• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ТАРАГ

Исгэлэн бөгөөд сүүн амттай энэ ундааг түүхий ба болсон сүүгээр хийнэ. Монгол таргийг бүрэхдээ эхлээд болсон сүүг 42-45 хэм хүртэл халаагаад хөрөнгө хийнэ. Хөрөнгийг хийхдээ бүрэх сүүний 1-3 хувиар бодож хийдэг. Тарагны хөрөнгөнд нүдэнд үл үзэгдэх сүүн хүчлийн бактерууд байдаг бөгөөд тэдгээр нь сүүний чихрийг задлан сүүний хүчил болгож хувиргасны үр дүнд тараг бүрэлддэг. Хөрөнгө багадвал тараг бүрэлдэх нь удаашрах ба хөрөнгө ихэдвэл хэт исгэлэн хүчтэй болно. Сүүнд хөрөнгө хийсний дараа сайтар самарч жигд холиод, саванд хийн таглаж 35-40 хэмийн дулаан орчинд хөдөлгөөнгүй байлгана. Шинэ таргийг шүүсний дараа үлдэх өтгөн хувийг хөрөнгө гэж нэрлэдэг. Тараг тэжээллэгээс гадна эмчилгээ сувилгааны ач тустай. Гэдэсний хижиг, цусан суулга мэтийн халдварт өвчнийг үүсгэгч бактеруудын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.