14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ГАЛ ГОЛОМТ

Урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан суудаг байв. Тэгээд нэгэн өдөр дээд тивийн галнаас нь олж авахаар хэлэлцэж тас, бүргэд мэт шувууд бие томтой учир баригдчихна, харин хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйжээ. Хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээшээ хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй “галын хулгайч” гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болсон хэдий ч манай тив галтай болсон гэдэг.

Монголчууд “гал бол хамгийн ариун, юм бүхнийг гал ариутгана” хэмээн дээдэлсээр ирсэн. Холоос яваа аянчин гийчин, оршуулгын үйлд оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгадаг. Монгол угсаатнууд галын утааг галын сүнс учраас түүгээр дамжин хүний сүнс тэнгэрт очно хэмээн үзэж гал дээгүүр алхаж гарахыг цээрлэдэг.

Бурхан багшийн дүйцэн өдөр, цагаан сар, баяр ёслол, гал тахих өдрөөр хамгийн сайн түлээ түлшээ бэлдэн галын бурхандаа өөх тос, өвчүү өргөдөг. Нас барсан хүнд зориулан 49 хоног зулын гэрэл тасалдаггүй нь гүн утга учиртайг өнөө үед тайлах оролдлого хийж байна. Үхээд сэргэсэн хүмүүсийн /клиник үхэлд орсон/ яриагаар бол хав харанхуйд хачин олон чөтгөр шулам таардаг ба тэр үед гэрэл гэгээг маш их хүсдэг ажээ. Эрт үеэс монголчууд тэр 49 хоногт нүгэл мууг цээрлэн буян ном их хуруулж талийгаачийн сүнсийг хоргодуулж тамын харанхуй нүхэнд унагахгүйгээр тэнгэрт халин одох замыг гэрэлтүүлж өгдөг нь гүн ухааны шинжтэй хүнлэг ариун заншил ажээ.

Хурим хийж шинэ гэрт орж байгаа хосууд аавын гэрээс гал тасалж авах заншил үйлддэг. Шинэ нөхөр галын эхэнд, эхнэр галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Ааваа, галаа хайрла!” гэхэд эцэг нь “галаар яах нь вэ, хүү минь” гэж асууна. Хүү “Аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая!” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг хүүдээ хэт цахиураа өгдөг ажээ. Хүү гардан авч адислаад улмаар хэтийг цахиж гал гарган хөгжөөхөд эхнэр шинэ айлын анхны цайг чанадаг уламжлалтай.

Айл сахалтаараа нэгдэн галын наадам хийж түүдэг галаа тойрон бүжиг хийж, дуу хуур, ерөөл магтаал хөгжөөж,  идээ будааны дээж өргөж, 108 эсвэл 1000 зул өргөдөг байна. Мөн 48, 24 цаг асах том зул барьдаг заншил ч байжээ.

Монголчуудын гал тахих заншлаар тэнгэр, бурхадыг баярлуулж ирсэн. 500 – 1000 метрийн голчтой дугуй тойрог бүхий тусгай зассан суурин дээр аргал түлээ өрж, хонины ноос зулж, таван хуруу зузаан шар тос асгаж, дуудлага уншлагыг өндөр дуугаар дуудаж галаа асаадаг байна. Тэр үед дөрвөн зүг, найман зовхист гэрэл туяа цацран аугаа наран, тэнгэр бурхан, дээдсийн сүнс соёрхон айлчлах мэт сонин дүрс, гэрэл гэгээ огторгуйд үүсэж, түмэн амьтны сэтгэл оюуныг бишрүүлдэг ажээ. Монголчууд ингэж бурхан тэнгэрээ баярлуулдаг байжээ.  

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0