ГҮҮНИЙ ҮРС ГАРГАХ БУЮУ ГҮҮ БАРИХ

Зуны эхэн сард малчин айл соргог сайхан бэлчээр, ус ургамал тэгширсэн газарт буудаллаад тухайн сарын өлзий тэгш бар өдрийг сонгож гүүгээ барьдаг нь эртний уламжлал юм. Гүү барих бар өдөр хавь ойрын айл саахалтын хүмүүсийг урина. Өглөө эрт зэлээ татаад тухайн жилийн хавар хамгийн түрүүнд төрсөн ууган унагаа эхэлж барьдаг. Олон унаганы манлай гэдэг утгаар нь хүндэлж, түүний хүзүүнд хадаг уясны дараа гүүгээ барьж амлуулдаг ёстой.

Эхлээд гүүг эрэгтэй хүн сааж, анхны саамыг уурганд дүүжлэн хоёр морьтой хүн дамжлан гүүн зэлийг нар зөв гурван удаа тойрох бөгөөд энэ ёсыг үйлдэхдээ есөн нүдэт цацлын халбагаар дөрвөн зүг найман зовхисын тэнгэр бурхан, уул хангайд цацал өргөж, “цөөн цөд” (Уг нь “цэгээнд цад” гэсэн үг байжээ сунжирсаар цөөн цөд болжээ) хэмээн уянгалан дуулна. Цацал өргөхдөө цагаан, халиун зүсмийн морьтой есөн хүн дагалдан явдаг нь адууны тэнгэр Далх бурхан ийм хүлэгтэй гэдгээс үүдэлтэй ажээ. Ингэж цацал өргөсний дараа зэлний хоймор талд арц уугиулж, хүж асаагаад зэлний ойрхон ширдэг дээр ширээ засаж тавина. Идээ цагаанаас тухайн айлын бүсгүйчүүд ирсэн хүн бүрт дээжлэн барьж, ерөөлч ерөөл хэлсний дараа урьдчилан чанаж зэхсэн хонины шүүс махаар хувь хүртээнэ. Гүүний сан тавьж үрсний ёслол үйлдсэнээс хойш намрын сүүлч хүртэл унагаа уяж, гүүгээ өдөрт 6-8 удаа саадаг бөгөөд гүүгээ тавихдаа нохой өдрийг сонгодог.

Эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож, унагыг тамгалдаг. Тэгээд ”тамга тасам болог” гэж ерөөх нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань гээд арваад төрөл байдаг. Социализмын үед дэлхийн II дайныг өдөөсөн Гитлерийн фашизмын бэлгэдэл нь хас тэмдэг байсан учраас хас орсон тамга бүрийг устгаж байжээ.  Уг нь үргэлж мөнхөд тасралтгүй оршин байхын билэгдэл агуулсан Монгол адууны тамга юм.

Намрын адаг сарын бар, нохой өдрийг товлож унагаа тамгалдаг. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай. Энэ үед адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр нэг унага зүсэлж тавьж уралдуулдаг. Тухайн хүн хийморь лундаагаа үзэж байгаа хэрэг ажээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0