Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий нутаг ажээ. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх болсон бололтой хэмээн судлаачид тайлбарладаг. Халхын гурван том тойрмын хоёр нь одоогийн Булган аймагт байжээ. Мөн Дорноговийн Луугар, Төв аймгийн Бадын бөөр, Богд хааны таалсан Сэрвэн сухай, Хонхор гэх мэт алдартай тойрмууд бий. Их хатан Дондогдулам ордны урчууд, үйл үртэс хийдэг хүүхнүүдээ шагай харвуулаад сургачихсан бөгөөд тусгай баг бэлтгэж “уран” Янжин гэдэг бүсгүйгээр ахлуулаад олон удаагийн наадамд оролцуулсан нь сүүлдээ “Зуутын алтан Янжингийн баг” гэдэг алдар цуутай болжээ. Тэд их хатны ивээлд багтан түүний зөвшөөрлөөр ноёд баячуудыг цэнгүүлэх маягаар бооцоотой хүртэл харвадаг байсан гэдэг. Ийм учраас шагай нь зөвхөн эрчүүдийн наадам биш байжээ. 1970-аад онд Дундговийн театрын жүжигчин бүсгүйчүүд сайн харвацгаадаг байжээ. Социализмын үед сум, сангийн аж ахуйн ажлыг цалгардуулахгүйн тулд шагай харвахыг хориглосон учир эрчүүд нууцаар цуглан тоглодог байв.
Шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ. Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг.
Шагайн харвааны үеэр уухайлдаг бөгөөд өөрийн талын аялгуулах уухайнд харваачдын цэц нэмэгддэг бол эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алддаг. Уухай нь төв халхын уухай, дөрвөд далай ханы, баяд урианхайн боржигон уухай гэж нутаг оронд өөр өөр байдаг бөгөөд наадмын үеэр голдуу Төв Халхын боржигон уухайгаар наадах болжээ. Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа юм.
Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.