14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

НООС САВАХ

Эсгий хийх ноосыг эхлээд савж боловсруулдаг. Ноос савахаар сонгож тогтсон өдрөөс өмнө ноосоо дэлгэн зунгаг чийгийг нь хатаах, саваа модыг ирэх хүний тоогоор бэлдэж тавьдаг. Ноос савахад туслахаар нутаг усны хүмүүс цуглахад гэрийн эзэд хүндэтгэн зочилно. Үүний дараа эмэгтэйчүүд саваа модноос тус бүр хоёрыг авч засч бэлтгэсэн дэвжээг тойрон өөд өөдөөсөө харцгаан суухад эрэгтэйчүүд савах ноосыг жигд дэвсэн дэлгэж өгнө. Гэрийн эзэн, эсвэл ахмад настан малгай өмсөн аягатай сүү, эсвэл айраг барьж дэвжээний дэргэд өмнө зүг харан зогсоод “Дэлхийн чинээ дэвжээгээ татаж, уулын чинээ унгасаа овоолж, хурганы ноос хуруу зузаан, төлөгний ноос төө зузаан, хургүй хуурай, салхигүй сайхан, саваагаар салбарч, сайн муу нь ялгарч, санаагаар нийлж байхыг ерөөе” гэж ерөөл хэлээд аягатай сүү айрагнаасаа дэлгэсэн унгасан дээр цацаж мялаана. Үүний дараа ноосоо цөм зэрэг савж эхэлнэ.

Ноос савж байхад ирсэн хүн “Салхигүй сайхан, хуйгүй хурдан, унгас нь мяндас бол, санаа нь шандас бол” хэмээх буюу эсвэл “Унгас тань уулын чинээ, дэвжээ тань дэлхийн чинээ болог” хэмээн тухайн ажил үйлийг бүтэлтэй болохын бэлэг дэмбэрэлтэй үгийг ерөөж хэлдэг. Хариуд нь ноос савж буй хүмүүс “Тэр ерөөл сайхан орштугай, ерөөл өлзийтэй болтугай, ам өлзийтэй болог” гэх мэтийн хариу талархал хэлнэ. Савах ноосны их багаас шалтгаалан нэг хот айлд уг ажил хэдэн ч өдөр үргэлжилж болох бөгөөд ажил дуусмагц ирж тусалсан хүмүүсийг хүндэтгэн дайлж дараагийн айл ноос савахад өөрсдөө мөн адил очиж тусалдаг заншилтай.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0