• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

БОГД ХАН УУЛЫН ТАХИЛГА

Хэнтийн нурууны баруун өмнө шувтарга дахь Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр нийт 41.1 мянган га талбай эзлэн оршдог. Богдхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өргөгдсөн Цэцээ гүн юм. Үүний дараах оргил нь 2256 метр өндөрт орших Түшээ гүн оргил билээ.

Богдхан уулын тахилгын ёсон:
Богд хаант Монгол Улсын үед Богдхан уулыг албан ёсоор дархалснаас эхлэн жилд 2 удаа тахиж, тахилгын баяр ёслол нь 2 өдөр үргэлжилдэг бөгөөд эхний өдөрт нь тахилгын ёслол, дараа өдөрт нь Хан уулаа тахисны баяр наадам хийдэг байжээ.  Богдхан уулын оргил Цэцээ гүнд 2 овоо байдаг бөгөөд зүүн талын овоог шашны, баруун талын овоог төрийн овоо гэж нэрлэдэг. Тус бүрд нь идээ будаа, бүтэн үхрийн мах, хэд хэдэн хонины махаар шүүс бэлтгэн тавьдаг байсан бөгөөд тэдгээр шүүсийг тавих цар нь 10 ханатай гэрийн тоонотой тэнцэхүйц том байжээ. Аймаг хошууд, ард иргэдээс өргөл барьцанд ирсэн цагаан идээ, айраг тараг зэргийг сарын өмнөөс Чулуутын аманд цуглуулж тахилгын өдөр тэмээнд ачин Цэцээ гүн рүү аваачдаг байжээ.

Богдхан уулыг тахих өдөр өглөө эрт нар гарахаас өмнө төрийн хаад ноёд тэргүүтэн Төрхурахын амыг өгсөн мориор очиж, Их хүрээнээс цогчин унзад, гэсгүй тэргүүтэй 50 гаруй лам, өвөр талаас Манзуширын хийдийн 40 орчим лам хувраг ирж тахилгын ном уншдаг байв. Эхлээд хааны  зарлигийг уншиж, шар торгон дээр бичсэн өргөмжлөл, хуй торго зэргийг сангийн бойпорт хийж шатаана. Дараа нь хэргэм зэргийнхээ дагуу хадаг яндар барьж овоог нар зөв тойрон мөргөл үйлдэж идээнийхээ дээжийг барьж хүндэтгэл үзүүлнэ.

Богдхан уулыг дархалж хоёр оргилд нь “Гүн” цол шагнаж 50 лангийн цалин пүнлүү олгож байсан бөгөөд тахилгын үеэр уулын оройн хонгилд хадганд ороон хийдэг байжээ. Эргэн тойронд нь том бойпор болон 13 жижиг бойпор тойруулан тавьж их хэмжээний арц хүж уугиулан сан тавьдаг байсан бөгөөд арц хүжний үнэр, бүрээ бишгүүрийн дуу Богдхан уулаар таран цуурайтдаг байжээ. Тахилга тайлга дууссаны дараа тахилгын идээ, будаанаас 30 аймаг, 10 дацанд хүртээдэг байжээ. Богдхан уулын савдагийг хүчирхэг Хангарьд шувуу, буга унасан Цагаан өвгөн хэмээн дээдэлж, Их хүрээний цам харайх үеэр муу хорлол бүхнийг дарагч хэмээн Хангарьд шувууг, ариун цагаан амирлангуйг авчрагч Цагаан өвгөн хоёрыг оруулж тоглуулдаг байжээ. Хожим Богдхан уулын тахилгад зориулж оройд нь найман талтай алтан ганжиртай сүм бариулж байнгын 2 лам сууж, зул хүж өргөдөг байсан хийгээд Богд уулын Цагдаа нар долоо хоногоор ээлжлэн эргэж тойрч зулын тос, хүнс залгуулдаг албатай байжээ. Өнөө үед Богд хан уулын тахилганд дээрхи ёс заншлаас зарим зүйл нь уламжлагдан үлдсэн байна.