Морь, тэмээгээ 10 хоногийн өмнөөс бэлдэж, аян замын хувийн бэлтгэл хангаж, өдөр цаг товлон алсын аянд гарна. Аян замд чоно таарвал өлзийтэй сайн явна гэдэг. Хэрвээ үнэг таарвал заль мэхтэй тааралдаж ажил явдалд саад болно гэж үздэг. Олс дээс, сур тааралдвал олз омогтой явах нь гэж бэлгэшээдэг. Тэмээг жинд эдлэх тохиромжтой үе бол ид өвлийн үеэс хаврын тэргүүн сар хүртэл юм.
Тэмээг жинд тохирч байгаа эсэхийг шалгахын тулд хорголыг нь өглөө гараар имрэхэд чийггүй байвал уяа сойлго гүйцсэний шинж гэж үздэг. Нэг жинд арван тэмээ оноохоор бодож, хорин тэмээг нэг баазын хөсөг болгон хоёр аянчин нэг гал болж явах горимтой. Аян жинд явахдаа тэнд энд бууя гэж урьдчилан тооцдоггүй. Явуулын хүн тааралдвал зөв талаар нь зөрж мэнд амараа асуух ёстой. Ачааны сүүлд яваа жинчин “хий хойг” гэж дуугарахад жингийн түрүүнд яваа ачаа хөтлөгч “хай хөөг” гэж дохио өгнө. Энэ нь жингийн явдал таарч байна гэсэн үг. “Хойг хойг” гэж олон удаа дуугарвал, энэ нь жингийн явдал алхаа ширүүдэж байна гэсэн дохио юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.