13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ИСЛАМЫН ШАШИН

 

Исламын шашныг албан ёсоор 622 онд үүссэн гэж үздэг. Арабууд бол семит угсааны ард түмэн бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутагт нэн эртнээс нааш идээшин сууж зарим овог аймаг нь газар тариалан эрхэлж, зарим нь зах хязгаар нутгаар мал маллан нүүдэллэж амьдардаг байжээ. YII зууны эхэн үе хүртэл арабын олон аймаг хоорондоо тархай бутархай, үндсэндээ овог аймгийн зохион байгуулалттай байв. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин овог аймгууд нь хүчирхэгжин суурин иргэд бүхий овог аймагт хяналтаа тогтоох болжээ. Үүнээс үүдэн хүчирхийлэл цэрэг дайныг явуулахын зэрэгцээ овог аймгуудыг оюун санаа, соёлын нэгдмэл амьдралтай болгох, тус тусын жижиг шашин шүтээнийг халж шинэ шашныг бий болгох шаардлага гарчээ. Арабын нэгдсэн төр улсыг байгуулахад үндэсний нэгдмэл шашин хэрэгтэй байв. Үүний биелэл нь шинэ ислам шашин бүрэлдэн тогтсон байна. “Ислам” гэдэг нь номхон хүлцэнгүй байх гэсэн утгатай. Мусульманчууд Аллах бурханы зарлигийг дагагч түүнд бишрэн шүтэгч хүмүүс юм. Ислам шашин үүсэхэд өвгийн шүтлэг, йудей, христосын шашин чухал үүрэг гүйцэтгэжээ.


Исламын шашныг үндэслэгч Мухамед нь 570 онд Мекка (одоогийн Саудын Арабын нийслэлээс 900 км зайтай орших хот)-д төржээ. Тэрбээр Курейш омгийн доторх Хамиш овгоос гаралтай бөгөөд багаасаа өнчрөн авга ах Абу Талибын асрамжинд өсчээ. 25 насандаа баян бэлэвсэн эхнэр Хадежатай гэрлэсэн бөгөөд эзэн тэнгэрийн зарлигийг түгээх ариун үйл хэрэгт нь ухаалаг сайхан эхнэр нь их тус дэм болсон гэж үздэг. Мухамед уламжлал ёсоор жил бүр Меккагийн ойролцоох Хира уулын агуйд нэг сарын хугацаанд даяан хийдэг байжээ. Нэгэн удаа бясалгаж байхад нь сахиусан тэнгэр Жибрил үзэгдэж “Хүмүүнийг бүлээн нөжнөөс нь бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, үзэг бэхэнд сурган, хүмүүний мэдэхгүй зүйлийг мэдүүлж өгсөн өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” хэмээн айлджээ. Мухамед сэрж агуйгаас гаран уулын бэлд иртэл “Мухамед аа, чи бол Аллахын элч, харин би Жибрил байна” гэсэн дуу хоолой сонсогджээ. Мухамед гэртээ ирж үзсэн дуулснаа ярьснаар эхнэр болон үрчилж авсан хүү нь түүний дагалдагчид болжээ. 619 онд түшиг тулгуур болж байсан эхнэр нь, авга ах Абу Талиб нар нь нас баржээ.


630 онд Меккаг “ариун хот” гэж хүлээн зөвшөөрүүлэх, бүх онгон шүтээнийг устган ганц Эзэн тэнгэрт итгэх, Кагба хотод бүх мусульманчуудын сүм байгуулах тохиролцоо хийгджээ. Мухамед 632 оны 1 дүгээр сард Меккад мөргөөд Мадина руу явсны дараа 7 дугаар сард 62 насандаа нас баржээ. Өөрийн залгамжлагчийг нэрлэж амжилгүй өөд болсон бөгөөд үүнээс үүдэн мусульманчуудын дунд маргаан дэгджээ. Эцэст нь мухажирууд ялж, Абу Бекра, Омар аль Хаттиб, Осман ибн Аффан, Али ибн Абу Талиб нарын 4 халиф дараалан арабын ертөнцийг захирч улс орноо бүрэн төвшитгөсөн байна. Эдгээр 4 халифыг мусулманьчууд “ариун явдалт” хэмээн нэрлэдэг. Исламын шашинд Аллахыг хүнтэй адилтган тодорхой шинж чанартай хэмээн төсөөлж болохгүй, гэхдээ Аллах бүхнийг мэддэг, үзэж хардаг, сонсдог, хэл яриатай зэрэг мөнхийн шинж чанартай гэж мусульманчууд үздэг.


Исламын шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, Европын зарим оронд түгэн дэлгэрсэн нь Арабын халифуудын байлдан дагуулалтай холбоотой.  Эзлэгдсэн орнуудын хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар Исламын шашин нэвтэрч улмаар хүрээгээ тэлэн тухайн улс орныг бүхэлд нь хамарсан үйл явц XYII-XX зуунд явагджээ. 660 оны үед халиф суусан Муавия Энэтхэгт довтолж, Афганистан, Бухар, Самарканд, Мервыг байлдан эзэлжээ. Хожим Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, YIII зууны эхэн үе гэхэд Дундад Азийг бүхэлд нь, хойд Африкаас Ливи, Тунис, Марокког эзэлж, улмаар Европоос Испани, Франц руу довтолжээ.


Эл байлдан дагуулал нь эхэн үедээ газар нутаг, эд баялаг булаан авах зорилготой байсан боловч сүүлдээ эзлэгдсэн улс орны хүн амыг ислам шашинд оруулах зорилготой болсон байв. Семит гаралтай ард түмнүүд, Египет, Ливи зэрэг орнууд исламын шашинд орсон төдийгүй араб хэл бичиг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказ исламын шашинд орсон боловч угсаа гарал, хэл соёл, аж төрөх ёс, эрхлэх аж ахуй гэх мэт угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ.


XIII зууны эхээр хойд Энэтхэгийг эзэлж исламын шашинг төрийн шашин болгож байсан бол XIY зуунд Индонезийн арлуудаас Малакка, Ява зэргийг эзлэн исламын шашинг нэвтрүүлжээ. Эдүгээ исламын шашинг 232 оронд 1 тэрбум 570 сая хүн шүтдэг бөгөөд дэлхийн 50 орны хүн амын дийлэнх нь шүтдэг. Египет, Саудын Араб, Марокко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж хуульчлагдсан байдаг.


1900-1970 онд 200 сая шүтэгчээс 551 сая болж өссөн бол 1970-2009 онд 1.5 тэрбум болж өсчээ. Исламын шашинтай иргэдийн тоо хурдацтай өсөж байгаа нь тэдний олон хүүхэд төрүүлдэгтэй холбоотой гэж судлаачид үзжээ. Исламын шашинтны 67 хувь нь Ази тивд, үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Турк, Иран зэрэг оронд байдаг. Үлдсэн нь Африк тивийн Египет, Нигери зэрэг улсуудад амьдарч байгаа ажээ. БНХАУ-д гэхэд 20-30 сая исламын шашинтан бий хэмээн тооцоолдог.


Ислам гэдэг нь шашных нь нэр, шүтэн бишрэгчдийг нь мусульман гэдэг ажээ. Исламын шашин суннит, шийт, харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэлтэй дэлхийн гурав дахь том шашин юм. Лал хэмээх үг нь “лало” хэмээх төвд үг бөгөөд “буруу номтон” хэмээх утгатай гэнэ. Төвдүүд болон Хөх нуур, Шинжааны монголчууд тодорхой хэмжээгээр Хятадын мусулманьчуудтай таагүй харилцаж иржээ. XYIII-XIX зууны монгол мөргөлчид, аянчид, худалдаачдыг Шинжаан болон Амдогийн мусульманчууд тонон дээрэмдэж алж хяддаг байжээ. XIY Далай ламыг тодруулахад Амдогийн мусульман захирагч Лхасаас их хэмжээний барьцаа нэхэж байжээ. Эртний Энэтхэгийн бурханы шашны их сургууль Наланда хийдийг YI зуунд Багдад болон Персийн халифууд шатааж одоогийн Афганистан, Пакистанчуудыг шашиндаа хүчээр оруулснаас үүдэлтэйгээр төвдүүд “лало” буюу “буруу номтон” хэмээн нэрлэсэн бололтой гэж үздэг.

Халиф Османы засаглалын төгсгөл үед исламын шашин суннит, шийт, харижит гэсэн гурван үндсэн урсгалд хуваагджээ. 656 онд халиф Осман алагдаж, түүний үхэлд Алийг буруутгаснаар 657 онд өрсөлдөгч талууд Сиффиний орчимд байлджээ. Алигийн талаас 12 мянган хүн салан тусгаарлаж, өөрийн халифыг сонгосноор тэднийг салан тусгаарлагчид буюу харижитууд хэмээн нэрлэжээ. Эл урсгал нь Иран, Ирак, Араб, Хойд Африкт нөлөөтэй байж байгаад X зуунд нөлөөгөө алджээ. Эдүгээ харижитын цөөн тооны бүлэглэл Оман, Алжир, Ливид байдаг байна. Суннитын урсгал нь сонгодог Исламыг төлөөлдөг бөгөөд хамгийн том урсгал юм. Эдүгээ нийт мусульманчуудын 90 хувь нь суннитууд бөгөөд өөрсдийгөө Ахль ас-сунна буюу суннагийн хүн ард хэмээн нэрлэдэг. Дараагийн том урсгал нь шийт бөгөөд “Алигийн бүлэг” гэсэн үгний товчлол ажээ. IY халиф Алиг шүтэн бишрэгчид эл урсгалыг бий болгожээ. Тэд Мухамед нь өөрийнхөө нууцыг Алид дамжуулсан учраас Мухамедын цорын ганц дамжуулагч нь Али юм хэмээн үздэг.


“Аллах бурханы өмнө бүгд дуугүй хүлцэнгүй байх ёстой” гэсэн үзэл нь шашны зан үйл, номлолыг хатуу мөрдөхийг шаарддаг. Исламын шашны гол сургаал нь “коран” судар бөгөөд Аллах бурханы элч Мухамедийн хэлсэн үг, амьдрал үйл ажиллагааны тухай бичсэн байдаг. Ислам шашинтан дараах 5 зүйлийг эрхэмлэх ёстой. 1. Ертөнцөд цор ганц бурхан бий. Тэр нь Аллах бурхан байх ёстой. 2. Мусульман хүн өдөрт таван удаа угаал үйлдэх ёстой. 3. Мусульман хүн бусдын төлөө буян үйлдэж өглөг өгөх ёстой. 4. Мацаг барих ёстой бөгөөд тэр нь жилд нэг удаа сар үргэлжилнэ. 5. Мусульман хүн амьдралдаа нэгээс доошгүй удаа ариун шүтээндээ очиж мөргөх ёстой. Эл шүтээн нь Саудын Арабын Мекка хотод байдаг. Мусульманчууд үхэр, гахайн мах идэх, архи дарс уухыг цээрлэдэг.


Исламын шашинд сүм хийдийг “мечеть”, шашны сургуулийг “медресе”, ламыг “имам”, мөргөлийг “хаж мөргөл, намаз”, мацаг барихыг “ораза”, шашны татварыг “закят”, өглөгийг “садака” гэдэг.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном 

 

ТОО
0
0
0