СҮҮ

Судлаачдын тогтоосноор өдөрт 500 грамм сүү хэрэглэхэд насанд хүрсэн хүний амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээний 35 хувь, нүүрс усны 5 хувь, кальцын 69-75 хувь, калийн 24-30 хувь, магнийн 17-33 хувь, Д аминдэмийн 30 хувь, В2 аминдэмийн 33 хувь, А аминдэмийн 11 хувийг тус тус хангаж чадах юм. Сүү нь бие махбодод амархан боловсорч, бараг бүрэн шингэдэг төдийгүй бусад тэжээлийн шингэцийг сайжруулдаг, шингэж боловсрохдоо ходоодны шүүсийг хамгийн бага хэмжээгээр ялгаруулдагаараа онцлог юм. Үнээний сүү шим тэжээл төгөлдөр тул уушгины архаг өвчнийг арилгана. Шар өвчин, хижиг, шижин, амьсгалын замын дутагдал, ханиах, өлсөн ундаасах, толгой эргэх, ядаргаа зэргийг засахад сайн. Хааяа хааяа гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний цэвэр түүхий сүү илүү тохиромжтой. Монгол үнээний сүүний найрлаганд тос 4.28 хувь, уураг 3.42 хувь, сахар 4.75 хувь агуулагддаг байна.

Монголчууд малын сүүг идээний дээд хэмээн хүндэтгэж, бузар муухай бүхнийг сүүгээр ариулан, сайн сайхан бүхнийг сүүтэй зүйрлэн үздэг. Хүн алс хол явахад ханилсэн гэргий, халамжит эх нь сүү өргөх, хүүхдийг угаахад “сүү шиг цагаан мөртэй яваарай” хэмээн хөлд нь сүү дусаах, холын аянчин гийчинг үдэхдээ унаж ирсэн хүлэг морины дөрөөнд нь сүү дусаах зэрэг ёс уламжлалтай. Сүүн цацлыг есөн нүдтэй сацлаар эх дэлхий, уул усандаа өргөж “баян хангай минь, эх дэлхий минь бидэндээ буян хишгээ хайрлаж, амьдралыг минь ивээн тэтгэ, хол яваа хүний үйл хэрэг бүтэг, ойр байгаа бүхэнд баяр жаргал хайрла” хэмээн залбирч хүсдэг.

Цагаан идээг таваглан засахдаа толгой нүцгэн байхыг цээрлэдэг. Сүүгээ асгаж цутгавал амны хишиг, малын буянд сэв сууна хэмээх ба асгавал дунд хуруугаар сүүнээс авч духандаа хүргэн цээр тайлдаг. Сүүнд цус дусаах аваас муу ёр, уургийг зогсоогоороо идэх аваас мал зогсоогоороо төрж хүндэрнэ, цагаан идээний савыг хөмөрч тавибал буян хишиг хорогдоно, сүүн дээр ус хийвэл цагаан санааг хар санаа дийлэх гай ирнэ, цагаан идээг урд зүг үүд рүү харуулан аягалж савлах аваас гарз гарна гэх мэтээр цээрлэдэг ёс бий.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0