БУРХАН ӨРШӨӨГ - ГЭЖ ХЭЛДЭГ УЧИР

Эрт цагт, нэгэн хувилгаан хүн холын замд явж байгаад овжин чөтгөртэй тааралдаж гэнэ. Гэтэл тэр чөтгөр нэгэн айлын гурван настай хүүгийн сүнсийг авахаар зорьж явааг мэджээ. Хувилгаан өнөөх чөтгөртэй хамт явахаар шийдэж зам зуурт элдэв яриа дэлгэн явтал чөтгөр хувилгаанаас “Чи юунаас айдаг вэ” хэмээн асуув. Хувилгаан “би аагтай цай, тарган хонины махнаас айдаг даа, харин чи юунаас айдаг вэ?” хэмээн чөтгөрөөс асуухад “би алтан харганаас айдаг” гэж хариулжээ. Ийнхүү явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр “энэ айлд сууж байх зуур хүүхэд нь найтааж магадгүй, тэгвэл “чөтгөр өршөөг” гээд хэлчихээрэй” гэж хувилгаанд захижээ. Хувилгаан, чөтгөр хоёр хоол, цайгаар дайлуулан байх зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр сууж байсан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.

Хувилгаан самбаачлан “бурхан өршөөг” гээд хэлчихэв. Чөтгөр уцаарлангуй төрх гарган сууж байтал хүү дахин нэг найтаах нь тэр. Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож “чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхитол аавынхаа өвөр дээр сууж байсан хүү ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд иржээ. Чөтгөр өнөөх айлаас ухас хийн гарахад хувилгаан мөн адил түүнийг дагаж гараад “сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр “авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихэв ээ, түүнээс чинь болж олон бурхан хүүг тойрч суучихаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэв. Хувилгаан арга сэдэж “алив хүүгийн сүнсийг харъя” гэхэд чөтгөр түүнд харуулж гэнэ.

Хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучихав. Чөтгөр өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шид үзүүлэн өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхцэн уурлаж бутыг тарган хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.

Тэгтэл хувилгаан гал асаан тарган хонины махыг шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээг буцалгаж цай чанаж уугаад ар, өвөр талаа нэлээд зайтай болгоод унтаад өгөв. Чөтгөр хүлээж тэсэлгүй явсан тул цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулав. Аав ээжид нь болсон явдлыг өгүүлж хүүгийн сүнс хэрхэн биенээс нь гарсныг тайлбарлан өгсөн бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад “бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэнэ...

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0