Монголчууд эртнээс нохойгоо зодож цохихыг хориглон, хороож устгахыг “муу ёр” гэж үзэн цээрлэж нохой алсан хүнийг “монголоо алдсан хүн” хэмээн жигшин зэвүүцдэг байжээ. “Монгол Ойрдын цааз бичиг”, “Халх журам” зэрэг эртний хууль цаазын бичигт нохой алахыг хориглосон байдаг. Нохойгоо барс шиг хүчирхэг, арслан мэт сүрлэг, хангарьд шиг хурдан, луу адил догшин байтугай хэмээн бэлэгшээж хөрөнгө малыг хамгаалагч, буяныг түшдэг ивээлт амьтан гэж үзэн өрх гэрийн ам бүлээр тооцдог байжээ.Монголчууд нохойг гөлөгнөөс нь эхлэн шинжин таньж тусгай ёслол үйлдэн тэжээж өсгөдөг байжээ. Тухайлбал, өөрийн сонгосон гөлөгний эзэнд хадаг барьж, эх жингэрт нь шар будаа чанаж өгч цадтал хооллоод гөлгөндөө тэмдэг зүүн орхидог ёс түгээмэл байжээ. Сайн нохойн шинж нь холч бүдүүн дуутай, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ өндөр, сүүл хонхорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг байдаг. Ийм болгоход тэжээн тэнхрүүлсэн байдал голлох боловч бас нохойн өөрийнх олон шинж тэмдэг нөлөөтэй гэж үздэг. Жишээлбэл, дөрвөн нүдтэй, улаан халтар зүсмийн нохой нь нар сар хиртэхэд ээлтэй, шөнө элдэв муу юм ирэхэд үзэж хөл хорьдог. Зүрх цагаан, хар зүсмийн нохой нь зориг хүчтэйн дээр Махгал бурхны хөлөг тул тэжээх дуртай. Тас хар зүстэй улаан нүдтэй нохой зоригтой, хүч чадал ихтэй байдаг. Дөрвөн хөлний тавхайны үзүүр төдий нь цагаан, хар халтар нохой нь ембүү атгасан шинжтэй бөгөөд эзэндээ хишиг буян дууддаг хэмээнэ. Улаан хумстай нохой хишиг буяныг тогтоодог гэж үздэг. Сайн зүснээс гадна муу зүс гэж байдаг. Дөрвөн хөл шийр цагаан, ялангуяа урд хоёр хөлийн цагаан нь лав бол эзэндээ ханцуй шамласан мэт муу бүхнийг дуудна. Эрүү нь цагаан нохойг буян хишиг нь эрүүгээ даган савирсан гэнэ. Сүүлний үзүүр цагаан нохойг чөтгөр далласан хулгайч шинжтэй хэмээнэ. Цагаан шар зүсмийн нохойг малчин айл тэжээхээс цэрвэдэг байсан нь чонын өнгөтэй нохойтой хамт байсан мал чоныг нохой хэмээн андуурч улмаар түүний идэш болдог хэмээн цэрвэдэг байжээ.
Анч сайн нохойг шинжих ёс бий. Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг ажээ. Анч нохойтой болох хүсэлтэй хүн дээрхи биеийн галбирыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог ажээ.
Тэжээх нохойгоо шинжиж үзсэний дараа нохойгоо өдрийн сайныг сонгон байж гэртээ авчирна. Гөлгөө үүдээрээ оруулж сүү долоолгоод, дараа нь хооллож арслан шинжтэй сүрлэг том нохой болоорой гэж ерөөгөөд чихний уг, сүүлний үзүүр хоёрт шар тос түрхдэг. Нохойдоо учир бэлгэдэлтэй сайхан нэр өгдөг. Ингэхдээ хүч зориг ихтэй араатан жигүүртний нэр, зүс өнгө төрх, зан байдлыг бэлэгшээсэн нэр өгдөг байсан бөгөөд овог угсаа, хүн, гариг эрхсийн нэр өгөхийг цээрлэдэг байжээ. Элдэв галзуу зэрэг өвчин тусахаас сэргийлж хойлог; хурдан гавшгай, хүч чадлыг бэлгэдэн харцага, шонхор, арслан баавгай; галбир төрх, өнгө зүсийг нь харгалзан цагаадай, халтар, бор, паанай гэх зэргээр нэрлэдэг байжээ. Монголчууд нохойдоо түүхий мах өгдөггүй, заавал болгож өгдөг байсан нь цусны амтанд дасгаж, зэрлэгшиж, золбиншихоос нь сэргийлсэн утгатай юм. Нохойдоо тураг мах зэрэг амтлаг хоол өгөөд байдаггүй ч найр хурим, цагаан сар зэрэг баяр ёслолын үед “нохойн хувь” гэж идээний дээдийг оролцуулан өгдөг нь өрх гэрийн нэгэн гишүүн гэж үздэг уламжлалтай холбоотой. Нохойн идүүрийг “хишгийн хүрээ” гэж үзэн дээгүүр нь харайхыг цээрлэдэг.
Нохойтой холбоотой зарим ёс заншил байдаг. Тухайлбал, хүүхэд унасан шүдээ өөх буюу маханд боож “миний муу шүдийг авч сайн шүднээсээ өгөөрэй” хэмээн өгдөг. Энэ нь нохой мэт бат бөх хурц сайхан шүдтэй болохыг бэлгэдсэн хэрэг юм. Нохой хөрвөөвөл олз орохын дохио, хоол идэж байгаад хахвал баяжихын дохио, айлын нохой өөрөө урваж ирвэл өөдлөн дэвжихийн дохио хэмээн ихэд бэлэгшээдэг. Харин айлд урвасан нохойгоо буцааж авдаггүй. Монголчууд нохойгоо үхэхэд нь зөнд нь орхидоггүй бөгөөд газрыг нь тойруулан зурж, цогцсыг нь тэндээс холдуулан толгойг нь баруун зүг хандуулж энгэр газар тавих бөгөөд сүүлийг нь таслан дэрлүүлж, аманд нь шар тос хийгээд “хойд насандаа хүн болж төрөөрэй” гэж ерөөн орхидог заншилтай.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.