НООС ХЯРГАХ
Монголчууд таван хошуу
малынхаа үс ноосыг, хөөвөр хялгасыг нүүдлийн аж ахуйд тохирсон гар аргаар
боловсруулан ахуй амьдралынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсээр ирсэн
уламжлалтай. Хаврын сүүл, зуны эхэн үед хонь мал өвс ногоонд цадаад ирэхээр үс
ноос нь хөндийрч эхэлдэг. Энэ үеэр адуу дэллэх, үхэр хөөвөрлөх, тэмээ
зогдорлох, хонь ноослох, ямаа самнах ажил өрнөдөг. Эдгээрийн дотор хонь ноослох
нь их онцлогтой. Монголчууд хонины ноосыг жилд 2 удаа авах бөгөөд зуны эхэн
сард авсныг “уртын ноос”, намар авсныг “ахрын ноос” гэдэг. Хонины нас хүйс
харгалзалгүй, хүч тэвээрэг сайтайгаас нь эхлэн ноослох ба уртын ноосыг хайчлан
авдаг. Эм хонь, хурганаас бусдынх нь ахрын ноосыг авдаг. Энэ нь ирэх өвлийн
хүйтэнд малаа бүрэн мэнд оруулахтай холбоотой. Шинэ ногоо идсэн хонины ноос хөндийрөхдөө
амархан байдаг тул хавар ногооны гарц сайтай нутаг усанд бууж, хонь малаа
ногоонд цатгадаг. Ноос авах өдрөө товлон туслуулах нутаг усны хүмүүст хэл
дуулгана. Нутгийн хүмүүс хайч, хонины хөлийн боолт зэрэг хэрэгтэй хэрэгслээ
өөрсдөө авчирч ажилд тусалдаг байна. Сонгож тогтсон өдөр нь цаг агаар муу
байвал нэг хонины ноосонд хайч хүргэн ноосноос нь бага зэрэг аваад түүнээс хойш
ахин өдөр товлохгүйгээр ноосоо хяргадаг. Туслах хүмүүсийг ирэхээс өмнө гэрийн
эзэн эхэлж хайч хүргэн хяргасан байх бөгөөд туслахаар ирсэн хүмүүс “Халдах хайч хурц, хагд унгас хөвсгөр буй
за”, “хайч хурц, хайчилсан хонь мянга түм хүрч байг”, “Тоо нь бум түм хүрч,
тоос нь огторгуйд хүрч байг” хэмээсэн ерөөлийн үг хэлнэ. Хариуд нь “ам
өлзийтэй болог, ерөөл оршиг” гэх мэтээр талархдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах