• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ХҮҮХДЭД НЭР ӨГӨХ БА ХҮҮХЭД УГААХ ЁС

Эрдэнэт хүний биеийг олж орчлон дээр төрсөн гэр бүлийн шинэ гишүүн, төр улсынхаа бяцхан иргэнийг эцэг эх, ах дүү, төрөл садан, танил дотно нөхдийнхөө хамтаар хүндэтгэн хүлээн авч унасан газрынх нь усаар угаан амьдралынх нь турш дуудуулах нэрийг өгч буй ёслол юм. Хүүхдийг төрснөөс хойш 6-7 хоноод төрөл садангийн хүрээнд ёслон тэмдэглэдэг. Хүүхэд угаах ёслолын үед аливаа найр хуримын адил идээ цагаалга, зоог шүүс, айраг архи бэлдэн зочин гийчдээ дайлах боловч хэт согтуурахыг цээрлэж, найрыг нар шингэхээс өмнө дуусгадаг.

Хүүхэд төрөх үед эхэд нь уулгах шөлний хонь төхөөрч, гэдэс дотор, цус, хөшиглөсөн мах өөх чихсэн үнхэлцэг, элэг бөөр, сүүлийг нь чанаж хүүхэд угаах ёслолын зоог шүүсэнд оруулах ёс бий. Хүүхдийг эх барьсан эхэд ууц тавин хүндлэх ёс бий. Найр эхэлсний дараа үд дунд болохоос өмнө товлосон цаг болмогц хүүхэд угаах ёс үйлддэг ба анх хүүхдийг барьж авсан эх аагтай хар цай буюу бүлээтгэсэн шөлөөр хүүхдийн биеийг угаана. Давстай шөлөнд будаа, давс, арц хийж угаах ёс нэлээд дэлгэрсэн байдаг. Давсаар буртагийг цэвэрлэн арцаар ариутган үр будаа шиг өнөржин үржихийг бэлгэддэг ажээ. Үүний дараа эх барьж авсан эх, эсвэл хамгийн ахмад настанд хадаг барьж нэр хайрлахыг хүсдэг. Шинэ хүүхдийн эцэг эх өөрсдөө аз жаргалтай явахыг бэлгэшээсэн нэрийг сонгож бэлдээд ахмад настанд дамжуулж болно. Эсвэл эцэг эх нь урьдчилэн 2-3 нэрийг зөвлөлдөн сонгож цаасан дээр бичээд будаа дүүргэн хийсэн, өргөн амсартай шаазан вааранд хийж шигшүүлэн хамгийн түрүүлж гарч ирсэн нэрийг сонгуулж болно. Нэр хайрлах настан цаасыг авч нэрийг өөртөө уншсаны дараа хүүхдийн чихэнд шивнэн гурван удаа хэлдэг. Хэрвээ хөвгүүн бол баруун чихэнд, охин бол зүүн чихэнд нь шивнэн хэлээд “танай хүү охин ... нэртэй боллоо” хэмээн найранд ирэгсдэд зарлан хэлдэг. Хүүхдийн нэрийг ваартай будаанд хийдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийн бэлгэдэл ажээ. Хүүхдийн угаалганд ирсэн хүмүүс хүүхдэд бэлэг хайрлах ба бусад төрөл төрөгсөд нь унага, хурга, тугал, ботго зэрэг төл мал амладаг нь ирээдүйн хөрөнгө малыг нь эртнээс бэлтгэж буй хэрэг ажээ.

Хүүхэд угаах ёслолын үед шинэ хүний ирээдүйг бэлгэдсэн ерөөл хэлж, бүүвэйн дуу, эцэг эхийн ачлалыг магтсан дуу хуур үүсгэдэг. “Эцэг эхдээ энэрэлтэй, элгэн садандаа түшигтэй, эх орондоо гавъяатай, эх дэлхийдээ нэртэй, эрхэм сайн хүмүүн болохын эетэй сайхан ерөөлийг энд дэвшүүлж айлтгая” гэж ерөөдөг. Ерөөл нь бяцхан хүү охинд хэлж буй захиас буюу монголчууд ямар хүнийг сайн хүн гэх вэ хэмээсэн үзэл бодлын илэрхийлэл ажээ.

Зарим айлд хүүхэд нь тогтохгүй байх нь бий. Үр хүүхэд олон бөгөөд эсэн мэнд бойжиж буй айлын эх хүний дотоод энгэр хормойноос бөс авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх бариулж авах, харь угсаа гаралтай хүний дээд хувцсанд боож авах, чонын арьс тулманд боож авах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, гэрийн тавилгыг сольж тавих зэрэг дом хийж хүүхдээ тогтоодог ёс байжээ. Мөн хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага мэтийн амьтны шөрмөсөөр боодог байв. Хүүхэд нь тогтдоггүй айлд шинээр төрсөн хүүхдэд Оргодол, Хөх нохой, Муу нохой, Хүн биш,  Хэн ч биш, Шаалуу, Бэлтрэг гэх мэт дорой нэр өгч тогтоох ёс байв. Түүнчлэн хүүхдийг өөр айлд өргүүлж үрчлүүлдэг ёсон эдүгээ ч бий. Хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүх, нялх багад нь  өөр айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, буруу энгэртэй дээл өмсгөх зэргээр дом хийж хүүхэд тогтоох арга хэрэглэж иржээ. Монголчууд хүүхэддээ уул ус, газрын нэр, ан амьтан, байгаль цаг уурын үзэгдэл, тэнгэр гараг эрхэсийн нэрийг өгдөггүй бөгөөд “нэр зохихгүй хүнддэнэ” хэмээн үздэг.

Монгол хүний нэрний хөгжил түүхийн урт хугацаанд сонирхолтойгоор хөгжиж иржээ. Эрт үед өвөг дээдсийн овог аймаг, отогийн нэр, угсаа гарал, зэрэг дэвээс үүдэлтэй нэрс зонхилж байсан бол XIII – XY зуунд бат бөхийн бэлгэдэл болсон утгатай Төмөр, Бат, Бэх, Болд, Мөнх, Хүлэг, Тайш, Цогт гэх мэт нэртэй ихэс дээдэс, хаад язгууртнууд түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Буддын шашин Монголд нэвтэрсэн цагаас эхлэн төвд гаралтай нэрнүүд зонхилж Бадам, Бавуу, Долгор, Должин, Дорж, Дондог, Дорлиг, Дулмаа, Даш, Жамц, Жүгдэр, Жамъян, Лувсан, Лхам, Пагма, Пүрэв, Содном, Сандаг, Түдэв, Ханд, Хайдав, Цэрэн, Цэнд, Цэгмид, Чимэд, Ядам, Янжин гэх мэт нэрс маш түгээмэл дэлгэрсэн юм.

1921 онд Ардын хувьсгал ялж Монгол – Зөвлөлтийн найрамдалт харилцаа өргөжин тэлж, нэг хүнийг, нэг намыг тахин шүтэх цаг үед монгол хүний нэр цаг үеэ даган өөрчлөгдөж, мөн орчин үеийн үг хэллэг, энгийн хоёр үгний нийлэмж нэр түгээмэл хэрэглэгдэх болжээ. Тухайлбал, Наранцэцэг, Сарантуяа, Батболд, Батбаяр, Төмөрбаатар, Наранбаатар, Мөнхбаяр, Мөнхцэцэг, Баярмаа, Болормаа гэх мэт нэртэй болсноос гадна Сүхбаатар, Чойбалсан, Сталин, Гагарин, Жуков, Гүррагчаа, Союз, Жанибеков, Цэдэнбал гэх мэт алдар нэртэй улс төрийн зүтгэлтэн, түүхэн гавъяат хүмүүсийн нэрсийг үр хүүхэддээ өгч байжээ. Мөн шинэ жилээр төрсөн бол Шинэбаяр, Шинэжил, Ёолк, эмэгтэйчүүдийн баяраар төрсөн бол Март, Хөдөлмөрчдийн баяраар төрсөн бол Майнбаяр, 11 дүгээр сарын 7-нд төрсөн бол Октябрь гэх мэтээр нэрлэх явдал ч байв. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа монголчуудын хувьд хориотой байсан эртний түүх, шашны үнэн бодит байдал эргэн сөхөгдөж, түүнийг мэдэх болсноор эртний хаад хатад, язгууртны нэрийг шинэ төрсөн хүүхэддээ өгөх хандлага бий болсон юм. Тухайлбал, Тэмүүжин, Бөртэ, Есүхэй, Өүлэн, Ану, Анужин, Мандухай, Тэмүүлэн, Хасар, Хабул, Бэлгүдэй гэх мэт.

Саяхан Улсын иргэний бүртгэлийн газраас монголчуудын нэрний байдлыг зургаан төрлөөр тодруулсан сонирхолтой жагсаалт гаргажээ. Тус жагсаалтад хамгийн түгээмэл байдаг нэрс ба хамгийн сонирхолтой, хамгийн урт, хамгийн ихэмсэг гэх мэтээр тодруулсан нэрс оржээ. Хамгийн урт бөгөөд гоё нэрээр Найманзууннандинцэцэг гэх нэр орсон бол хамгийн урт нэрээр Лувсандэнзэнпэлжинжигмэд хэмээх нэр тодорчээ. Хамгийн сонирхолтой нэрсэд Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Магазин, Мал, Тугал, Хурга, Бяслаг, Ботго, Ноймор, Пулемёт, Галтогоо зэрэг нэрс оржээ. Хамгийн урт нэртэнд Гүрсоронзонгомбосүрэнболд, Гурванхангайшатарманлай, Гурвындавааотгонбаатар, Энхтөгөлдөрбаясгалан, Тунгалагнандинэрдэнэ, Жавхлантөгстөгөлдөр зэрэг нэрс багтсан байна. Хамгийн богино нэрэнд Аз, Оч, Од, Буд, Хад, Ану, Ган, Гүр, Цог, Ням, Сүх, Оюу, Зол, Алт, Энх, Хас, Дөл, Зул зэрэг нэрс орсон байна. Хамгийн түгээмэл нэрэнд Бат-Эрдэнэ хэмээх нэр 13473, Отгонбаяр 11083, Алтанцэцэг 10967, Оюунчимэг 10580, Болормаа 10282 бүртгэгдсэн байна. Хамгийн ховор содон нэрээр Одонтуяарахгэрэл, Ямагтбаатар, Охинжав, Жааханчулуу, Олонбаярлах зэрэг нэрс оржээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах