Монгол аман зохиолын нэг төрөл нь тууль бөгөөд туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалсан байдаг боловч бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй ажээ. Урианхайн туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” хэмээн ярьдаг. Бөөгийн дуудлага нь өөрийн онгод тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, бусад урин залая гэсэн бүгдийг уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл байдагтай адил туульч хүн Алтайн уулс, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа Хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлдэг байна.
Тууль хайлахад тогтоосон дэг жаяг байхгүй бөгөөд туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад өөрийн цэцээр өгүүлэн хэлэх учиртай ажээ. Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг ажээ. Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Гай барцад, хэл ам, үхэл зовлонг засахын тулд “Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин туулийг хайлдаг. Хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дуудахын тулд “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиудыг хайлдаг. Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх, унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг хэмээн туульчид ярьдаг. Туулийг маш удаан хугацаагаар хайлдаг бөгөөд “Довон хар бөх”, “талын хар бодон” хэмээх туулиудыг өвлийн цагт бүрэнхий болох үе буюу 16-17 цагийн үеэс хайлж эхлээд өглөөний 9 цагт завсарлаад орой нь дахин үргэлжлүүлж хоёр шөнө хайлж дуусгадаг. Гэхдээ туульч бие засах, хоолойгоо зайлах, цай уух зэрэг завсарлага авдаг. Тууль хайлахад өөр аялгуугаар ярьдаг, тухайн туулийн гол баатарын дүрүүд туульчийн нүдэнд бууж ирэхээс гадна дутуу хайлж болдоггүй. Сарын өмнө хайлсан туулиа сарын дараа дахиад хайлах гэх мэтээр цаг хугацааны хувьд зөрүүтэй байсан ч үйл явдлыг зөрүүлэхгүй хайлах учиртай. Харин мөр бадаг, шүлэг нь яг ижил байх албагүй бөгөөд тухайн үедээ шүлэглэж байгаа учраас өөр байж болдог ажээ. Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг.
Монголын баатарлаг туульд Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй, Бум-Эрдэнэ гэх мэт туулиуд ордог бол хамгийн урт тууль нь 14 мянган шүлэгтэй “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль ажээ. Тууль нь өөрөө зүйр цэцэн үг, дуу шүлэг зэрэг аман зохиолын олон төрлүүдийг багтаасан байдаг. Ард түмний дунд “туульч” хэмээн өргөмжлөгдсөн баядын алдарт туульч М.Парчин, урианхайн туульч С.Чойсүрэн, Ө.Буян, халхын Ө.Лувсан хуурч хэмээх авъяастангууд байжээ.
Гэсэр хааны тууль: Эдүгээ хүртэл ардын хэдэн зуун уран сайханчид Түвд, Өвөр Монгол, Хөхнуурт Гэсэр баатарын үйл явдлыг уламжлан дуулсаар байна. Гэсэр хааны тууж нь НТӨ 100-300 оноос НТ YI зууны үеийн хооронд үүсч бүрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа үйл явдал, хэлц хэллэг нь тасралтгүй баяжин хөгжиж ирсэн. Туулийн агуулгаас дурьдвал: Эрт цагт Түвдийн газар бүхэнд мангас чөтгөр бий болж, ард иргэд гал усны гаслан зовлон амсаж байжээ. Энэрэнгүй нигүүлсэнгүй хомьсон бодьсадва хамаг амьтныг аврахын тулд тэнгэрийн сахиусан хөвгүүнийг тоост ертөнцөд туслуулахаар илгээжээ. Сахиусан хөвгүүн Туйбагава хувилан төрж Түвдчүүдийн эзэн богд Гэсэр хаан болжээ. Гэсэр хаан мангас чөтгөрүүдийг дарж, ард иргэдэд жаргалыг эдлүүлэх үүрэг хүлээж, онцгой зан чанар, ер бусын хүчин чадал олж, гурван хувилгаан сахиусыг биедээ нэгтгэж хагас сахиусан, хагас хүний дүртэй баатар болон хувирчээ. Гэсэр хаан олон саад бэрхшээл, ад зэтгэрийг давж, авъяас чадлаа бадруулан, дайн хийж дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулжээ. Гавъяа зүтгэлээрээ бүрэн төгс ялалтыг байгуулж өөрийн эх, хатан зэрэг хүмүүсээ авч тэнгэрийн орондоо буцсанаар үйл явдал өндөрлөдөг. Гэсэр хааны тууж нь нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, 20 сая үгтэй ажээ.
Жангарын тууль: XY зууны үед Ойрадын ард түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. Судлаачид монголчуудын дунд Жангар тууль тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Жангарын туулийг бүрэн олж цуглуулан, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. 2006 онд Т.Галсан “Монгол Жангар” хөлгөн их судрын хоёр ботийг хэвлүүлжээ. Жангар туульд Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичсэн аман зохиолын чухал өв соёл учраас зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн олон ард түмний сонирхлыг татаж, олон судлаач эрдэмтэдийн судлагдахуун болжээ. Түүний нэг тод жишээ нь 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бол 1990 онд Жангар тууль зохиогдсоны 550 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үрэмч, Улаан-Үд, Улаанбаатар хотод болж олон судлаач эрдэмтэдийн бүтээл судлалыг баяжуулжээ. Тууль судалдаг эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийд түгсэн “Одисей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатар”, “Манас”, “Нартам” зэрэг алдарт туулиудтай эн зэрэгцүүлэн нэг эгнээнд тавьж судалжээ. Эдүгээ “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 30 орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна. Баруун монголын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж “Жангар” туулиа сонсдог байжээ. Энэ туулийн хамгийн гол утга санаа нь “өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар ... дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй...” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай ажээ. Жангар туужийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж тууль болгон хайлсаар иржээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.