ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНЭ

Хаан төрийн долоон эрдэнэ хэмээх эдгээр эд зүйлсийг дөрвөн их тивийг захирсан Алтан хүрдэт Загарбардин (санскритаар Чакравартин) хаан эзэмшдэг гэж Буддын шашинд үздэг. Энэхүү хаан нь улс гүрнээ амар хялбар саадгүй захирахын тулд урьд үйлдсэн агуу их буяныхаа хүчээр эдгээр эрдэнэсийг эзэмшдэг ажээ. Харин эдгээр эрдэнэсийг бурханд өргөсөн хүн хойт төрөлдөө Загарбардын хаан болж төрөх эсвэл бурхны номыг үзэх гадаад, дотоод нөхцөл төгс бүрдсэн газар төрөх үйлийн барилдлагатай болдог гэж үзэх тул хаан төрийн долоон эрдэнийг бурханд өргөх явдал Буддын шашинтай орнууд ялангуяа Монголд ихээхэн түгээмэл байжээ.


Эрдэнийн алтан хорол: 500 милийн диаметр том, 1000 хигээстэй Загарбардин хааны хөлөг унаа бөгөөд хаан болон түүний нөхөд сэлтийг гурван мянган ертөнцөд нэгэн өдрийн дотор саадгүй аваачдаг гэдэг. Энэхүү хааны эрх  хүчний бэлгэдэл болсон алтан хүрдний очсон газар бүр хааны эрх мэдэлд ордогтой адил бурханы номын хүрд эргэх газар бүрт мунхаглал бүхэн дарагдах болно хэмээн бэлгэддэг.




Чандмань эрдэнэ: Номин эрдэнийн өнгөтөй, таван өнгийн гэрэл цацруулан 3000 ертөнцийг гийгүүлдэг. Энэ нь хаанд бүх улсаа харж хянах боломж олгодог төдийгүй гэрэл нь шөнийг өдөр, хүйтэнийг дулаан, халууныг сэрүүн болгож хувиргадаг байна. Түүнчлэн өвчин зовлон, зуурдын үхлээс сэргийлэх,  хүслийг биелүүлэх увидастай хааны эрдэнэ ажээ.





Хатан эрдэнэ: Гайхмаар үзэсгэлэнтэй, бие нь төрөлхийн анхилуун үнэртэйн дээр хүрсэн хүн болгонд таашаал хүртээдэг онцгой эрдэмтэй ажээ. Тэрээр өөрийн харъяатуудаа эхийн хайраар асардаг, зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг ажээ.






Заан эрдэнэ: Хаан болон түүний албат нарыг нэг өдөрт гурван мянган ертөнцийг гурав тойрон зөөх мянган зааны хүч чадалтай ба зөнгөөрөө хааны дайснуудыг ямар ч саадгүй дардаг ажээ.






Түшмэл эрдэнэ: Хааны хүслийг зөн совингоороо мэдэж, түүнээс асуулгүйгээр ажил хэргийг чадварлагаар удирдан биелүүлдэг. Хаандаа үнэнч, дорд амьтныг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр ажил үйлсээ номын дагуу бүтээдэг ажээ.





Төгс жанжин эрдэнэ: Мөнгө, бусад эрдэнэсээр бялхуулж байдаг бөгөөд хэнийг ч зальдаж мэхэлдэггүй ажээ. Хааны албат нарт эд баялгийг авчирахдаа  байнга шударга, зоригтой  байхын дээр асрал энэрэл ихтэй тул бусдад байнга хүндлэгддэг ажээ.





Морин эрдэнэ: Цагаан өнгөтэй, эрдэнээр чимэглэгдсэн салхи шиг хурдан, зөнгөөрөө унаж буй эзнээ хор хөнөөлөөс хамгаалж хүссэн газарт нь хүргэдэг.



Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0