ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

Улаанбаатар хот болон аймаг, сумын морин уралдаанд нийтдээ жилдээ 20-30 мянган морьд уралддаг. Хурдан морины уяа сойлгыг буруу тааруулбал 10 километр ч давхиж чадахгүй, уяа сойлго нь зөв байвал 40, 50 километр байсан ч давхиад барианд ордог онцлогтой. Уяачид хурдан удамтай хүлгийг сонгон жилийн дөрвөн улиралд унаж хөнгөрүүлэн наадам болохоос сарын өмнө уяа сойлгонд оруулж өвс усыг нь тохируулдаг. Морьдыг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар уралдуулна. Их нас 25 километр, азарга, соёолон 20 километр, хязаалан 18 километр, шүдлэн 15 километр, даага 10 километр зайд уралддаг.

Уяач хүний эрхэм зүйл нь хурдан морины хазаар, хударга, хусуур, сойз, гөхлийн боолт, гөрөөсний шилбэн ташуур, хүүхдийн эмээл болно. Хуульд зааснаар хурдан морийг 7-13 насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна. Мөн толгой, өвдөг, тохойны хамгаалалт зэргийг заавал хэрэглэхийг шаарддаг. Хүүхдийг хөнгөн байлгахын тулд шар будаанаас өөр хүнд хоол идүүлдэггүй  уламжлалтай. Морины хүүхдийн цамц, шовоодой (малгай), өмд, хантааз, нөмрөг зэрэгт шувуу, соёмбо, эрвээхэй, таван хошуу зэрэг морио хурдан байхыг бэлгэдсэн агуулгатай хээ дүрсийг урлан хийдэг.

Морины хүүхдүүд уралдахын өмнө наадмын талбайг гурав тойрч, “гийнгоо” аялан морьдоо сэргээн хөөрүүлдэг. Гийнгоо гэдэг хоёр үгийг аялахдаа 32 хүртэл тоолохтой тэнцэх уртаар аялна. Сайхан гийнгоолдог хүүхдийг наадамчид хошууран дагаж, унасан морь нь суниах, газар цавчлах, алсыг харах зэрэг олон янзын хөдөлгөөнд ордог. Гийнгоо нь адууны тэнгэр Дамдинсамдүв (Хаянхярваа) бурхны зүрхэн тарни болох “марзий нам суха” хэмээх уншлага  бөгөөд адууны сүлд бурхны ивээлийг тэтгэсэн уриа ажээ. Домогт өгүүлснээр, эрт цагт Гийн гэдэг ядуу хүү хааны наадамд оролцож Гоо гэдэг даагаа уралдуулахаар ирсэнд хаад баячууд ядуу хүүг гадуурхаж наадамдаа оруулахгүй гэжээ. Тэгэхэд хүү “гийнгоо” хэмээн яруу сайхнаар уянгалуулан аялсанд баячууд уярч хүүг наадамдаа оролцуулжээ. Үүнээс хойш “гийнгоо” аялдаг болсон гэдэг. 

Түрүүлсэн моринд “Түмний эх” гэдэг цол олгоно. Мөн баяр наадмыг хөгжөөн наргиантай болгох зорилгоор дааганы уралдаанд хоцорсон хүүхэд ба дааганд “Баян ходоод” гэдэг цол олгодог. Унасан хүүхэдтэй нь наадмын дэвжээн дээр гарган ганзаганаас нь хонины чанасан ходоод уяад түрүүлсний адил бай шагнал өгч, “энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болоорой” гэж ерөөдөг. Хурдан морь нь дөрөв түрүүлсэн, эсвэл найман удаа айрагдсан уяачид “Улсын алдарт уяач”, хурдан морь нь зургаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид “Улсын манлай уяач”, хурдан морь 10 удаа түрүүлсэн эсхүл 20 удаа айрагдсан уяачид “Улсын тод манлай уяач” цол олгодог.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0