Аливаа хүн нас барсны дараа “49 хоног
хураана” хэмээх монголчуудын ёс заншил бий. Эл 49 хоногт юуг үйлдэх
ёстой байдаг талаар “Бардо тойдол” буюу “Сонссоны хүчээр чөлөөлөгдөхүй”
хэмээх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Энэ сударыг Төвдийн
эрдэмтэн мэргэд олон зуун жилийн турш цуглуулсан баримтууд дээр
тулгуурлан бүтээжээ. Гэвч шашны өндөр боловсрол эзэшсэн лам хувраг хүн
уншиж судлах эрхтэй байдгаас гадна нас барж буй хүн, нэгэнт нас нөгчсөн
хүнд зориулан уншдаг байжээ. Эл сударт тэмдэглэснээр “Бардын зургаан
шат” гэж байдаг бөгөөд хүн амьд ахуйдаа 3 шатыг, нас барсныхаа дараа 3
шатыг нь туулдаг тухай өгүүлжээ. Энд нас барсныхаа дараа туулах 3 шат
буюу 49 хоногийн турш юуг үзэж туулдаг тухай сийрүүллээ.
Чикая буюу үхлийн мөчийн бардын нэг дэх шат:
Нэг дэх шат нь аливаа амьтан амь тавих мөч ажээ. Бүх бие хүндрэн
жихүүдэс хүрч хүйтэнд умбаж, эсвэл халуу оргиж, нүдний өмнө гал бутран
халууцаж буй мэдрэмж төрдөг байна. Энэ нь үхэлд бэлтгэгдэж байгаагийн
шинж ба удалгүй нүдэнд нь гал бадран Чикая бардад шилждэг ажээ. Эл үед
анхаарлаа төвлөрүүлэн сайн сонсож, сайн харах хэрэгтэй гэнэ. Мөнхийн
гурвал гэгдэх Дхарма кайяа (үйлийн үр), Самбхог кайяа (цэцэн ухаан),
Нирмана кайяа төрөл хувирах энэ гурвыг харж мэдрэхийг хичээх ёстой гэнэ.
Хамгийн сүүлийн амьсгал авсны дараа мөнхийн ариун гэрлийг олж харан
өмнө тань зах хязгааргүй орчлон нээгдэж, орь ганцаараа өд мэт хөнгөхөн
хөвөх болно. Гэвч үүнд баясаж, үүнээс айх хэрэггүй бөгөөд энэ бол үхлийн
цаг ажээ. Үхлийг ашиглан асар их боломжийг олох ёстой гэнэ. Хэрвээ
гэрлийн гялбааг олж үзэж чадвал оюун ухаан тань ахуйгаас тусгаарлагдан
ариусаж, гялтганах бөгөөд энэ нь таны ухамсар болох ажээ. Оюун ухаан,
ухамсар хоёрын нэгдэл нь мөнхийн дхарма кайяа буюу үйлийн үр юм.
Ингэснээр таны оюун ухаан төрөх, үхэхийг мэдэхгүй болох ба анхаарлаа
төвлөрүүлснээр мөнхийн гэрлийг олж үзэн Амитаба бурхантай уулзах ажээ.
Ийнхүү үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө гэрэл болно. Гэвч үүнд хүн
болгон хүрч чадах шулуун зам биш гэнэ.
Чикая буюу үхлийн мөчийн бардын хоёр дахь шат: Та
мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн бардад шилжихийн
өмнө хоёр дахь гэрэл үзэгдэж болох ба түүнийг олж харахыг хичээх
хэрэгтэй ажээ. Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон
юмнаас зугтаж чадах ба гэрлийг олж харангуутаа өөрийн шүтээн мэт хүлээн
авах учиртай. Энэ хоёр дахь гэрэл нь амьсгал зогссоны дараа хэдэн цагаар
үргэлжилдэг ба амьдрах хүч тань биеийн нэг онгорхой цэгээр гадагшилж,
ухаан санаа саруул болж, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж хардаг
байна. Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэднийхээ яриаг ч
сонсдог байна. Өөрийнхөө орхисон бие махбодоо, өөрийн одоогийнхоо биеийг
хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсноо мэдэрнэ. Үүнийг
мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирдэг ажээ. Энэ бол хоёрдогч
мөнхийн гэрэл бөгөөд мэдэрч хүлээн авснаар өөрөө гэрэл болж гэрэлд
шингэнэ. Хэрвээ энэ гэрлийг танихгүй бол элдэв дүр бүхий мөнхийн
харуулуудтай тааралддаг байна. Хэрвээ та гэрлийг хараагүй бол ухааран
сэргэж, номхон хүлцэнгүй байж, хаана байгаагаа мэдэрч юутай ч тааралдсан
бай толгой гудайлган, мөргөж явах хэрэгтэй ба өмнө тань их зам
нээгдэнэ. Энэ бол Чикая бардын 3-5 хоногийн үргэлжлэл юм.
Гурав дахь шат болох Хонид буюу карма нарын хий үзэгдлийн бард: Энэ
бард нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болой. Ер нь
үхлийн гурван бард нь 49 хоног үргэлжилдэг. Хэрэггүй болсон биеэ орхиод
оюун ухаан тань Чикая бардыг дамжаад Хонид бардад шилжин ирдэг. Эл
бардад ирээд айж эмээхгүйгээр, яарахгүйгээр, анхаарал болгоомжтой байх
хэрэгтэй ажээ. Та үхсэн, өнгөрсөнтэйгөө зууралдаж болохгүй. Сэтгэл
хөдлөлөө барьж чадахгүй бол таныг аймшигтай газар аваачдаг байна. Энэрэн
хайрлах сэтгэлээр эргэн тойрноо харах ёстой ажээ. Зүүд зэрэглээ мэт
хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө тань нүргэлнэ. Та
нэгэнт үгүй болсон учир таныг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Хэрвээ
айхгүйгээр, тэр их дуу чимээ, аянга цахилгааныг мэдрэхгүйгээр байж
чадвал та тэдгээр дуу чимээний нэг болон хувирч нэгдэнэ. Энэ бол таны
сүүлчийн мөн чанар юм. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч хүлээж авч чадахгүй бол
таныг аюул гамшиг нөмрөн авч гай зовлонгийн ертөнц рүү унагаж мэдэх юм.
Хонид бардын эхний өдөр: Гурван өдрийн турш өөрт тань юу тохиолдсон нь
мэдэгдэхгүй байвал сандрах хэрэггүй. Та их өөрчлөгдсөн байх ба толинд
өөрийгөө харах гэж оролдох хэрэггүй. Та урьд өмнө нь хэзээ ч үзээгүй
зүйлээ үзэж, сонсох болно. Эхний өдрийн энэ газар нь Цагаан будда
Вайрочана-гийн эзэмшил юм. Цав цагаан будда бөгөөд цэв цэнхэр гэрэл
цацруулна. Гэвч маш хурц, их дөл бадраасан гэрэл учраас айхгүйгээр энэ
гэрэлд итгэж өөртөө хүлээн авснаар Бардын асар их өвчин зовлонгоос
ангижирч чадна. Харин цэвэр цагаан гэрэлд автах юм бол замаасаа төөрнө
гэсэн үг юм. Хонид бардын хоёр дахь өдөр: Нэвтрэхийн жаргал болон толины
цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авах
тамын хаалга нээгдэх агаад тэнд утаархуу бараан гэрэл цацарч, ихэд ойр
дотно, халуун дулаан санагдах ажээ. Гэвч энэ бараан гэрэл рүү харах юм
бол таны үйлдэж байсан муу үйлийн үрээр үүссэн уур уцаар тань там руу
түлхэж чадна. Тамд нэг унавааас тэндээс буцах зам нь удаан үргэлжилнэ.
Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхийх хэрэгтэй. Газар дээр үлдэгсэд таны
өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань тань таныг мартсан байхыг үзэж
болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд унана гэсэн үг юм.
Төгс будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирэхийн сацуу муу
муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч дагалдан ирнэ. Хүний муу муухай зан
чанар цагаан гэрлээс нүд гялбан зугтаж хар бараан гэрлийг бараадах нь
буй. Энэ мөчид ухаалаг байж хурц цагаан гэрлээс эмээлгүй дагаж чадваас
танд тустай. Хонид барын гурав дахь өдөр: Өмнөд зүгийн шар гэрэл
ноёрхож, Раднаасамбава буюу өмнийн будда шар биенээсээ шар гэрэл
цацруулан заларна. Хэрэв шар гэрлээс эмээж, түүнтэй сүлэлдэн гэрэлтэх
бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрхи шинэ амьдралд эргэн орж,
төрөх өтлөх, өвдөх үхэхийн зовлонг дахин амсч, муу муухай газар унана.
Тийм учраас цэвэр шар гэрэлд уусан явагтун. Хонид бардын дөрөв дэх өдөр:
Цэвэр улаан галын өдөр бөгөөд эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт
захирагддаг өрнө зүг ноёрхож, бүхнийг мэдэгч Амитаба хүлцэл, ач буян,
дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар залран ирнэ.
Гэвч хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл
дагалдах агаад энэ гэрлээс зугтаж хурц улаан галыг сонгох хэрэгтэй. Учир
нь энэ бүдэг улаан гэрэл нүглээ наманчлаагүй, заяа муутай сүнснүүдийн
оронд аваачдаг байна. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрхи
амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу
азгүй сүнснүүд төрдөг ажээ. Хонид бардын тав дахь өдөр: Хойд зүгийн хурц
ногоон гэрэл туяарч, хойд зүгийн будда Амогасиди буюу чин зоригт
гүйцэлдүүлэгч будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа
жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг
сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаатнуудын оронд очих тул
хурц ногоон гэрлээс айлгүйгээр зоригтой хүлээн авах хэрэгтэй. Ийнхүү
таны гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ цувран үзэгдсэн бөгөөд та
өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа. Хонид
бардын зургаа дахь өдөр: Өөрийн сэтгэлийн чадлыг танин мэдэх сүүлчийн
өдөр бөгөөд эл өдөр ус, гал, хий, шороон махбодын илрэл болсон шар,
ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгдэж тэднийг хайрлан
салшгүй нэг хэсэг нь болж танд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт
байхгүй хэмээн итгэх хэрэгтэй. Эдгээр гэрлийн аль нэгийг сонгохгүйгээр
бүгдэд нь адил хандаж, өөрийн тань тусгал болсон тэднийг хайрла.
Хажуугаар нь сүлэлдэн тусах бүдэг гэрлүүдэд авталгүйгээр бурхантай,
өөрөө өөртэйгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч танд мэдэхгүй зүйл гэж
байхгүй болно. Хонид бардын долоо дахь өдөр: Эл өдөр та эрдэм мэдлэгийг
харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгө бүхий гэрэл таны дээр
гэрэлтэж, өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд
бүжиглэнгээ сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ. Тэдгээр гэрэл асар
хурц тул харж чадахгүй цэнхэр гэрэл рүү тэмүүлбэл урт удаан хугацааны
зовлонг эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс эмээлгүйгээр хамт
бүжиглэн тэднээс туслалцаа, өглөг гуйж, гялалзагч таван галыг өөртөө
шингээснээр диваажинд орох үүд тань нээгддэг ажээ. Өөрт тань зориулан
үзүүлж байгааг таньж мэдээд түүнд хувилбал та чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний дараах шинжүүд нь хурц тод нар, анхилам үнэрт хүж,
нууцлаг эгшиглэх хөгжим ажээ.
Хэрвээ
ийнхүү анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма кайяа-д хүрч
“Бардо тойдол”-ыг унших шаардлагагүй болно. Хонид бардад байхдаа ухаарч
сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан дэлхий дээр ирэхдээ хүн
төрөлхтнийг гэгээрүүлэх гэж ирдэг бөгөөд Самбхог кайяа-д хүрнэ. Хонид
бардад байхдаа ухаарч чадаад гэгээрсэн хүн 20-22 хоногийн дотор ийнхүү
чөлөөлөгдөэ Самбхог кайяад хүрдэг байна. Хэрвээ
Хонид бардад байхдаа ухаарч чадалгүй Сидна бардад очсон бол дахин
оролдлого хийж сайн төрлийн олох гэж хичээдэг бөгөөд энэ боломж туг
бага байдаг ажээ. Өөрөөр хэлбэл Нирман кайяа-д очно гэсэн үг юм. Гэвч
хичээж чадвал сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр
тасалдсан амьдралаа үргэлжлүүлэн хөгжин дэвжих боломж байдаг ажээ.
Ийнхүү дараагийн тэмдэглэлд Сидна бардад туулах 25-27 хоногийн тухай
өгүүлнэ.
Сидна буюу төрөн мэндлэхээ хүлээх бард: Хонид
бардын амьд тэмдгүүдийг таньж мэдээгүйн учир та өөрийгөө олсонгүй. Одоо
та Сидна бардад байна. Таны ухамсар сэргэж, урьдын амьд үеийнхтэйгээ
адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтэй хөдөлж бардад байгаа бүх амьтадыг
харна. Ирээдүйд төрөх газар, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ олж
харна. Тэдэнд автаж болохгүй бөгөөд энэ бол бардын хүнд бэрх, урт удаан
зам болно. Хонид бардад та өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй
учраас Сидна бардад өөрийн сэтгэл хөдлөлд автахгүй байх нь чухал. Шунал
тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой
ухаанаа хадгалж, эцсийн тохиолдолд ой ухаанаа алдсан ч илүү дээгүүр
төрөл олж болох ажээ.
Та
Сидна бардад байгаагаа мартаж болохгүй бөгөөд ямар ч хана хэрэм, уул
хадыг нэвтэрч гарах чадвартай кармагийн биетэй байгаа учраас дуртай
газраа очиж, дуртай зүйлээ үзэх боломжтой байдаг. Бардад харж буй болон
тань руу ширтэж буй бүхэн хожим ирээдүйд таньтай учран уулзах амьтад юм.
Гэвч та бүх ертөнцийг хэрэн хэсэж чадах боловч хоёрхон газарт нэвтэрч
чадахгүй. Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай ажээ. Газар
дээрхи хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд
таныг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Та 49 хоногоо
гүйцтэл ийм байдалд байна. Ихэнх сүнснүүд Сидна бардад 22 хоногийг
өнгөрүүлнэ. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх, төрөх,
амьдрахын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна бард аз жаргал, баяр
баясгалангаар угтана. Гэвч үүнд хууртан хөөрч болохгүй. Сидна бардад
үзсэн сайн муу аймшигтай, гэрэл гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн тань ухаан
бодлоос урган гарч байдгийг санаж тайван амгалан байх хэрэгтэй. Сидна
бардад хэн ч танд туслахгүй, хувь заяаг тань өөрчилж хүчрэхгүй юм. Энд
дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхлэх боловч хуучин бие тань
энд байх хугацаанд тань өмхөрч үгүй болно. Дахин төрөх гэж бүү яар, аль
нэгэн умайд орох гэж бүү оролд. Зөвхөн зовлон үүрэх гэж аль нэг умайд
орвол яах билээ. Энэ ертөнцөд үзэж буй бүх зовлон зөвхөн танаас өөрөөс
тань гарч байгаа юм. Хэрэв зовлонгоосоо салж чадахгүй бол сайн сүнс
ирээд таны сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Мөн
нөгөө талд нь муу сүнс ирээд таны муу үйл бүхнийг тоолон хар чулуугаар
овоо босгоно. Овоонуудыг хараад айж хашгирч эхлэхэд Эрлэг номун хаан
гартаа хувь тавилангийн толь барин ирж сайн муу үйл бүгдийг тань ялган
толинд тусган харуулна. Та энэ толиноос харж өөрийн үнэнийг мэдэрнэ.
Дараа нь эрлэгүүд ирж хүзүүнээс тань оосорлон чирж элдвээр тамлан зовоох
бөгөөд бие тань дахин бүтэн болж, дахин тамлуулах зэргээр эцэс
төгсгөлгүй гинжин хэлхээ мэт зогсоо зайгүй үргэлжилнэ. Та эл бүгдийг
ухааран ойлготол, та өөрөө өөрийгөө шүүж байгааг, эл бүхэн бохирдсон
оюун ухаанаас тань урган гарч байгааг ойлготол тань үргэлжилдэг байна.
Ямар нэгэн эрлэг бус та өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ ажээ. Эл
бүхэн хий хуурамч үзэгдэл боловч бардын ертөнцөд та өөрөө хий үзэгдэлтэй
адил тул өвдөхийн зовлонг мэдэрнэ.
Нүгэл
буянаа ийнхүү шүүлгэхдээ битгий худал ярь, эрлэгээс битгий ай, түүнээс
хамгаалж туслахыг гуйж залбир, тэгвэл та аврагдана. Энэ бол таны
чөлөөлөгдөх сүүлийн боломж юм. Энэ үед л амьдралын нууцыг тайлж чадахгүй
бол өнгөрсөн бүхнээ мартахад доош унадаг байна. Эл чөлөөлөгдөх
боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алддаг байна. Дахин төрөхдөө
зургаан ертөнцийн хаана ч төрж болно. Таны очих ёстой ертөнц илүү
хурцаар гэрэлтдэг. Цагаан гэрэлтэй нь тэнгэр нарны ертөнц, ногоон
гэрэлтэй нь асур нарын ертөнц, шар гэрэлтэй нь хүний ертөнц, хөх
гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц, улаан гэрэлтэй нь бирд нарын
ертөнц, хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц болой.
Төрөх арга дөрөв бий. Тухайлбал,
өндөгнөөс, умайнаас, жирийн бус замаар, үр тарианаас төрдөг байна. Там,
асур, тэнгэр, бирд нарын ертөнцөд жирийн бус аргаар төрнө. Харин хүн
болон амьтны ертөнцөд төрөл олбол умай хэрэгтэй болно. Өчүүхэн төдий
уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдрал, дэлхий дээр орхисон зүйл, эд
юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэл ба
бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байвал та тамын ертөнцөд төрөх
тавилантай байсан ч төрөл дээшилж төрөх боломжтой. Энэ зургаан
ертөнцөөс илү хурц гэрэлтэж байгаа нь таны өөрийн ертөнц гэж таньсан бол
таны ирээдүйн төрж амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун
санаанд тань өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч
дахин төрөл олж зовох ба жаргах нь таны анхаарал мэдрэмжээс шалтгаалах
тул яарч хэрхэвч болохгүй. Өөртөө аль болох таатай газар олохыг хичээж,
өөрт тань зовлон авчрах умайнаас хол байхыг хичээх хэрэгтэй.
Таны очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга буй: Таныг
умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүүцлээ номхон хүлцэнгүй,
уур уцааргүй, итгэл үнэмшилтэйгээр үйлд. Эр эмийн ажил үйлдэж буй хоёр
хүнийг бүү сатааруулж, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх
хэмээн үзэж, тэдэнд итгэн бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ
сургаал хүс. Тэгэж чадваас таныг хүлээн авахад бэлэн байсан умай
хаагдана. Ингэхийн тулд тэрхүү эр эмийн дуу чимээ, умай энэ бүхэн хий
хоосон зүйл гэж бод. Зөвхөн өөр дээрээ төвлөрч миний оюун ухаан хүртэл
байхгүй зүйл, миний ухамсар бол толины тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж
чадвал таныг хүлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв та сургаалийн үг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол, умайн
ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа
сонгохыг хичээгтүн. Юуны өмнө та төрөх тивийнхээ тэмдгийг олж үзнэ.
Хэрвээ дорнод тивд та төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг
үзнэ. Тийшээ бүү ор. Учир нь тухлаг жаргалтай ч итгэл сул амьдрал болно.
Өмнөд тивд төрөл авах бол гоёмсог орд харш үзнэ. Чадвал тийшээ ор. Өрнө
тивд төрөх бол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд ад баялаг,
хангалуун тансаг боловч итгэл бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд
төрөл авах бол ширэнгэн ой, галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр
нарны оронд төрөхийг хүсвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрэн дуган
харагдана. Чадвал тийшээ нэвтэр. Хэрвээ амьтадын ертөнцөд төрөл авъя
гэвэл манан, утаанд умбасан гүн нүх, агуй харагдана. Битгий ор. Тамд
төрөл авах бол сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Та маш ихээр энэ
дуунд татагдана. Үүнийг эсэргүүцэхгүй бол та энд олон зууны турш зовж
шаналах болно. Одоо та урьдах үйлийн үр буюу кармагаас саллаа. Таны хувь
тавилангийн хүч, түүний тоо томшгүй хүчдэл нь шуургыг үүсгэх болно.
Таны ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч, шуурга дэгдэхэд та аврал
эрэн ийш тийш харсан зүг рүүгээ гүйх болно. Гүйх замд тань олон сайхан
орд харш, тал нуга, нуур, ой, цэцэг навч өмнө тань харагдаж аварга том
бадамлянхуа цэцгэн дотор ороход тань тэрбээр дэлбээгээ хумин дотор нь та
амар амгаланд умбаж дахин салхи шуурганд гарахыг хүсэхгүй болно. Гэвч
та энэ үед ямар ч сонголт хийж чадахгүй тааралдсан умай руу шурган орж
баригдах болно. Сонгох боломжтой байхын тулд энэ үйлийн үр буюу кармын
шуурганаас эмээх хэрэггүй. Шуурга таныг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа,
эсвэл муу зүгийн юмыг зайлуулах бурхадад залбирч мөргө.
Дахин төрөлт: Хэрэв
та умайд орохоос өөр зам үлдээгүй бол дараах сургаалийг сонс. Эхийн
умайд оролгүйгээр муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд
садаа болохоо больж та сонголт хийх боломжтой болно. Таны өмнө дээд,
эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл
авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой. Гялгар
бүхэн алт биш гэдгийг санаж сонголт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Бүх чадлаараа хаан, сурвалжтан байж зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж
төрөхийг хүс. Сайтар нягталж бодсоны эцэст таныг дуудсан умайд ор.
Орохдоо өөрийн хүсэл биелнэ хэмээн итгэж, хайр энэрэл дүүрэн байх
хэрэгтэй. Дотор нь ороод бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ
умайгаа сонгож чадахгүй байвал мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан
хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Тэгвэл өөрийгөө олж харах болно.
Эцэст
нь Чикая, хонид, сидна бардад өнгөрүүлэх хоногууд нийлээд 49 хоног
болдог ба энэ хугацаанд ард үлдэгдсэд нь зул өргөж залбирч байдаг нь
сайн төрлөө олж бурхан болж гэгээрэх, эсвэл арай дээр төрөл олж хүмүүний
ертөнцөд эргэн ирэхийг хүсэж буй хэрэг болох ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.