• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

МОРИН ХУУР

Монголчуудын түүхийг морь бүтээсэн гэж зүй ёсоор хэлж болно. Монголчууд хүнээсээ олон морь дагуулан явж дайтдаг байв. 3 өдрийн дараа ирнэ гэж тооцоолж байтал 1 өдрийн дараа л ороод ирдэг морьт армитай байв. Монголчууд хамгийн эрхэмлэн хайрладаг мориндоо зориулан хөгжмийн зэмсэг бүтээсэн билээ. Товшуур, эхил, цоор, хулсан хуур, морин хуур нь нэн эртний чавхдаст монгол хөгжим юм.

Энэ хөгжмийг анх эртний Хүннүд үүссэн гэдэг. Хөгжмийн хамгийн дээд хэсэгт морины толгойг чимэглэсэн байдаг учраас морин хуур хэмээн нэрлэжээ. Морин хуур нь монгол морь, монгол хүнтэй салшгүй нандин холбоотой билээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэж хуурандаа хадаг зүүж хүндэтгэн гал голомт руугаа харуулан байрлуулдаг. Морин хууртай айлыг бүтэн айл, морин хуургүй айлыг бэлэвсэн айл хэмээх ёсон байжээ. Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлгэдэл юм.

Морин хуур татаж сурч байгаа хүн хамгийн түрүүнд жороо морины явдлыг аялгуулан татаж сурдаг. Монгол морь нь монгол цэргийн бахархал, эв нэгдлийнх нь хамгийн гол түшиг тулгуур байсан билээ. Чингис хаан 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлж, 400 – 800 мянган морьдыг дагуулан явдаг байв. Тийм учраас Монголын армийн хамаг гол хүч нь морь байсан бөгөөд Чингис хаан тэдний хүч чадлыг бий болгосон гэж түүхчид үздэг.

Орчин цагт морин хуурыг хувь хүмүүсээс илүү мэргэжлийн хөгжимчин хүмүүс тоглох нь давамгайлжээ. 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. 1992 онд Монгол улсын Морин хуурын чуулга байгуулагдан өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон билээ. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.

Орчин цагийн морин хуурын хувьсал нэрт хуурч Г.Жамьян гуайтай шууд холбоотой. Г.Жамьян гуай морин хуур тоглох шинэ сургалтын аргыг боловсруулжээ. Өөрөө виолэнчелло тоглодог байсан тул түүн дээрээ үндэслэж шинэчилсэн бөгөөд энэ нь маш чухал эргэлт болжээ. Учир нь 1940-1950 оны үед морин хуур гэрээс гарч концертын танхимд эгшиглэх болсон юм. Морин хуурын хөгжмийн зэмсэгт шинэчлэл хийсэн хүн бол Оросын мэргэжилтэн Д.Ярвой болон түүнтэй хамт ажиллаж байсан Монголчууд билээ. Тэр үед морин хуурыг хийл хийх аргаар хийж модон цартай болгосноор дуу нь сайжирч, цаг агаарын бэрхшээлийг давах чадвартай болжээ. Шинэчлэлийн дараагийн шат бол морин хуурыг үйлдвэрийн аргаар олон цөөнөөр хийж эхэлсэн бөгөөд энэ нь 1990-ээд он юм.