэх байг оролцогч тус бүр таван сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Нэгэн цагт үхрийн шир харваж байсан урианхайчууд орчин үед хуйлсан сураар бай хийх болсон. Түүнийгээ чих гэх бөгөөд эхний онох чихийг магнай хэмээн нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Энэ мэтчилэн 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг нь “ганзага”, 4 дэхийг нь “уяа” гэнэ. Хэн хичнээн оносныг тусгай самбарт тэмдэглэн, эцэст нь баг оролцогч бүрийн дүнг гаргаж, харваач бүр өрөг дуусахад ядаж, “өөрийн” хоёр чихээ оносон байх шаардлагатай. Эс чадвал “хамба суулгана. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл. Өөрөөр хэлбэл, харвах эрхийг нь хасаж байгаа хэрэг ажээ.

Буриад сурын харваа: Байны сур нь бортого хэлбэртэй, 8 х 10 сантиметр хэмжээтэй. Харин талбайг нь засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд түүнээс 2.2 метр зайтай зурхай татаж харвадаг. Буриад харваа нум төдийгүй сум нь ч багагүй онцлогтой. Нумаа эртнээс эвэр элэгтэй хийж байсан буриадууд их бие болон сумаа ихэвчлэн хулсаар хийдэг заншилтай. Ихэнх нутагт элэгт элгийг хайнагийн эврээр хийдэг бол цөөн хэсэг нь буга, хандгайн эвэр ашигладаг байжээ. Түүнчлэн нумаа урт, богино янз бүрийн урттай хийж, түүнийг их болон бага гарын гэж ангилна. Энэ нь харваачийн биеийн өндөрт тохируулдагтай холбоотой гэнэ. Он цагийн хэлхээ буриад   харваа, нум сумыг ч өөрчлөөд амжсан байна. Байг ихэвчлэн сураар хийдэг байснаа больж сүүлийн үед ноос, даавуу ашиглах болжээ. Иймд сумныхаа болцуунд тах хийдэг байснаа больжээ. Одоо хэрэглэж буй буриад сур бортого хэлбэртэй, 8х10 см хэмжээтэй. Харин талбайг нь засахдаа эхлээд сураа нэг эгнээ цувуулан өрөөд түүнээс 2.2 м зайтай зурхай татах бөгөөд түүнийгээ “зураахай” эсвэл “ганга” гэнэ. Мөн зарим нутагт уг талбайгаа нийтэд нь зураахай гэх нь ч бий.

Халх сурын харваа: Байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд 30 сур өрж харвана. Сур гэдэг нь уран гоёмсог, бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, хөндий суран сүлжмэл юм. Сураа давхарлан тавьсныг домбо гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд гурав гурван хасаа хөндлөн тавина. Түүнийгээ хүзүү гэнэ. Голын хоёр домбо нь улаан байна. Хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг зурхай гэнэ. Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ.

Хасаа харваанд зөвхөн эрчүүд 20 сум тавьж харвадаг. Эрэгтэйчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвана. Нэг удаад дөрөв дөрвөн сум тавьж харвахад зурхай дээр буй шүүгчид уухай хашгиран дэмжинэ. Хүүхдийн харваанд эрэгтэй  нь 18-аас доош насны бол насыг нь дөрвөөр үржүүлээд харвах зайг нь тогтоодог. Эмэгтэй нь 18-аас доош насны бол насыг нь гурваар үржүүлээд харвах зайг нь тогтоодог. Хүүхдүүд тус бүр 20 удаа сум тавьж уралддаг.

Сурын уухай: Сур харвахад нэгдүгээрт урьж уриалсан уухай, хоёрдугаарт байгаа оносон баярын уухай, гуравдугаарт угтан авсан самбарын уухай гэж гурван янзын уухай байдаг. Уухай нь харваачдын сүр хүч, онч мэргэнийг бахдан магтаад зогсохгүй дуу хөгжмийн нэгэн төрөл зүйл болно. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол олгодог. Нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, хоёр түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, гурав түрүүлбэл “Улсын  гоц мэргэн”, дөрөв түрүүлбэл “Улсын гарамгай мэргэн”, тав түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, зургаа түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгодог. 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0