ЦООР

Монголын язгуур хөгжмийн төрлүүдээс хамгийн эртний түүхтэй нь цоор хөгжим бөгөөд “ЮНЕСКО”-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ. Түүхийн сурвалж бичгээс үзэхэд Хүннүгийн үед уг хөгжмийг ашиглаж байсан баримт байдаг ба багаар бодоход 2000 жилийн настай хөгжим юм. Гэхдээ эртний индианчууд ч эл хөгжмийг хэрэглэдэг байсан гэх ул мөр олдсон байдаг гэнэ. Америкийн эрдэмтэд индианчуудыг 25,000 жилийн өмнө амьдарч байсан хэмээн таамагладаг байна.

Цоор хэдэн мянган жилийн түүхтэй атлаа өнөө хэр өнгө төрхөө хувилалгүй, эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн ажээ. Тиймээс цоорыг  Монголын төдийгүй хүн төрөлхтний ууган хөгжим гэж хэлж болно. Балчиргана буюу цооргоно гэх урамлаар хийдэг учраас цоор хэмээн нэрлэсэн бөгөөд нутгийн аялгаас хамааран зарим газар цоор, зарим нутагт цуур гэдэг.

Цоор нь дотроо гуурсан, модон, тасын шөрмөсөн гээд хийцээсээ шалтгаалан олон янз байдаг. Модон цоорыг дотор нь өвсөн, модлог, зөөгөн гэж ангилдаг байна. Амьтны авиа, байгалийн дуу чимээг дуурайлган гаргах энгийн бүтэцтэй ийм хөгжим дэлхий дахинд тун цөөхөн байдаг. Мөн цоор тоглож сурах нь амаргүй ажээ. Лимбийг сурахын тулд 5 минут сургуулилахад эхний авиаг дуугаргадаг. Хажуунаас нь үлээдэг учир исгэрэх авиа амархан гардаг бол цоорыг дээрээс нь доош шулуун үлээдэг тул авиа гаргаж сурахад л хэдэн өдөр шаарддаг гэнэ. Үлээвэр хөгжмийг зүгээр л үлээж тоглодог бол цоорыг тоглоход хагас хөөмийн арга техник хэрэглэдэг ажээ. Хүний өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсэгтэй хавсран аялгуу тоглодог нь цоорын гол онцлог юм. Монголчууд өөрсдийн нүүдлийн ахуй амьдралд зохицуулан бага зэрэг хувиргаж, бүтэц хэлбэрийн хувьд энгийн, гарын доорх материалаар хийж болохуйц болгосон нь бүх нийтээр хэрэглэж, үе дамжуулан өнөө цагт авч ирэх гол түлхүүр болсон хэмээн хөгжим судлаачид үздэг байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0