Толгойн гоёл: Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.
Халх эхнэр мөн энгэрийн гуу зүүх бөгөөд сахиус шүтээнээ дээдлэн хүзүүндээ зүүж буй хэрэглэл юм. Оосорыг нь мөнгөөр хийж, маанийн үсэг болон үнэт чулуун шигтгээ хийдэг. Түүнийг зөвхөн язгууртан эмэгтэйчүүд хэрэглэдэг байв. Сүйх нь эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэл бөгөөд хорол, загас зэрэг хэлбэртэй байдаг. Энэ нь эмэгтэй хүний нөхөрт гарч эхнэр болсны бас нэг баталгаа ажээ. Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг. Ийнхүү халх эхнэрийн гоёл чимэглэл 5-6 килограмм татдаг.
Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна. Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Зүүн монголын эмэгтэйчүүд толгойн гоёлдоо ихээхэн үнэт чулуугаар чимэглэсэн хавчиг, татуурга, магнайвч зэргийг хэрэглэдэг.
Бэл: Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулдаг бэл хэмээх дүгэрэг хорол зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа “таван саваагүй” зүүнэ. Баруун нутгийн ястангууд “таван саваагүй”-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг. Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, баяр баясгалан, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг хадгалагдаж байдгийг давхар илэрхийлдэг. Мөн тэрхүү таван алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих, тоос арчих зэрэгт хэрэглэдэг ажээ. Бүсгүй хүний алхаа гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур намилзан хөдлөх бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян зөөлөн намбалаг байдлын илэрхийлэл болно.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.