ДАЛНЫ ЯС БА ЦЭЭРЛЭХ ЁСОН

Дал бол малын урд мөчид хамаарах бөгөөд аливаа дайллаганд эрхэмд тооцогдон, тахилгад дээдлэгдэн мэргэ төлгөнд хэрэглэдэг онцлогтой. Далыг нагацын дэргэд иддэггүй. Далыг шүдээр мэрэх, хумсалж идэх, зулгааж идэх, ганцаараа идэхийг цээрлэдэг, зөрчвөл хойд насандаа чоно нохой болно хэмээнэ. Чанахдаа дал мөгөөрс хоёрыг заавал салгаж хэлхээтэй чанадаг. Өрхийн тэргүүн эцэг, эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхгийн дагуу зүсэж бүх хүнд хувь түгээдгээс “далны хуудсыг далан хүнд” гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоёр гараар тосч авах бөгөөд хүүхдээс бусад нь “дал нь даага болог, даага нь дал болог” гэж ерөөдөг.

Далны ясыг шатааж мэргэлэх ба тухайн айлын одоо болон ирээдүйд болох, болохгүй зүйл, малын хэвтэр, хишиг буян, үр хүүхэд, адуу мал, хүний уур омог гээд л олон содон шинж тэмдэг байдаг ажээ. “Нутаг дээр хаясан дал шагай хоёр гурван жил эзнээ хардаг” гэж ярилцдаг. Тиймээс далны хормойг сэтлэх буюу цоолж хаядаг ёстой. Эрт дээр үед нэгэн дээрэмчин айлын нутаг дээр байсан далны ясыг хараад өмнө зүгээс их хэмжээний алтан эдлэлтэй баян хүн ирэх нь гэж шинжээд дээрэмдэхээр шийдэн арын ууланд бүгжээ. Гэтэл баян эзэн хоноглох газраа үзэхээр хөсгөөс түрүүлж ирээд айлын нутаг дээр буй нөгөөх далыг үзээд “энэ дал дээрэмчин отож байна гэж хэлж байна” гээд зүгээ буруулсан юм гэдэг. Тэр цагаас хойш далыг сэтэлж хаядаг болжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0