14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ТАВАН НҮДЭН - ХЭЭНИЙ БЭЛГЭДЭЛ

Монголчуудын хувьд таван нүдэн хээ нь эрт цагаас уламжлагдан ирсэн хүндэтгэлтэй бэлгэдэл юм. Таван нүдэн нь үндсэндээ дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй бөгөөд арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн бэлгэдэлтэй ажээ. Монгол язгууртнууд, дайчин эрсийн хуяг өмсгөл, эмээлийн гөлөм, дэвс, бүүрэг, дөрөө, хувцас, шууны хамгаалалт буюу харавч, адуу малын тамга, уламжлалт тоглоом, алт мөнгөн аяга, цэргийн зэр зэвсэг тэр дундаа сэлэмний мөр, бариул дээр таван нүдэнг сийлсэн байдаг. 1959 онд Онон мөрний сав нутгаас олдсон монгол язгууртны булшнаас гарсан мөнгөн аяганы хажуу бөөрөн дээр энэ хээг дүрсэлсэн байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Шарилын цохио гэдэг газар дахь XIII – XIY зууны үеийн булшнаас таван нүдэн хээ бүхий авдар сав, шүүгээний татуургууд олдсон. 1327-1333 онд Цагаадайн хаант улсын төрийг барьсан Дармаширин хааны мөнгөн зоосны ар талд таван нүдэн хээг голлуулан залсан тамганы дүрсийг сийлсэн байдаг. Хархорум хотын тууринаас олдсон барилгын дээврийн нүүрэн хэсгийн ваарыг таван нүдэн хээгээр хээлсэн байсан. Дундад зууны үед хамаарах монгол эхнэр хүний хувцасны чимэглэл, үсний боолт, ташааны бэл, эрчүүдийн хутганы бэл, мөнгөн аяга, үүд хаалганы цүү, дөрөөний сэнж, адууны тамга зэрэгт таван нүдэн хээ цөөнгүй тааралдана. Эдгээр олдвор нь эдүгээ Монголын үндэсний музейд хадгалагдаж байна.

Дорноговь аймгийн Хамарын хийд, Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдийн гол хаалганы дээд хэсгийг энэ хээгээр чимэглэжээ. Эдгээр сүм хийд дэх зулын цөгц, сангийн бойпор, сударын хуудсан дээр хүртэл таван нүдэн хээ бий. 1924 онд Богд хааны ордоноос хураагдсан даллагын мөнгөн хутганы хуйнд хүртэл бий.

Анхдугаар богд Занабазар таван нүдэн хээнээс сэдэвлэн өөрийн сүргийн тамгыг бий болгожээ. Английн нэрт монголч эрдэмтэн Чарльз Боуден “The Jebtsundamba Khutukhtus of Urga” номондоо “... гэгээнтнээс сан сүргийн тамгыг ямар хэлбэртэй байвал болох бол хэмээн айлтгасанд найши гэж хийтүгэй хэмээжээ. Найши гэгчийг мэдэхгүй хэмээн айлтгасанд найши гэгч дөрвөн арвай хэмээсэн буй, дөрвөн арвайгаар яаж хийх вэ хэмээсэнд дугуй юман дотор дөрвөн арвай тавибал таван нүдтэй болох буй. Арвай гэдэг нь монгол үг, найши гэдэг нь инагш ирж үржихүйн бэлгэдэлтэй тангуд үг. Таван нүдэн нь дөрвөн аймгийн дунд тахигдахын бэлгэтэй хэмээн айлдсанаар хийсэн хэмээхүй” гэжээ. Найши гэдэг нь төвд үг бөгөөд монголоор “дөрвөн арвай” хэмээн орчуулагдсан ажээ. Өндөр гэгээний үед халхын 4 аймаг байгаагүй бөгөөд харин өөрийнх нь шавь аймгийг багтаан хэлсэн байх магадлалтай хэмээн үздэг. Эсвэл гэгээнтэн хожим Сайн ноён хан аймаг нэмэгдэж байгуулагдахыг урьдчилан харсан байхыг үгүйсгэхгүй ажээ.

Таван нүдэн нь төрийн бэлгэдэл байж болох талтай. Богд хааны сэнтийн арын түшлэгт чимэг болгон торгоор урлаж унжуулсан Даржин дээр /зарим хүмүүс Бадан гэдэг/ хоёр таван нүдэнг хэлхэлдүүлэн дүрсэлсэн байдаг ба Богд хааныг сэнтий дээр залрахад хоёр далан тус газар нь таардаг. Богд хааны төрийн ёслолын шар хүрэм дээрх энгэрийн дугуй фүүс хээнд алтан хоролыг голд нь дүрсэлж түүнийг тойруулан таван нүдэн, хаан бугуйвч, хатан сүйх, зааны соёо, загасан нуруу, үнэртэн шүр зэргийг хээлжээ. Богд Хаант Монгол Улсын тайж түшмэдийн зэрэг дэвийн тухай хуулинд “Тэргүүн зэргийн түшмэл өмнө хойноо “Таван нүдэт” алтан тэмдэг хатгасан дөрвөлжин фүүс, Дэд зэргийн түшмэд “Алтан өлзий утас” хатгасан дөрвөлжин фүүс, Гутугаар зэрэг түшмэд “Алтан хас” хатгасан дөрвөлжин фүүс, Дөтүгээр зэрэг түшмэд “Чандмань эрдэнэ” хатгасан дөрвөлжин фүүс, Тавдугаар зэрэг түшмэд “Мөнгөн лавай” хатгасан дөрвөлжин фүүстэй байна...” гэх зэргээр заажээ. Дараагийн нэг баримт бол Богд Хаант Монгол Улс болон 1921 оны Ардын засаг хэмээх хоёр төрийн арван төрөл мөнгөн тэмдэгт дээр “таван нүдэн” байгаа явдал юм. 1921 онд С.Данзан сайдын гаргасан мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд таван нүдэнг гол дунд нь дүрсэлжээ. Мөнгөн тэмдэгтийг Монгол – Оросын гэрээнд заасан дагуу 3.5 сая төгрөгийн хэмжээтэй гаргасан бөгөөд энэ нь “Данзангийн доллар” хэмээн түүхэнд үлдсэн юм. Мөн Богд хаант Засгийн үед “Бага болзоот баталгааны тэмдэг” буюу одоогийнхоор бол “бонд” гаргаж байсан бөгөөд түүнийг монгол модон барын аргаар Нийслэл хүрээнд хийж, нүүрэн талд нь монгол, орос, англи хэлээр бичиглэл үйлдэж, ар талд нь таван нүдэнг томоор голлуулан дүрсэлсэн байдаг. Бага болзоот баталгааны тэмдэгийн аравтын дэвсгэртэд хонь, хорин тавтад үхэр, тавьтын дэвсгэртэд морь, зуутын дэвсгэртэд тэмээний дүрс хийлгэсэн байв. Эдгээрээс үзэхэд, таван нүдэн бэлгэдэл нь нэлээд дээгүүр зиндааны бэлгэдэл бололтой.

Таван нүдэн хээг эрт үед Хятадаас уламжилсан “зоосон хээ”-нээс гаралтай гэж үзэх нь бий. Гэвч таван нүдэн нь Хятадын зоосон хээнээс арай өөр бөгөөд дөрвөн арвайн дүрсийг нийлүүлэн хийсэн зууван хэлбэртэй, голдоо шовх дөрвөн өнцөгт бүхий дүрстэй байдаг. Харин зоосон хээ нь дөрвөлжин нүхтэй хятад зоосноос үүсэлтэй, гол дундаа тэгш дөрвөлжинтэй, уг дөрвөлжингийн өнцгүүдээс тал тал тийш шулуун шугам татаж хийсэн байдаг тул утга агуулгын хувьд ч, хэлбэр дүрсийн хувьд ч таван нүдэнгээс ялгаатай ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0