• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

МАГТААЛ

Нүүдэлчдийн аж амьдралын өвөрмөц онцлогийг илтгэсэн урлагийн нэг төрөл бол магтаал юм. Урлагийн энэ төрөл ерөөлөөс үүдэлтэй бөгөөд Монголчуудын аж амьдрал, зан үйл, шашин шүтлэг, зугаа цэнгэл зэрэг олон талт амьдралыг тусгадаг. “Гавъяат үйл, ололт, амжилтыг магтан сайшааж, баярлан бахдсан сэтгэлийг илэрхийлэн баяр ёслолын үеэр уянгалан дууддаг тусгай зан үйл бүхий уламжлалт яруу найргийн төрөлтийг магтаал гэнэ” хэмээн урлаг судлаачид тодорхойлсон байдаг. Ерөөлөөс үүсэн бий болсон тул дүрслэн шүлэглэх маяг, зан үйлийн холбогдол, үг хэллэгийн байдал, аялгуулан дуудах зэрэг олон талаараа төстэй боловч “болтугай” хэмээн төгсдөггүйгээрээ ялгаатай. Магталыг агуулгых нь хувьд зугаа цэнгэлийн, аж амьдралын, зан үйлийн, шашин шүтлэгийн, мал амьтны хэмээн тав ангилдаг. Зугаа цэнгэлийхээс бусад төрлийн магтаал нь товчхон хадаг сүү өргөх гэх мэт зан үйлтэй хавсардаг бөгөөд он цаг улирах явцад дуу болон хувирсан явдал цөөнгүй байдаг. Эртний Монголчууд эгшиг авиаг аялгуулан өргөл залбирал өргөдөг байсан. Энэ нь тэнгэр шүтлэгийн дуудлагын аялгуунаас үүсэлтэй хэмээн эрдэмтэд үздэг.