Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна. Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу эсэх зэрэг байдлыг шинждэг. Ялангуяа ужиг хууч өвчтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ. Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.