Хурим найрын бэлтгэл: Хэдийгээр хүргэн тал гэр төхөөрөх заншилтай боловч түүнд бэрийн тал оролцдог байв. Бэрийн тал гэр доторхи тавилга бэлтгэхийн зэрэгцээ шинэ гэрийн чагтага, дотуур бүс, мөн хүргэний талаас ирсэн эсгийгээр хөшиг оёж бэлддэг. Гэрийн бэлтгэл хангагдсан үед тусгай өдөр товлож гэрийн мод тааруулах, гэрийн эсгийг оёхоор садан төрөл, ойр хавийн саахалт айлын хүмүүс ээрүүл, утас, зээгтэйгээ ирж дээвэр туургыг оёж хөвөөлнө. Гэрээ барьж дуусаад өрхийг гэр дээрээ тавилгүй дөрвөн чулуу тулж бэрд ивээл жилтэй бэрийн талын бэргэн хэт цохиж шинэ гэрийн галыг асааж цай чанасны дараа гэрийн өрхийг тавьдаг заншилтай. Эсвэл хүүгийн ээж ч гал түлж өгдөг байжээ. Гэр бүрэх найр наадмын үед хоёр шон босгож морины уяаг бэлдэх ба ирсэн зочдын морийг өвслөх, услах тусгай хүмүүс гаргана.
Хүргэн талын бэлтгэсэн шинэ гэрийг бэрийн эцэг мялаах заншилтай. Хонины сүүлийг гэрийн баганы ацанд хатгаад хадаг уяна. Даллаганы хувинд хонины дал дөрвөн өндөр, хонхтой шаант чөмөг, сүүл, цай хийж ерөөл магтаал хайлах хүнд өгөхөд тэр хувинтай юмаар сүүл хавчуулсан багана, тооно, унь бүгдэд хүргэж мялаана. Мялаалга дуусахад баганаас мулталж аваад хамгийн бага эрэгтэй хүүхдээр сүүлийг хазуулаад хөшиглөн бүгдэд хүртээнэ. Зассан ууцаа таллан бүгдэд амсуулаад ая барих 2-3 хүнд хадаг айраг барьдаг ёстой.
Хуримлах: Хуримын өдөр хүргэн хүү найз залуучуудын хамтаар мордож эхнэрээ авчирдаг. Мөн эхнэрийн найз хүүхнүүд дагалдан ирнэ. Хүүхнээ авчирсны дараа аавын гэрт оруулан бэрд бэлтгэсэн дээл хувцсыг өмсүүлэн аавын бурхан тахилд мөргүүлж гал асаалгана. Энэ ёсыг үйлдсэний дараа найрын гэрт орж аав ээждээ мөргөнө. Үүний дараа нөхөр галаа асааж, эхнэр цайгаа чанаж бурхандаа тавиад хадам аав ээж, ирсэн зочдодоо аягалан барина. Дараа нь цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүнэ. Эхний галыг нөхөр асаадаг нь “эцгийн голомтоос гал тасаллаа, бид энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна” гэсэн утгатай бол мөнгөн бөгж солилцдог нь “бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлж буй ажээ. Найр үргэлжилж харуй бүрий болоход найр ахалж буй хүн найрыг өндөрлүүлнэ. Эхний өдрийн найрыг ийнхүү эрт өндөрлүүлэх нь “залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог” гэсэн санаа агуулдаг ажээ. Хуримын маргааш эхнэр эртлэн босож өрхөө татаад галаа асааж, цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад наран мандах зүг, дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөл өргөдөг. Хурим найрын үед ерөөлч ерөөл өргөхөөс гадна уригдсан зочид аз жаргал хүссэн, гүн утга учиртай дуу дуулах ёстой бөгөөд хагацаж салсан хайрын тухай дуу, насан өөд болсон ээж ааваа санагалзсан дуу дуулахыг цээрлэдэг.
Хуримласны дараа бэр нэг сар төрсөн эцгийн гэрт очдоггүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийд ирэх бөгөөд амласан инжээ авчирна. Инж нь ихэнхдээ мал байдаг. Сарын дараа охин өөрийн эцгийнд зочны хувиар очиж, нөхрийн талаас инжний хариуд ирүүлсэн бэлэг сэлтийг хүргэдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.