2017 оны мал тооллогын дүнгээр Монгол улсад 66,218,959 мал тоологджээ. Хамгийн их малтай аймагт Өвөрхангай (5,743,530), Хөвсгөл (5,297,810), Архангай (5,291,750), Төв (4,685,130), Баянхонгор (4,587,740) зэрэг аймгууд оржээ.
Адуу: Монгол улсад 2017 оны мал тооллогын дүнгээр 3,939,813 адуу тоологджээ. Америкийн палеонтологичид Монголоос таван сарвуутай адууны өвгийн ясыг олж, “Адуу гэдэг амьтан монголд үүссэн” гэдгийг баталжээ. Морины эмээл, хазаар, хударга гэх мэт хэрэгсэл, эмнэг сургах, бугуйлдах гэх мэт морьдыг сургах соёлыг судалж барахын аргагүй бөгөөд монголчууд энэхүү морины соёлыг 20, 30 мянган жилийн турш хөгжүүлж иржээ гэж судлаачид үздэг. Хүннүгийн үеэс эхлэн адуун сүргийг өсгөн үржүүлэх, арчлан хамгаалах явдал төрийн бодлого байсан хэмээн олон эрдэмтэд ном сударт бичсэн байна. Адууны тоо толгой, тарга хүч нь дайн байлдааны бэлтгэлийн гол хэмжүүр нь болж байжээ. Монгол адууны биеийн жин дунджаар 280-320 килограмм бөгөөд 1-2 тонн ачааг зөөж чаддаг, өдөрт 40-90 литр ус уудаг. Дунджаар 15-20 адууг нэг сүрэг болгон нэг азарга адуу хэмээн нэрлэдэг. Нэг настай адууг унага, 2 настайг даага, 3 настайг шүдлэн (үрээ байдас), 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг хавчиг соёолон, эрийг азарга, морь, эмийг гүү гэнэ. Ихэнх эр адууг 2-3 настай байхад нь хөнгөлж засаад уналганд сургах, хурдан морь, өвлийн идэш болгох зэргээр ашигладаг. Адууг хязаалан насанд нь агталдаг. Эр адууг 40 шүд нь бүрэлдэхэд нас бие гүйцсэнд тооцох бөгөөд үүдэн шүд 12, араа 24, соёо 4 байдаг. Гүүнд соёо байдаггүй учраас 36 шүдтэй. Хэрвээ соёо шүд ургасан байвал “эрмэг гүү” гэдэг. Хээл авсан гүү 11 сарын дараа унагалах бөгөөд зуны 7-10 сарын хугацаанд сааж өдөрт дунджаар 3 литр саам авна. Нэг гүү саалийн хугацаанд 200 литр саам өгдөг. Гүүг саахад заавал 2 хүн очдог бөгөөд анх барьж байгаа тохиолдолд эхний удаа заавал эрэгтэй хүн саадаг. Нэг нь сааж, нөгөө нь унага татна. Гүүний саам уургаар баялаг, чихэрлэг бөгөөд саамаар айраг хийнэ. Гүү барьсан айл “үрс гаргах”, “унага тамгалах”, “гүү тавих” гэсэн гурван баяр хийдэг. Гүүг моринд ээлтэй, чононоос хамгаална гэж нохой өдөр барьж, бар өдөр унагаа тамгалж, могой өдөр гүүгээ тавьдаг байна.
Адууны хөөврийг 3 дугаар сарын сүүлээр авна. Намар таргалсан адууны хомоол хар өтгөндүү байдаг учраас их шим тэжээлтэйд тооцогдоно. Тэрхүү хомоолоо хөлдөөж хадгалаад хавар болоход сульдсан хонь, ямаандаа идүүлэхэд сайн байдаг. Адуу ургамлын аль тааламжтайг нь сорчлон түүвэрлэж иддэг. Өвөл, хаврын цагт адуу тарж идэшлэвэл шөнөдөө дулаавтар, салхины уруу харж идэшлэвэл шөнөдөө хүйтэн болдог. Морины хамар байн байн цантаж тургиад байвал зунд бороо, өвөлд цас орохын шинж юм. Адууны үс нь бүрзийж, өвс идэх сонирхол багатай, хөшүүн байвал хүйтрэхийн дохио болно. Адуу халуун өдөр ялаархах, хурах, зогсох, гүйх, салхидах, намагт удаан зогсох зэрэг үйлдэл хийнэ. Адууг бэлчээх, цуглуулах, услах үед маш тогтуун байлгах нь ашигтай. Адуу хайлах үедээ их хөлөрч, үс нь босон бүрзгэртэж цөөн хоногт гэдэс татах, мах нь шуугдах, ташаа нь гозойж, хавирга нь хэрзийдэг. Унаганд ус залгиулах, зоо нурууг нь усаар шавших зэрэг нь харангатахаас сэргийлэх, хамрын самсаа хонхойхгүй, нустаж битүүрэхгүй, нүд нуухтахгүй зэрэг ач холбогдолтой. Цас ихтэй үед адуу цасыг хөлөөрөө цавчиж, өвс олж идсэнээс амархан тамирдаж турдаг. Даага унаж газрын уруу давхихыг хориглодог бөгөөд даага цээжгүй болно гэж хэлэлцдэг. Хол газрын уналганд хурдтай явсан морины хөлд цус хуруулахгүйн тулд уяа шонгоо нар зөв гурав алгуур тойрч бууна. Хүчтэй салхи, хурц наранд “нар цохино” гэж эмээл тохмыг авдаггүй. Өвлийн хүйтэнд алсын аянд унаж ирсэн морины тохмыг авалгүйгээр агтавчаар даруулан хонуулдаг. Адууг хониных, уургынх, алс холын аяных, баяр наадмынх гэж ангилан эдэлгээнд зориулан хэрэглэдэг. Морь унахдаа зөөлөн мордож, ташуурдахдаа зузаан гуянд нь ташуурдана. Унасан мориноосоо буумагц олмоо султгадаг. Морийг хөлстэй үед нь усалдаггүй, эмээл тохмыг авдаггүй. Хатааж байж авдаг. Унаж эдэлж явсан морь тэмээгээ эцээх, гэмтэж бэртсэн үед нь эзэнгүй хээр орхихыг их цээрлэдэг. Худаг ус сахиж эзэнгүй зогсож байгаа малыг услахгүй өнгөрдөггүй. Худаг дээрээс явахдаа онгоцоо дүүргэж орхидог заншилтай.
Тэмээ: 2017 оны тооллогоор 434,096 тэмээтэй гэж бүртгэгджээ. Дэлхийн тэмээний 90 хувь нь нэг бөхтэй тэмээ, 10 хувь нь хоёр бөхтэй тэмээ байдаг. Хоёр бөхтэй тэмээний тоогоор Монгол улс дэлхийд 1 дүгээрт ордог бөгөөд Монголоос гадна Хятад, Казак, Узбек, ОХУ-д бий. Тэмээний амьдын жин 370-650 килограмм байдаг бөгөөд 30-40 жил амьдардаг. Өөх тос 55-60 килограмм, түүний дотор бөх нь 29-33 килограмм татдаг. Ингийг 3 наснаас нь, буурыг 4 наснаас нь хээлтүүлэгт оруулдаг бөгөөд хээлээ 13 сар орчим тээдэг. Тэмээ хоёр жилд нэг удаа ботголдог учраас тоо толгойн өсөлт нь удаан, саах хугацаа 16 сар үргэлжилдэг. Нэг тэмээ 17 килограмм хүртэл ноос өгдөг. Тэмээнд ойролцоогоор 30 орчим нэр байдаг. 1 настай тэмээг ботго, 2 настайг тором, 3 настайг буйлт, 4 настайг тайлга (гунж), 5 настай эрийг тайлаг, дөнж, 6 настайг буур, атанцар, эмийг ингэ, 7 настайг буур, ат, ингэ гэж нэрлэнэ. Тэмээг тайлагнаас нь буур тавьдаг. Тэмээний бөхний байдлыг хараад 10 янзаар нэрлэж болно.
Тэмээ өөртөө тохирох өвсийг хөндлөн ширвэж дугтран зулгааж иддэг онцлогтой. Тэмээ нэг удаад 40-80 литр ус ууж чаддаг бөгөөд ус уулгүй 10 өдөр ч тэсэж чаддаг. Тэмээ өл их даадаг амьтан гэдгийг зарим эрдэмтэд тогтоожээ. Тэмээнд өвс тэжээл өгөхгүй, жаахан ус амсуулаад байхад 60-90 хоног амьдарч байжээ. Учир нь бөхнийхөө өөхийг исэлдүүлэн ус гаргаад түүгээрээ амьдардаг байсан бөгөөд 100 грамм өөхийг исэлдүүлэхэд 107 грамм ус гарч байсныг судлан тогтоожээ. Тэмээ 240 килограмм хүртэл ачаа тээгээд 30-35 километр газрыг туулах чадвартай. Тэмээ 34 шүдтэйгээс үүдэн шүд 6, араа 24, соёо 4 байдаг.
Ботго тором, тайлаг тонгочин давхиад тоглоод байвал тэнгэр муухайрдаг. Тэмээн сүргийг говийн элсэрхэг зөөлөн хөрсөнд ургах заг шаваг, бударгана бүхий ургамалтай бэлчээрт идээшлүүлнэ. Салхи сөрөн явсан тэмээний тарга хүч хайлдаг учраас энэ үед зөөлөн туух, бэлчээх, тогтмол хугацаанд услах, хужирлах, сэрүүн газар хэвтүүлэх нь ашигтай. Тэмээний хүч таргыг хадгалан тогтоохын тулд хагас өдрөөр идүүлэх, хэд хазуулж амны завааг гаргах зэргээр түүний биеийг дасгаж сойно. Сойлгын үр дүнд тэмээний ул таваг бэхжиж, хүч тарга тогтож, холын замд эдэлгээ сайн даах эцэж ядрахгүй болоход ач тустай. Тэмээг эдэлгээнд сургахын тулд тайлаг гунж насанд нь хаврын улиралд буйллана. Буйллах хугацааг оройтуулбал хамрын мөгөөрс зузаарч баална. Буйллахын өмнө буйлаа өөгүй зорж тостой шөлөнд чанах, эсвэл шөлний тосоор тослон гал наранд ээж зөөлрүүлдэг. Эдэлгээнд сургах тэмээг хэд хоног сойх бөгөөд энэ үед тэмээг сөөглөж хэвтүүлэх, хөж гэж босгох зэргээр дасгаж сургана. Анх сургаж байгаа тэмээг өөрийнх нь аясаар сургах бөгөөд түүнийг явах гэсэн зүг рүү бурантагаараа залж өгвөөс их дуртай явсаар аяндаа эдэлгээнд ордог.
Үхэр: 2017 оны мал тооллогоор Монгол улсад 4,388,455 үхэр тоологджээ. Үхэр сүрэг бол бод малын дотор адууны дараа ордог бөгөөд мах сүүний хэрэгцээг хангахад зонхилох байр эзэлдэг. Эртнээс нааш монгол үхэр, хайнаг, сарлагийг өсгөж ирсэн бөгөөд хайнаг гэдэг нь сарлаг болон монгол үхрийн эрлийз юм. Манай улс 500 мянга орчим сарлагтайгаас Архангай аймгийн Хангай сум хамгийн олон сарлагтайд тооцогдоно. Монгол үхрийн биеийн жин 460 орчим килограмм бол сарлаг 400 килограмм, хайнаг 500 килограмм татдаг. Хайнаг нь бие томтой, хүчтэй учраас бух тавьдаггүй. Харин засаж шар болгон тэргэнд оруулж эдэлгээнд хэрэглэнэ. Монгол үхэр жилд дунджаар 700 литр, сарлаг 450 литр, хайнаг дунджаар 1000 литр сүү өгдөг. Монгол үхрийн 1 литр сүүний тослог 4.5 хувь, сарлагийнх 7.5 хувь, хайнагийнх 6 хувь байдаг. Социализмын үед үхрийг сүүний чиглэлээр, махны чиглэлээр өсгөж үржүүлдэг байхад 1 үхрээс жилд 2000 хүртэл литр сүү авч улсад нийлүүлдэг байв.
Үхэр хээл авснаас хойш 9 сарын дараа тугалладаг. 1 настай үхрийг тугал, 2 настайг бяруу, 3 настайг шүдлэн (эрийг бух, эмийг гунж), 4 настайг хязаалан, эрийг гуна, 5 настайг соёолон, 6 настайг бух, шар, үнээ гэж нэрлэнэ. Үхэр нь 20 жил хүртэл амьдардаг бөгөөд үхрийн шүд болон эврийнх нь цагирагийг тоолж насыг тодорхойлдохоос гадна 32 шүдтэй. Үхрийн сүүнээс гадна мах, хөөвөр, ширийг ашиглана. Үхрийн ширээр сайн чанарын хром үйлдвэрлэн гутал хийнэ.
Үхэр өндөр сахлаг өвсийг хэлээрээ ороож зулгаан идэх тул бэлчээр голдог. Бэлчээрт гарахын өмнө их мөргөлдвөл цас орж, шуурга шуурч хүйтэн болохын дохио юм. Үхэр сүрэг өвлийн цагт цас малтахгүйгээр ил цухуйсан өвсийг л иддэг учраас цасны нимгэнийг дагалдуулан идээшлүүлдэг. Үхэр бэлчээрт явахгүй хашигнах, тууж хөдөлгөхөд толгой сэжлэх, сүүл шарвах зэргээр хойргоших нь бэлчээр холдсоны шинж бөгөөд хужиршсан үхэр амархан бээрэх, үс нь бүрзийх, цанатах, хөлрөх, бөс даавуу мэтийг хэвэх, тэнэх, холхих нь их болдог. Бээрсэн даарсан үхрийг нэмнэх, эсгий болон зузаан даавуу уут эвэрт нь хийх, эврийн угийг бугуйвчлах зэргээр дулаалж маллана. Намрын адууны хомоолыг хавар үхэр идэх дуртай байх бөгөөд түүнд зохих тэжээл болж тэвээрэг авахад нь сайн нөлөө үзүүлдэг. Үхрийн аргалыг монголчууд янз бүрийн зүйлд ашиглаж ирсэн. Тухайлбал, нүд нь харанхуйлж ухаан алдаж унасан хүний хажууд үхрийн аргалыг ноцоож дээрээс нь ус цацаж унтраахад тэр утаагаар нь унасан хүн босож ирдэг. Мөн үхрийн аргалаар малын хашаа хороо барина. Гэр орон болон малаа муу юмнаас хамгаалахын тулд утаагаар нь утаж ариулдаг.
Хонь: 2017 оны тооллогоор 30,109,888 хонь тоологдсон бөгөөд нэг хүнд оногдох хониныхоо тоогоор дэлхийд 1 дүгээрт ордог. Монголчууд морьгүй малчных мохоо, хоньгүй айл хомхой гэж хэлэлцдэг. Хонь сүрэг нь нийт малын дүн дотор 1924 онд 77.3 хувь, 1946-1950 онд 55.9 хувь, 2001-2005 онд 43.3 хувийг тус тус эзлэх болсон байна. Социализмын үед экспортын барааны 50 хувийг хонины аж ахуй хангадаг байв. Хонины биеийн жин нь 40-60 килограмм, өдөрт 5-6 литр ус уудаг. 6-7 дугаар сард ноосолдог бөгөөд дунджаар 1.5 килограмм ноос өгдөг. Хонины сүү тослогоор баялаг, 6-8 сарын хооронд саана. 50 хонинд 1 хуц тавих бөгөөд хээл авснаас хойш 5 сарын дараа хургална. 1 настай хонийг хурга, 2 настайг төлөг, 3 настайг шүдлэн, зусаг, 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг бүдүүн хонь гэдэг. Хонь богино ургац бүхий нарийн ширхэгтэй өвс ногоог ёзоороор нь тасдаж иддэг. Зуны эхэн сарын үеэр хонийг салхины өөд уруу бэлчээн хөлөргөвөл хонины ноос зунгагтаж хөөрөх нь амархан бөгөөд малын муу хөлс гарч, шар усны нүх онгойж, арьсны амьсгал сайжирдаг ажээ. Зуны дунд сарын сүүлчээс эхлэн ногооны шүүдэр буусны хойно бэлчээдэг ёстой. Зун, намрын бороотой өглөө уулын бэл сугыг дагуулах, үдээс хойш өвөр энгэр газрыг барьж хариулдаг. Өвлийн цагт малыг хэвтрээс нь босгож хэсэг зуур зогсоож гэдэс хэвлийнийх нь үс ноосыг сэврээдэг. Тэгэхгүйгээр бэлчээх юм бол өглөөний жаварт цохигдож амархан бээрдэг. Хонь, ямааны аль түрүүлснийг тогтоож бөөн идээшлүүлэх нь бие биедээ нөмөрлөн даарч бээрдэггүй. Орой хотлохдоо хэд хэдээрээ уван цуварч ирэх ба хоргол нь хатуурч жижгэрэх, хар бор өнгөтэй болоход тэр мал сульдаж байгаагийн шинж гэж үздэг. Мөн бие нь хавчгар болж, ижлээ бараадан хоцрох нь малын тамирдаж буйн шинж. Хонины бэлчээрийг нэг газар давтахгүй сэлгүүлж байх нь ногоо сэргэж түргэн ургахад ач холбогдолтой. Хонины ноосоор монголчууд эсгий хийж гэрээ бүрэхээс гадна хивс ширдэг, ноосон хөнжил хийнэ. Хонины арьсаар маш сайн чанарын шеврет савхи үйлдвэрлэнэ.
Ямаа: 2017 оны тооллогоор 27,346,707 ямаа тоологджээ. Амьдын жин нь 30-50 килограмм, зуны 3 сарын хугацаанд 50 орчим литр сүү өгнө. Ямаа хоньтой харьцуулбал сул дорой амьтан учраас ихэвчлэн 5 дугаар сард төллүүлэхээр хээлтүүлэг явуулдаг. Ямааны 1 настайг ишиг, 2 настайг борлон, 3 настайг шүдлэн зусаг, 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг бүдүүн ямаа гэдэг. Ямаа бэлчээрлэх үедээ үргэлж түрүүнд нь явдаг онцлогтой амьтан бөгөөд ургамлын сор навч буурцгийг гол төлөв түүж иддэг. Өвс, агь, таана зэрэг шим тэжээлтэй ургамлыг үндэстэй чигээр нь идэж бэлчээрийн талбайг сүйтгэдэг учраас өмнө нь ямааны тоог нэлээд хязгаарладаг байсан бөгөөд нэг хонин сүргийн дотор 30 хүрэхгүй хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд хүмүүс амьдралынхаа төлөө ямааг хониноос илүү өсгөж үржүүлэх болсон бөгөөд зах зээл дээр ямааны ноолуур үнэтэй түүхий эдийн нэг болдог.
Нэг ямаанаас сайн чанарын 250-300 грамм ноолуур авдаг. 1 грамм ноолуураар 9-11 метр сайн чанарын утас ээрч болно. 300 грамм ноолуураар хааш хаашаа 110 сантиметр дөрвөлжин алчуур нэхдэг. Ямааны арьсаар гутал, хром зэргийг хийхэд маш бөх бөгөөд эврээр нь сам, туурайгаар нь цавуу хийдэг. Хамгийн сайн ноолууртай нь Сүхбаатарын улаан ямаа болон Баянхонгорын ямаа юм. Ноолуурыг гурван төрөлд хуваах бөгөөд ноолуурын үсний бүдүүн 18 микроноос доош байвал кашмер гэнэ. Кашмерын чиглэлийн ямаа Монгол, Хятадад байдаг. Харин 18-23 микронтой ямааг кашгор гэх бөгөөд энэ чиглэлийн ямаа Энэтхэг, Иран, Ирак, Афганистан зэрэг оронд бий. 23-аас дээш микронтой ноолуурыг ангор гэх бөгөөд энэ чиглэлийн ноолууртай ямаа Орос, Энэтхэгт байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах