Ардын уламжлалт хөгжим нь XIII зууны үеэс эхтэй бөгөөд Монголчууд Төв Азийн ард түмний хэрэглэж байсан зарим утсан болон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг өөрийн болгон хөгжүүлжээ. Цохивор хөгжмийн зэмсэгнүүд буддын шашин болон бөөгийн зан үйлд хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай. Хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг, мэргэжлийн хөгжмийн зэмсэг гэж ангилдаг. Тодорхой ястны уламжлалт ахуйд хэрэглэгддэг хөгжмийн зэмсгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ. Монголын ардын хөгжмийн зэмсгийг ерөнхийд нь чавхдаст, үлээвэр, цохилуур хөгжим гэж ангилдаг. Чавдаст хөгжмийг дотор нь чавхдаст чимхүүр (ятга, шударга), чавхдаст нумт (морин хуур, хуучир, шанаган хуур), чавхдаст цохилуур (ёочин) хөгжим гэж ялгана. Үлээвэр хөгжмийн төрөлд лимбэ, цуур, аман хуур, бүрээ, ямаан бүрээ, их бүрээ, эвэр бүрээ гэх мэт зэмсгүүд хамаардаг бол цохилуур хөгжимд зэс харанга, дохиурт хэнгэрэг, цан, бөмбөр, хонх, дамар зэрэг хөгжмийн зэмсгүүд багтана.
Бийбаа: Эртний монголын шанаган хуурын нэг, дөрвөн чавхдаст хөгжим бөгөөд Монголд I-IY зууны үед эртний Энэтхэг, Түвдээр дамжин орж ирсэн гэж үздэг. III зуунд бийбаа хөгжмийг хааны ордны хөгжим гэж нэрлэдэг байжээ. Энэ хөгжим нь хоёр янз байдаг бөгөөд дугуй цартай “бибилэг”, нөгөө нь гэдгэр богино эштэй, цүдгэр зууван лийр хэлбэртэй байдаг. Хөгжмийн цар болон ар талын хэсгийг улаан зандан модоор хийдэг.
Ёочин: Чавхдаст цохилуур хөгжмийн зэмсэг бөгөөд анх Төв Азид дэлгэрч, IY зууны үеэс Хятадын Мин улсад нэвтэрчээ. Ёочин гэдэг нь “ян цинь” гэсэн хятадаар хэлсэн хэллэг ажээ. Монголоор янчир нэртэй байсныг сунжруулан “ёочин” болгосон байна. Дундад зуунаас эхлэн олон оронд дамжин хэрэглэгдэхдээ хувьсан өөрчлөгдөж сантур, цимбал, чанг, чанк, янгум гэх мэт олон төрөл зүйл болон дэлгэрчээ. 1991 оноос хойш Монголд 8,10,12 эгшгийн эгнээг багтаасан 6-7 төрлийн ёочинг хэрэглэж иржээ. Ёочинг хатуу модоор хийдэг бөгөөд утас нь 18 мөр, мөр бүрийн утасны тоо нь 3-4 ширхэг байдаг. Ерөнхийдөө зууван дөрвөлжин маягийн трапец хэлбэртэй, дээд хэсэг нь доод хэсгээс хэмжээний хувьд бага. Орчин үед ардын найрал хөгжимд гоцлол буюу хавсарсан үүрэг гүйцэтгэнэ. Их гарын ёочин нь 16-20 тэвхтэй, дунд гарын ёочин нь 12-16 тэвхтэй. Тэвхний байрлалыг ойртуулснаар монгол ардын богино дуу хөгжимдөх техникийг сайжруулах, улмаар дэлхийн сонгодог зохиол хөгжимдөх бололцоог өргөжүүлдэг. Ёочин нь хоёр хулсан цохиуртай, дуу намсгагчгүй учир цангинасан цуурай ихтэй, чанга өвөрмөц эгшиглэнтэй зэмсэг юм.
Лимбэ: Эртний уламжлалт үлээвэр хөгжим бөгөөд нарийн өвөрмөц аялгуутай байдгаараа монгол ардын дуу хөгжимд тохиромжтой байдаг. Монголчууд “хөндлөн бишгүүр” гэж нэрлэдэг байв. Лимбэ гэдэг нэршил нь түвд хэллэг ажээ. Хөдөө хээр хаяагүй тохиолддог тарвага зурамны нүх бүхий овгор газар ургадаг гишүүний цооргоно хэмээх ургамлын хатсан голыг авч нүх гаргаад үлээж тоглодог байснаас санаа авч лимбэ хийсэн гэдэг яриа бий. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийдэг болжээ. Лимбэний эгшиг гаргах нүх хоорондын зайнаас шалтгаалан гарах аялгуу нь өөр өөрийн өвөрмөц өнгөтэй байдаг байна. 1962 онд хөгжим зохион бүтээгч Д.Индэрээ гурван янзын лимбэ бүтээжээ. Лимбэ тус бүрийн эгшиг гаргах нүхний хоорондын зайг харилцан адилгүй хийснээр өөр өөрийн өвөрмөц өнгө аялгуутай болсон байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж их, дунд, бага гарын гэж ангилдаг. Толгой талд богино залгаа хийж хөг тааруулна. Лимбэ нь тоглогчоос битүү амьсгаагаар тоглох ур дүй шаарддаг өвөрмөц зэмсэг ажээ.
Хуучир: Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг нь хуучир юм. Хуучир олон янзын нэртэй бөгөөд баруун монголчууд хялгасан хуур, зүүн монголчууд аралт хуур хэмээн нэрлэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Эртний хуучир нь нэг чавхдастай байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Монгол хуучир угалзтай, чихтэй, морин толгойтой байв. Одоогийн хуучир хөгжим нь 80 сантиметр урттай бөгөөд түүнийг улаан зандан болон хар модоор хийдэг. Хуучир нь монгол ардын дуу, магтаал зэрэгт тохиромжтойн дээр монгол ардын найрал хөгжимд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуучир хөгжмийн царыг ботгоны болон могойн арьсаар бүрж хийдэг.
Хэл хуур: Хэлбэр хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуутай. Хоёр мянган жилийн түүхтэй атал анхны хэв шинжээ алдаагүй байна. Орчин цагийн аман хууртай андуурах нь бий. Хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж авиа гаргадаг хэсгийг “хэл” хэмээдэг бөгөөд үүнээс үндэслэн “хэл хуур” хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан, ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалаас үүдсэн нэршлүүд ажээ. Хэл хуур нь бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой байдаг. Хэл хуур нь бөө удганы хөгжмийн зэмсэг бөгөөд “онгодын хөлөг” хэмээн нэрлэгддэг. Гэвч хэл хуур ашиглахгүйгээр онгодоо дууддаг бөө ч цөөнгүй. Бөө мөргөл дэлхийн 100 гаруй оронд тархсан байдаг учраас хэл хуур ч түүнийг дагаад олон оронд тархжээ. Хийц нь энгийн хирнээ дуугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад хялбар. Хэл хуур хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч НТӨ III-I зуунд Хүннүчүүд хэрэглэж байсныг нотлох ясан хуур Төв аймгийн Алтанбулаг суман дахь булшнаас гарчээ. Ясан, төмөр, хулсан хуур Монголд зэрэг хөгжиж хадгалагдсаар иржээ.
Цоор: Монголын язгуур хөгжмийн төрлүүдээс хамгийн эртний түүхтэй нь цоор хөгжим юм. Монголчууд нүүдлийн амьдралд зохицуулан бага зэрэг хувиргаж, бүтэц хэлбэрийн хувьд энгийн, гарын доорхи материалаар хийж болохуйц болгосон нь өнөө цагт авч ирэх нөхцөл болжээ хэмээн судлаачид үздэг. ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдсэн энэ хөгжмийг эртний индианчууд ч хэрэглэдэг байсан гэх ул мөр олджээ. Цоор хэдэн мянган жилийн түүхтэй хэрнээ өнөөг хүртэл эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн байна. Балчиргана буюу цооргоно гэх ургамлаар хийдэг байсан учраас “цоор” хэмээн нэрлэсэн бөгөөд нутгийн аялгуунаас хамааран зарим газар цоор, зарим газар цуур гэдэг. Цоор нь дотроо гуурсан, модон, тасын шөрмөсөн гээд хийцээсээ шалтгаалан олон янз. Модон цоорыг дотор нь өвсөн, модлог, зөөгөн гэж ангилдаг. Амьтны авиа, байгалийн дуу чимээг дуурайлган гаргах энгийн бүтэцтэй хөгжим юм. Цоор нь тоглож сурахад амаргүй бөгөөд дээрээс доош нь шулуун үлээдэг тул авиа гаргаж сурахад хэдэн өдөр шаарддаг гэнэ. Үлээвэр хөгжмийг зүгээр үлээж тоглодог бол цоорыг тоглоход хагас хөөмэйн арга техник хэрэглэдэг ажээ.
Цуур: Хүннүгийн үед үүссэн бөгөөд эдүгээ баруун нутгийн ардууд голдуу хэрэглэдэг. Хулсаар хийдэг байсан бол ердийн хөндий модоор хийдэг болсон байна. Урт нь тохой илүү бөгөөд дээд хэсэгт нь нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр дөрвөн нүхээр өнгө сольж өндөр нам эгшиг үүсгэнэ. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмэй мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг. Цуурын урт 30-40 сантиметр байдаг. НТӨ 206 онд Хүннү нар өмнөд улс руу дайлаар мордож Чай Вэн Жзү хэмээх зохиолч бүсгүйг богтлон авчирч өөрийн зүүн гарын хаанд гэргий болгон өгчээ. Өмнөдийн бүсгүй 18 жил нүүдэлчин ардын амьдралаар амьдарч нутагтаа хариад “Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая” хэмээх хожмоо ихэд алдаршсан шүлэг бичжээ. Энэ тухай урлаг судлаач Ж.Бадраа, Ж.Энэбиш нар судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ. Үүнээс үзвэл Хүннү нарын байлдан дагуулалтын үед модон цуур хөгжим нүүдэлчдийн дунд түгээмэл тархсан байжээ. Монголчууд цуур хөгжмөө үргэлж мориныхоо сүүлэнд авч явдаг байжээ. Энэ нь морь хэзээ ч сүүлээ дарж хэвтдэггүйтэй холбоотой гэнэ. Цуур хөгжим нь Өвөр Монголд “чоор”, Халимаг, Буриадад “шоор” хэмээн дуудагддаг байна.
Шударга: Шударга хөгжим нь гурван чавхдаст товшуур хөгжмийн зэмсэг юм. Шударга хөгжмийг XIII зуунд хааны ордны хуримын ёслолд хэрэглэж байжээ. Эдүгээ шударга хөгжмийг үлгэр туульс унших, дуу дуулах, бүжиг бүжиглэхэд дагалдах хөгжмийн зэмсгээр хэрэглэдэг. Монгол шударга дув дугуй цартай, урт шулуун эштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой. Царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг. XIX зууны үеэс шударга хөгжмийг Хятад улсаас могойны арьсаар хийлгэн авчирдаг болсон байна. Хөгжмийн утсыг хулсан саваагаар зөөлхөн татаж хийдэг. Монголын хөгжимчид шударгыг таван зүйлийн хөгөөр хөглөж таван зүйл цохилтоор эгшиглүүлэх арга барилыг боловсруулжээ.
Эвэр бүрээ: Анх ҮАДБЧ-ын хөгжимчин С.Гоошчий сэдэж үхрийн шар эврээр үйлджээ. 1965 онд төрийн шагналт хөгжмийн зэмсэг урлаач Д.Индэрээ гуулиар загвар гаргаж түүнийгээ мод, гуулинд хувилан эвэр бүрээг бүтээжээ. Эвэр бүрээний төрлийн хөгжмүүд бусад улс үндэстэнд байдаг байна. Ямааны эвэр, өөр бусад амьтны эврээр хийдэг. Монголын эвэр бүрээ нь соль түлхүүр дээр бичигддэг. Эвэр бүрээний доод амсар нь зуувандуу ба тойрог нь 12.5-13 сантиметр, гадна талдаа найман даруул, дотор талдаа хоёр даруултай. Ардын найрал хөгжимд эвэр бүрээ нь үндсэн ба туслах аялгуу хөгжимдөнө.
Ятга: Монголын эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл бөгөөд европын ятгалга хөгжимтэй төстэй. Хятадын сурвалжид НТӨ III зуунд Хүннүчүүд кун-хоу, ху-кун-хоу гэсэн хоёр төрөл хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсны кун хоу нь чавхдаст товшуур ятга, нөгөө нь хуурын төрлийн зэмсэг хэмээн тэмдэглэжээ. Монголчуудын түүхийн эх сурвалжаас үзэхэд ийм хөгжмийн зэмсэг нь XIII зууны үед байсан байна. Хубилай хааны үе буюу 1270-аад онд ордны найрал хөгжим байгуулахад олон хөгжим орсны дотор төрийн ятга, аху их ятга, босоо ятга, ятгалаг, хэвтээ ятга, өнцөгт ятга, нуман ятга зэрэг ятгын төрөл хөгжмүүд нэр заагдан орж байжээ. XYIII зууны үед одоогийн Баянхонгор аймгийн Номун хан хийдэд буддын шашны хурал номын үед ятга хөгжмийг хэрэглэж байжээ. Монголчууд “хүн ятга”, “бар ятга” гэх мэт ятгуудыг урладаг байжээ. Ятга нь чавхдаст, товшвор, цохивор зэмсгийн аймагт багтана. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй, хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн байдгаараа онцлог ялгаатай. Эдүгээ ятга урт шулуун хэлбэртэй бөгөөд их биеийг нэг жил хатаасан модоор хийнэ. Ятга нь 13 тэвхтэй, их биеийн дээд талыг нүүр гэх бөгөөд нүүрэн талаар бүдүүнээс эхлэн дээш нарийссан 13 ширхэг мяндсан утас татаж, өндрөөсөө нам тал руу 13 ширхэг тэвхийг дараалуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татна. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Одоогийн ятгыг хөгжимдөх арга нь баруун гараар чавхдасыг татаж, зүүн гараар чавхдасыг дарж хөгжимддөг. Энэ нь ятгын доод хэсэгт чавхдасын илүү гарсан үзүүрийг баглан байрлуулсантай холбоотой юм. Эрт үеийн монгол ятгын доод хэсэгт буюу нүүрэн хэсэгт багласан утас байхгүй байжээ. Ийм учраас монгол ятгын чавхдасыг баруун зүүн аль ч гараар татаж, цохиж, дарж, нясалж, имэрч, чавхдаж байсан ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.