СОЛИЙН ДАНЗАН

1885 онд Сайн ноён хан аймаг, Сүжигт бэйсийн хошуунд одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төржээ. Бат-Очир гэдэг хүний ууган охин Солиос бутач төрсөн ажээ. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм.

1921 онд Сангийн Яамны Тэргүүн сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайдаар, 1923-1924 онд Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжнаар ажиллаж байжээ. Хувьсгалын хэрэгт оролцохоосоо өмнө Ой модны түрээсийн газрын түшмэлээр ажиллаж байсан ард гаралтай хүн байв. 1919 онд Хүрээний бүлгийг үндэслэн байгуулж, 1920 оны 6 дугаар сард Бодоогийн байгуулсан Консулын бүлгэмтэй нэгдэж Монгол Ардын Нам хэмээн нэрийдсэн ч дотроо “Түшмэдийн нам”, “Ардын нам” гэсэн хоёр хэсэг тусдаа нэрлэгдсээр байсан нь тэд хоорондоо үзэл баримтлалын зөрчилдөөнтэй байсан гэдгийг илэрхийлдэг.

1920 оны 8 дугаар сард гаргасан “МАН-ын нийтийн тусад зориулсан бодлогыг илтгэх нь” гэсэн ухуулах бичгийг зохиоход уг бичгийн төгсгөлд Гадаад Монголын Ардын намын төлөөлөгч Бодоо, Гадаад Монголын төлөөлөгч Догсом гэж бичсэн байжээ. Үүнээс үүдэн “Түшмэдийн нам” нь улс үндсээ төлөөлж, “Ардын нам” нь ангийн хандлагатай байсан болов уу хэмээн судлаачид үздэг. Зөвлөлт Орос Улсын удирдагчтай уулзахаар явах бүрэлдэхүүнд Түшмэдийн намаас Данзан, Ардын намаас Чагдаржав, Лосол нар оржээ.

Өмнө, умарын харилцааг нэвтрүүлэх, хэвлэн нийтлэх, сургах сурах үйл ажиллагаанд Түшмэдийн намаас Сүхбаатар, Ардын намаас Чойбалсанг Эрхүү хотноо томилон суулгасан байдаг. Намын эгнээг өргөтгөх, цэрэг элсүүлэх, намын тангараг бичгийг хэвлэн дэлгэрүүлэх, зэр зэвсэг хүлээн авах, олон газар төлөөлөгч суулгах зэрэг үйл хэргээр Түшмэдийн намыг төлөөлж Догсом, Ардын намыг төлөөлж Бодоо нарыг томилж Нийслэл Хүрээ рүү явуулсан байдаг. Эдгээрээс дүгнэн үзэхэд Хүрээний бүлгэм ихэвчлэн цэргийн албан хаагч, бичгийн түшмэдээс бүрдэж, Консулын бүлгэм нь Бодоо, Жамъян гүн хоёроос бусад нь жирийн ард байжээ. Хоёр толгойлогчийн нэг Данзангийн үзэл баримтлал нь “үндэсний шинжид тулгуурлан улс орны тусгаар тогтнолыг олж авах”, харин Бодоогийн үзэл нь “ангийн шинжид тулгуурлан ард ангийн ашиг сонирхлыг илэрхийлсэн засаглалыг тогтоох” байжээ. Эл зөрүүтэй үзэл нь тэднийг зөрчилдөхөд хүргэсэн байна.

Данзан 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Орос Улстай найрамдлын гэрээ хийх хэлэлцээрт Монголыг төлөөлөн оролцохдоо Тагнын урианхай, Туваг Монголд эргүүлэн нэгтгэх, Монголдоо эргэн ирж буй буриад иргэдэд Монгол нутагт газар олгох асуудлыг тавьж байсан нь зарим үр дүнд хүрчээ. Данзангийн эл үзэл баримтлалыг хожим түүнийг “үндсэрхэг үзэлтэн” хэмээн буруутгах шалтгаан болсон юм.

Тэрбээр хувьсгалын нөхөдтэйгөө тохиролцсон дагуу “Николай” хэмээх нууц түлхүүр нэрээр хувьсгалын хэрэгт оролцож байсан бөгөөд нэгэн цахилгаан утсанд “Мөнгөний тухай нэгэн тийш болохыг хагас сарын дотор бүрнээ мэдэгдэж буй. Николай” гэснийг тайлбал “Тусламж авах тухай асуудал хагас сарын дотор бүрэн мэдэгдэх байх. Данзан” гэсэн үг ажээ. Данзан тухайн үеийн сэхээтнүүдээс өөр бодлого чиглэл баримтлагч байсан бөгөөд барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо хөгжүүлэх талаар удаа дараалан намын хуралд санал оруулж байсан либерал ардчилсан үзэлтэй хүн байв. Тэрбээр Монгол улсын мөнгөн тэмдэгтийг “монгол доллар” болгох тухай саналыг дэвшүүлж, Монгол улс хэзээ ч капитализмыг алгасч болохгүй гэсэн үзэлд тууштай байжээ. Данзан 1922 оны 4 дүгээр сард Намын Төв Хороонд өргөн барьсан саналын хуудсандаа “хүн төрөлхтний хөгжил рүү авирах гишгүүрийг нэгээс үүсгэн дэвших утгаар тодорхойлох, үүний зэрэг дэс солигдвол үл болно” гэж бичжээ. Данзангийн эл үзэл бодол нь коминтерний талынханд ад үзэгдэх, шахан зайлуулагдах гол шалтгаан болж, 1924 онд Элбэгдорж Ренчино коминтерний дэмжлэгтэйгээр МАН-ын III бага хурлыг хуралдуулан Солийн Данзанг буруутган хилс хэрэг тулган цаазалжээ.

Солийн Данзангийн хэргийг 1962 онд цагаатгасан байна. Эдүгээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Энх тайвны өргөн чөлөөний төгсгөл, Эскадрилийн хөшөөний уулзвараас хуучин Улаанхуарангийн эцсийн буудал, Цэргийн их сургууль хүртэлх гудамжийг С.Данзангийн нэрэмжит болгожээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0