ДАРЬГАНГЫН МӨНГӨН УРЛАЛ

Мөнгөн эдлэл бол Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг зүйл. Наадам болохоор том том мөнгөн тоногтой бүс зүүдэг. Энэ бол маяг биш бөгөөд эртнээс нааш эрхэмлэж ирсэн соёлын нэг хэлбэр гэж ойлгож болно. Мөнгөн аяга бол монгол айл болгоны гал тогооны тансаг эдлэл билээ. Хотын айлын гоёмсог шилэн хоргонд хөдөөний айлын модон бор авдарт чухамхүү мөнгөн аяга л заримдаа хадганд боолттой “эрхэлж” эцэг өвгөдөөс дамжиж ирсэн нандин дурсгал, эдээр баян эрүүл тунх амьдралын нэгэн билэг тэмдэг болсоор иржээ. Модны үндсээр аягыг хийж мөнгөөр тоноглохыг мөнгөн аяга гэдэг. Аяганы амсар, дотор талыг нилэнхүйд нь мөнгөөр бүрэхээс гадна ёроолыг мөнгөлж, морь загас бар луу зэрэг элдэв амьтны дүрс хээ угалз зэргээр чимж байжээ.  Мөнгөн аягыг их гарын, дунд гарын, их гарын гэж ангилахаас гадна ур хийцээр нь ялгана. Дарьгангын, Батноровын, Тожилын гэх мэтчилэн шагшин магтацгаана. Амсар, хөвөө ёроолд тавьсан хээнүүд гүн гүнзгий утга учиртай. Төрийн долоон эрдэнэ, шашны найман тахил, тунбааш, дөрвөн хүчтэн гээд нэрлээд барахгүй олон хээ угалзаар гоёж чимдэг.

Уран дархан хүн тэргэндээ тооромсог, ачаа өргөгч, буулгагч сэтгэн хийж болно. Гэвч монголчуудын нүүдлийн соёл нь урлах бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдрын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гоёл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулж байдаг. Баримал, байшин барилга босгож, тээрэм зохиож болох тэр эрмэлзэл нь хээ угалз бүхэнд нь шингэжээ.

Дарьганга хийц: Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Дарьгангачууд Монголын зүүн нутгаар суурьшин амьдрах бөгөөд Манжийн хааны төмөр сүргийг хариулдаг байжээ. Мал хариулсан хөлсөнд нь цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг.  Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл 170 орчим жилийн хугацаанд 20 гаруй алдартай дархчууд төрөн гарчээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн гээд нэрлэвэл олон байна. Энэхүү авъяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан, баяжуулсан бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм. Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам, дарлага, бөгж, бугуйвч, шүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр, тана, сувд шигтгэн бүтээдэг. Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг. Дарьгангын эмэгтэйчүүд ч мөн адил маш их мөнгө, шүр алаглуулан толгойн гоёл хийж зүүдэг. Тэр бүхэнд Дарьгангын алдарт урлалын хийц маяг шингэсэн байдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0