Чавхдаст хөгжмийн хамгийн эртнийх нь ятга хэмээдэг. 5000 жилийн тэртээ Жагарын хаан Раваана ганц утастай, хөвчит нумаар хөрөөдөж дуу гаргах санаачилга гаргасан нь хожмоо ятга үүсэх үндэс болсон гэдэг. Хятадын сурвалжид НТӨ III зуунд хүннүчүүд кун-хоу, ху-кун-хоу гэсэн хоёр төрөл хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсны кун хоу нь чавхдаст товшуур ятга, нөгөө нь хуурын төрлийн зэмсэг хэмээн тэмдэглэжээ.
Хубилай хааны үед хөгжмийн хороо байгуулж, төрийн их ятга, аху их ятга, босоо ятга, ятгалаг, хэвтээ ятга, өнцөгт ятга, нуман ятга зэрэг ятгын төрлүүдийг найрал хөгжимд нэр заан оруулсан түүхтэй. Энэ уламжлал өдгөө ч хэвээр хадгалагдаж, Монгол төрийн их найралд ятга багтдаг юм. Мөн 500 жилийн тэртээ зохиосон Жангарын туульд “Ерэн нэгэн чавхдаст өндөр хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов” хэмээн тэмдэглэжээ.
XYIII зууны үед одоогийн Баянхонгор аймгийн Номун хан хийдэд буддын шашны хурал номын үед ятга хөгжмийг хэрэглэж байсан баримт бий. Монголчууд “хүн ятга”, “бар ятга” гэх мэт ятгуудыг урладаг байжээ. Ятга нь чавхдаст, товшвор, цохивор зэмсгийн аймагт багтана. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй, хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа байрлаж, түүнээс дотогш бүдүүрсэн дарааллаар, таван эгшгийн эрэмбээр хөглөгдсөн байдгаараа онцлог ялгаатай.
Эртний сурвалж бичигт ятгыг хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй бөгөөд эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг хэмээн тэмдэглэсэн нь бий. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. Ятга нь 13 тэвхтэй, их биеийн дээд талыг нүүр гэх бөгөөд нүүрэн талаар бүдүүнээс эхлэн дээш нарийссан 13 ширхэг мяндсан утас татаж, өндрөөсөө нам тал руу 13 ширхэг тэвхийг дараалуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татна. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндсаар эрчилж хийсэн 13 утас бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгаралтыг тогтоож өгдөг байна. Эдүгээ түгээмэл хэрэглэж байгаа ятга нь урт шулуун хэлбэртэй бөгөөд бага наймцын соль-оос гуравдугаар наймцын ре нот хүртэл дуугарах чадалтай. Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам уянгалаг учраас аргил болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой юм.
Ятгыг хөгжимдөх арга нь баруун гараар чавхдасыг татаж, зүүн гараар чавхдасыг дарж хөгжимддөг. Энэ нь ятгын доод хэсэгт чавхдасын илүү гарсан үзүүрийг баглан байрлуулсантай холбоотой юм. Эрт үеийн монгол ятгын доод буюу нүүрэн хэсэгт багласан утас байхгүй байжээ. Ийм учраас монгол ятгын чавхдасыг баруун зүүн аль ч гараар татаж, цохиж, дарж, нясалж, имэрч, чавхдаж байсан ажээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.