• Богд хааны ордон музей
    СУВДАН ТООРЦОГ
    Хатан Дондогдуламын тоорцог
  • Монголын Үндэсний Музей
    БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
    Түрэг улс
  • Богд хааны ордон музей
    ХЭТ, ХУТГА, БЭЛ
  • Монголын Үндэсний Музей
    УГСААТНЫ ТАНХИМ
  • Богд хааны ордон музей
    ЯЗГУУРЫН ТАВАН БУРХАНТ ТИТЭМ
    Хатан Дондогдуламын титэм чимэглэл
  • Монголын Үндэсний Музей
    ЦЭРЭГ ЭМЭЭЛ
    XIII зууны монгол цэргийн эмээл
  • Монгол хөгжмийн зэмсэг
    ЭВЭР БҮРЭЭ
  • Богд хааны ордон музей
    ТОЛГОЙН ГОЁЛ
ТОО
0
0
0

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ЭХНЭР ҮС

Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.

Домгоос өгүүлэхэд, Эрт урьд цагт уудам тал нутагт Монгол хэмээх нэгэн нүүдэлчин ард түмэн аз жаргалаар дүүрэн, энх тунх амьдарцгаадаг байжээ. Тэгтэл нэгэн өдөр харь нутгийн хорон санаатнууд, уудам тал нутагт нь шунаж, эзэгнэн суухаар шийдэж Түнэр харанхуйн эзэнт гүрний харуул болсон махчин дөрвөн хэрээнээс тусламж гуйхаар элч явуулжээ. Хоёр элч замдаа ядраад нэгэн саглагар модны дор түр саатан суухдаа махчин дөрвөн хэрээний тухай, талын монгол нутгийг хэрхэн эзэгнэх тухайгаа хүүрнэжээ. Тэдний яриаг алаг шаазгай сэм чагнаад хэзээний ховч нэгэн болохоор сонссон зүйлээ тааралдсан болгондоо хэлэхээр яаран нислээ.

Шаазгайн яриаг сонссон монголчууд тал нутгаа хамгаалан аян дайнд мордохоор болов. Гэхдээ ард үлдэж буй эхнэр хүүхдээ яах тухай хэлэлцэж гэнэ. Нэгэн мэргэн буурал “Бид шувуудын хаан хурмастын дүрийг бүтээвэл түнэр харанхуйн харуул дөрвөн хэрээг номхруулж чадах бус уу“ гэсэн санааг дэвшүүлж, эхнэрүүдийнхээ үсийг шувууны хаан хангарьдын далавч мэт дэрэвгэр болгохоор шийдэв. Тогоо дүүрэн цавуу буцалгаж эхнэрүүдээ цуглуулан үсийг нь далавч адил дугуйлан дэргэр болгож эхэлжээ. Тогоотой цавуу дундрах тутам хангарьдынх шиг гэзэг нэмэгдсээр байв.

Маргааш өглөө нь эрчүүд нь хар санаатнуудыг хөөхөөр аян замдаа гарч, эхнэрүүд нь сүүн цацлаа өргөн үлдэж гэнэ. Төд удалгүй мөнөөх аймшигт дөрвөн хэрээ цэлмэг тэнгэрийг харанхуйлан нисэн иржээ. Дэргэр үст эхнэрүүд “махчин хэрээнүүд ирлээ ирлээ, яана аа ийнэ ээ ...” гээд гэр гэрээсээ гарч сандралдаж гарав гэнэ. Махчин хэрээнүүд эхнэрүүдийг хараад “шувуудын хаан хангарьд ямар олуулаа байна вэ” хэмээн эндүүрч ум хумгүй айн зугтжээ. Ийнхүү эх нутаг, гал голомтоо авран үлдсэн эхнэрүүд энэ цагаас хойш хангарьдын далавч мэт дэргэр үстэйгээ үлдсэн гэдэг.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах"