13. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

ЦАГААН ДАРЬ ЭХ

Дара эх гэдэг нь хорвоогийн хамаг амьтныг зовлон энэллийн далайгаас гэтэлгэн гаргагч хэмээх утгатай. Төвдөөр бол Долгор хэмээнэ. Цагаан дара эхийн авран нигүүлсэх сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү аугаа хүчтэй ажээ. Дара буюу Тара гэдэг нь санскритаар “од” хэмээх утгатай бөгөөд од адил хамаг амьтныг харанхуйгаас гэтэлгэн гэрэлтүүлж, өөрийн цацрагаар тэжээн тэтгэж хамгаалах утгыг агуулдаг. Жанрайсиг бурхан хорвоо ертөнцийн хамаг ардын зовлонг харж өрөвдөн хайлахдаа баахан нулимс унагажээ. Тэгэхэд зүүн мэлмийний нулимснаас амирлангуй Цагаан дара эх, баруун мэлмийний нулимснаас Ногоон дара эх бурхан мэндэлсэн хэмээх домог бий.

Лагшин бие нь болор мэт тунгалаг, намрын саран мэт цагаан, 16 насан төгөлдөр онгон охины мишээлт амгалан дүртэй, цагаан лянхуа цэцгэн дээр очир завилгаагаар суун саатсан, баруун мутараа сунган алгыг дээш хандуулан хамаг амьтны насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах өглөг хүртээх мутарын дүрийг илэрхийлж, зүүн мутартаа цагаан лянхуа цэцэг барьж авралыг хайрлаж буй энэрэлт дүрийг илэрхийлсэн байдаг. Зөөлөн цоглог харцаар ширтсэн нь үзсэн хэн боловч өөрийн эрхгүй баясна.

Цагаан дара эх нь Насны гурван шүтээний нэг бөгөөд хүн төрөлхтөнд урт насыг авчрагч бурхан юм. Бардам зан, ухааны мунхаг, өш хонзон, атаа жөтөө, буруу үзэл, мухар сүсэг, хулгай дээрэм, ядуурал хоосрол, хуурмаг сэтгэл,  шунал тачаал, ад зэтгэр, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч бурхан болой. Цагаан дара эх нь мутарын алга, хөлийн тавхай, духан дээрээ мэлмийтэй бөгөөд тэдгээр мэлмийгээрээ тольдон харж хамаг амьтныг зовлон шаналлаас авран хамгаалдаг ажээ.


Дүрслэх урлагын музейн сан хөмрөгт “Цагаан дарь эх”-ийг дүрсэлсэн баримал, зээгт наамал, уран зураг олон бий. Харин тэдгээрээс хамгийн том хэмжээтэй нь 1090 х 1540 см-ийн хэмжээтэй “Цагаан дарь эх”-ийн зээгт наамал юм байна. Энэ зээгт наамал нь таван давхар байшинтай тэнцэх ажээ. Зээгт наамлыг XIX зууны сүүлчээр бүтээгдсэнийг тогтоосон ч урласан бүтээлчийнх нь нэр тодорхойгүй. Хэдэн жилийн өмнө “Цагаан дарь эх” зээгт наамлыг Монгол бөхийн өргөөнд дэлгэж байсан ч багтаамж хангалтгүйгээс бүрэн хэмжээгээр нь үзүүлээгүй аж. Эргэн тойрон улаан ба шар торгон хээтэй, хөх торгон захтай энэ бүтээлийг 1995 онд Засгийн газрын 241 тоот тогтоолоор хосгүй үнэт зэрэглэлд багтаажээ. Энэ бүтээлийн гол дүрийг монголоор “Цагаан дарь эх”, төвдөөр “Долгар”, санскритаар “Sita Tara”, англиар “White Tara” хэмээн нэрлэдэг.

Насны гурван бурхан, хорин нэгэн дарь эхийн нэг, цаст уулын туяаг булаам тунгалаг цагаан дүрт  Цагаан дарь эхийг бүтээлийн голд үлэмж томоор дүрслэн, дээд талд нь хөх тэнгэр ногоон, ягаан үүлс, нар, сар, доод хэсгээр нь хээр тал, усны шувууд бүхий байгалийн сайхны дунд цогцлоон дүрсэлсэн нь энэ бүтээлийн онцлог юм. Түүнчлэн Цагаан дарь эх үл мэдэг инээмсэглэн, мэлмий нь зөөлөн, энэрэлт харцаар ширтэнэ.  

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0