14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ЯВУУ

Туг үс, сүүлтэй дээлний тухай хэд хэдэн баримт бий. Туг үстэй дээл Баян-Өлгийгөөс олдох болсон бөгөөд тэдгээрийг Хүннүгээс угшилтай гэдгийг судлаач Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” номондоо дурджээ. Их Монгол Улсын хааны өргөөнд хөл тавьсан анхны Европ аялагчдын нэг Плано Карпини өөрийн тэмдэглэлдээ “Тэд богиновтор үстэй дээлтэй, дээл нь тахимаа хүрсэн сүүлтэй” гэж бичсэн байдаг. Угсаатны зүй судлаач Д.Тангадын судалгааны тайланд “монгол дээл одооных шиг ийм хормойтой байгаагүй бөгөөд хонины сүүл шиг сүүлтэй. Хүүхдийн дээлийг саяхан болтол тэгж хийдэг байсан” хэмээн хууччуулын яриа дурдан тэмдэглэжээ. Судлаачдын үзэж буйгаар бол хонины сүүл шиг хормой хүннүчүүдээс гаралтай гэдэг нь баталгаатай аж. Энэхүү сүүл нь эцэстээ хүүхдийн баривчны захны ард хаддаг сэтэрхий даавуун унжлага болсон гэж тайлбарлах нь ч бий.

Пазырыкийн булшнаас олдсон дээлнүүд туг үстэй байдаг. З.Фройдын “Онгон шүтээн хорио цээр”-ийн тухай номонд “туг үс тахих” заншлын талаар бичсэн байдгаас гадна олон судлаачид энэ тухай тайлбарлажээ. Хүй нэгдлийн үеэс монголчууд энэ заншлыг хувцсандаа хадгалж авч үлдсэн нь баримтуудаас харагддаг байна. Онгон шүтээн болсон амьтныхаа үсийг хувцас хунартаа үлдээдэг. Агнасан ангынхаа туг үсийг нь авч “уучлал” гуйгаад хувцсандаа хаддаг заншилтай байв. Хүннүгийн үеийн булшнаас олдсон олдворуудаас шинжихэд ханцуйны үзүүр, хормой, зах хавиар мөн энгэрийн голоор туг үс хаддаг байжээ.

Эцэстээ, туг үс нь муу зүйл болохоос сэргийлэх утга агуулсан чимэглэл болж он цагийн явцад тус заншил нь хүүхдийн баривч (дээл)-нд хаддаг “явуу” болон үлджээ. Явуу хүүхдийг хамгаалах зорилготой. Одоо ч хөдөөний хүмүүс хаа нэгтээ хүүхдийн дээлний захны ард бэлгэдлийн шинжтэй сэтэрхий даавуу хадаж “явуу” гэж нэрлэх нь ч бий. Мөн “явуу” хэмээх дун шиг хэлбэрт зүйлийг хаддаг заншил ч үлджээ. Явуу нь хэл ам, хар энерги залгигч лусын хамгаалагч бөгөөд өөрийн биеэ хамгаалах чадалгүй нялх балчир хүүхдийн дээл хувцсанд хэрэглэгддэг байна.

Олон түмний өхөөрдсөн алдар нэр, атаа жөтөө, хов жив, элдэв зарга ярианаас хамгаалж шилэн хүзүү, зүрхэн тус газар, бүслүүрт голчлон байрлуулж хаддаг ажээ. Бүснээс доош хадахыг хориглох ба “явуу эзэндээ гомдоно” хэмээдэг байна. Явуу-г амилуулахдаа рашаанд хийж сарны гэрэлд хонуулдаг ба “лусын эзний шидээр, саран ээжийн сүнсээр, хайртай үрийнхээ төлөө Явуу таныг би .... хугацаагаар урин залж балчир үрийг минь хамгаалахыг хүсэж байна” хэмээн хэлдэг аж. Хугацаа хэлдэгийн учир нь явуу-нд гурван жилээс илүү урт хугацаагаар амь шингэдэггүй хэмээн үздэгтэй холбоотой.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0