Халхын Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт бар жилийн бар сарын бар өдөр тухайн үед “Догшин цоохор ноён” хэмээн алдаршсан Төгс-Очир, Эрдэнэ хатан Хандмаагаас мэндэлжээ. Намнансүрэн 1884 онд буюу зургаан настайдаа бэйс Чимэддорждоной, түшмэл Шийлэг нарт шавь орж монгол бичгийг нэвтэрхий сурч, манж, хятад хэл үзэж, түүхийн судар судлан, хожим улс төрийн хэргийг ихэд эргэцүүлэх болжээ. Түүний багш Чимиддорждоной түшмэл монгол хар ухаантай, хашир хэрсүү нэгэн байсан болохоор Намнансүрэнд доодсын амьдрал, монгол ахуй заншлыг ч давхар мэдрүүлж сургажээ. Намнансүрэн эрдэмд боловсрохын хэрээр эгэл даруухан, ачлал хүмүүнлэгийн сэтгэлийг олж, царай зүс өнгөлөг, бие гоолиг тэгш хүн болон өсчээ.
1896 онд Сайн ноён хан аймгийн 10 дахь үеийн Хан орыг залгаж, Чин вангийн хэргэмийг уламжлан авч, маш залуугаараа аймгуудын чуулганы даргаар томилогдсон нь түүний олж авсан боловсрол, эрдэм мэдлэгийн гэрч ажээ. Сайн ноён хан Намнансүрэн Манжийн шинэ засгийн бодлого гэгчийг эхнээс нь эсэргүүцэж Чин ван Ханддоржийн тусгаар тогтнох үйл хэргийн санааг бүхий л аргаар дэмждэг байв.
1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн ханы нэрээр Хаант Оросоос тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, 7 дугаар сард Богд гэгээний ордонд болсон нууц хуралдаанд идэвхтэй оролцож, Богд хаант Монгол улс байгуулагдахад “түр ерөнхийлөн шийтгэх газар”-ын шадар сайд, 1912 оны 7 дугаар сард Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар тус тус томилогджээ.
1912 онд Монгол Оросын хооронд найрамдлын гэрээг байгуулж, 1913 онд Монгол Төвдийн хооронд хэлэлцээр хийжээ. 1913 оны 10 дугаар сард Хаант Орос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийсэн бөгөөд Оросод 3 сар орчим байхдаа Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж, II Николай хаантай хоёр ч удаа уулзжээ. Тэрбээр Оросын хаан болон бусад эрх баригчдад “Эрдэнийн очир” одонг гардуулж, хадгийн хамт үндэсний өвөрмөц хийцтэй бэлэг сэлт барьж, Оросын талд хандан Монгол улс байгуулагдсаныг хятадад хүлээлгэн, гурван этгээд улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт тавьж, 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм. Мөн Петрбургт сууж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 гаруй улс орны элчин сайдын яаманд тусгаар тогтнолын тухай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хүлээж авчээ. Тэрбээр Хаант Оросоос зэвсгийн туслалцаа гуйсан боловч тэд хариуд нь Барга, Өвөрмонголын нутгаас Монгол улс цэргээ татахыг шаарджээ. Ийнхүү аргагүй эрхэнд Оросын шахалтаар цэргээ татсанаар хятадууд Өвөрмонголд цэргийн хүчээ оруулсан чигээр үлдэж, Монголын өвөр нутаг хятадын мэдлийнх болжээ.
Айлчлалын үед болсон хэлэлцээрүүд улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй байсан учраас Петрбургт Монголын элчин консулын газар нээх санаа нь бүтэлгүй болсон ч Хаант Орос улсаас 30 жилийн хугацаатай 3 сая рублийн зээл авахаар болжээ. Гэвч Оросын тал тус зээлийн зарцуулалтанд хяналт тавих төлөөний түшмэлийг Их Хүрээнд суулгах болзол тавьсанд Намнансүрэн Монгол улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг хэмээн үзэж татгалзжээ.
Хаант Оросын тал Намнансүрэнг шахамдуулж зээл өгөхөө цуцлах хүртэл алхам хийхээр байсан тул арга буюу 1913 оны 12 дугаар сарын 25-нд “Монгол улсын Засгийн газраас Орос улсын харъяат Сергей Андреевич Козинтой хэлэлцэн тогтсон гэрээ бичгийн зүйл” гэгчид гарын үсэг зурсан байна. Намнансүрэн Монгол туургатныг нэгтгэсэн улс байгуулах хэргийг Хаант Оросоор зөвшөөрүүлэх гэж хичээнгүйлэн зүтгэсэн боловч талаар болсонд их л дурамжхан нутагтаа эргэж иржээ. Гэвч Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэх явдлыг Хаант Оросоор зөвшөөрүүлсэн нь маргашгүй том амжилт байсан юм. Тэрбээр Петрбургт байхдаа мал эмнэлгийн сургууль, хэд хэдэн үйлдвэр, халуун цагт мах хадгалах зоорь, үхэр бууны цэргийн сургууль, орд харш зэргийг үзсэн нь түүний улс орноо шинэтгэх үзэлд ихээхэн тус болжээ. Намнансүрэн гурван улсын хэлэлцээрт Япон улсыг оролцуулах боломжийг судалж Японы эзэн хаанд захидал илгээж, Да лам Цэрэнчимэдийг 1914 онд Япон руу илгээх оролдлого хийжээ. Энэхүү хэлэлцээрт дөрөвдөгч, тавдагч орнуудыг оролцуулбал Монгол улсад ашигтайгаар эргэх боломжтой хэмээн тунгаасан боловч Японы тал Оросын бодлогын улмаас тэрхүү бичгийг задалж уншилгүй буцаасан түүхтэй.
Намнансүрэн Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Монгол улсын төлөө их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Засгийн газрын бодлогын дагуу Нийслэл Хүрээ, аймаг хошуудад 70 шахам бага сургууль, Хужирбуланд Цэргийн сургууль зэргийг тус тус байгуулж, Хиагт, Эрхүү хотод Х.Чойбалсан тэргүүтэй 13 хүүхэд багачуудыг явуулж сургасан нь улс орны хөгжилд боловсрол асар чухал болохыг үнэлж байсны илрэл юм. 1913 онд “Шинэ толь”, 1915 онд “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийг гаргасан нь маш дэвшилтэт үйл ажиллагаа байсан юм. 1915-1918 онд төрийн сүлд, далбаа, үндсэн хуулийн агуулга бүхий 65 дэвтэр “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”, Монгол улсын цэргийг шинэчлэн байгуулах дүрмийг боловсруулан гаргаж, өөрийн байгуулсан Дээд ба Доод хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. Эдгээр хурлууд нь 1914 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд Дээд хурал нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэй, Т.Намнансүрэн сайд өөрөө даргалдаг байжээ. Харин Доод хурал нь 70-80 хүнтэй, дээрээс томилсон хүн даргалдаг байжээ. Монгол улсын төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одонг бий болгож Чингис хааны, Абтай сайн ханы, Богд гэгээний гэсэн гурван зэргээр олгохоор тогтжээ.
1915 онд Хиагтын гурван улсын хэлэлцээрээр Монголыг автономит улс болгосны дараа 1915-1919 он хүртэл Цэргийн яамны сайдын үүргийг хавсран хашиж, урд хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс Хаант Орос, Герман зэрэг орноос их буу, пулемет, винтов буу зэргийг худалдан авчээ. 1916 онд Оросын элчин А.Орловтой гэрээ байгуулж Монголын 200 морьт, 200 явган цэргийг Орос түшмэл сургахаар болжээ.
Т.Намнансүрэн байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхийг нарийн тооцож судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал хэмээн үзэж Козин, Витте, Лисовский нарын Орос, Польш судлаач, зарим Монгол түшмэдийн хамтарсан баг бүрдүүж тус улсын геологи, хөрс, ургамал, ус, газарзүйн зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгааны хөтөлбөр боловсруулж, 1915 онд хайгуул шинжилгээ хийх дүрмийг боловсруулж, “Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороо”-г байгуулжээ. 1914-1916 онд Шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо зэргийг байгуулах, улсын орлого зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гаалийн хураамж авах тухай дүрэм боловсруулах, цай худалдаалах, мөнгөний ханш тогтоох, мөнгө хүүллийн эсрэг тэмцэх зэрэг төслүүдийг боловсруулж Улсын Дээд ба Доод хурлаар хэлэлцүүлж байжээ. Цөөн хэрэглэгч бүхий телефон утас, бага оврын цахилгаан станц зэрэг жижиг үйлдвэрүүдийг байгуулж, үндэсний банк, авто өртөө бий болгох, төмөр зам тавих ажлыг хөөцөлдөж байв. Гэвч түүний улс орноо шинэтгэх бодлого нь Орос болон Хятадын нөлөөний улмаас хагас дутуу хэрэгжсэн билээ.
Хиагтын хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон байсан ч Хятадаас Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадлынхаа хэрээр оролдож байв.
1916 оноос Богд хааны мэлмий муудаж чилээрхэн, 1918 онд хамтран зүтгэж байсан Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд, Сангийн яамны сайд Түшээ гүн Чагдаржав нарын сайд нар учир битүүлгээр хорлогдон харамсалтайгаар нас барж, Шанзудба Бадамдоржийн нөлөө ихсэж Намнансүрэнгийн үйл ажиллагаанд саад хийж эхэлжээ. Монголын ноёд бүлэглэлийн хоорондын зөрчил хурцдаж, зарим нь улс үндэстнийхээ эрх ашгийг умартан, дураар авирлах болжээ. Намнансүрэн эдгээр байдлыг эсэргүүцэх хэлбэрээр улс төрийн амьдралаас үе үе хөндийрөн нутаг орноо бараадах болсон байна. Нэгэн удаа нутагтаа очсон байхад нь 1919 оны 4 дүгээр сард Нийслэл Хүрээнээс дуудлага ирүүлэн яаран буцсан боловч Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи уусны улмаас ид залуу 41 насандаа хорвоог орхижээ. Түүний өргөмөл хүү Н.Батсүх Сайн ноён ханы ор залгаж 1921 он хүртэл суужээ.
1924 онд хуралдсан Намын III хурлаас Сайн ноён ханы үлдээсэн хөрөнгийг хурааж улсын болгожээ. 1925 онд Оросын эрдэмтэн Козловын удирдсан шинжилгээний анги Онгийн гол орчмоор явж Чингис хааны удмын хаад, Сайн ноён ханы булш, бунханг нууцаар ухсан мэдээ байдаг.
Т.Намнансүрэн 1900 онд 22 насандаа насаар 7 дүү Магсарыг хатан болгон авч 2 хүү төрүүлсэн боловч харамсалтайгаар энджээ. Төгс-Очир ханы бага хатан Цогтдарь атгаг муу санаатай хүн байсан бөгөөд Магсар хатнаас төрсөн хоёр хүүг дөнгөж төрөнгүүт нь зулай дээр нь тэвнээр хатгаж алсан байна. Тэрбээр Намнансүрэнг ямар нэгэн аргаар зайлуулж, өөрийн дүү Ренчинсашийг хан оронд суулгах санаатай эдгээр хорон үйлдлүүдийг хийсэн нь хожим илэрчээ. Эл аймшигт үйл явдал нь Богд гэгээний сонорт хүрч хутагтын зараалаар Нийслэл Хүрээнээс “хачин”-гуудын нэг болсон Доль Дэмбэрэл хэмээх ламыг Сайн ноён ханы хүрээнд морилуулж, Цогтдарь хатан, Балбар тавнан нар хамтран Намнансүрэн ханы өргөөний голомтын дор бузар муухай зүйлийн хамт, Намнансүрэнгийн хөргийг толгой уруу харуулан хийсэн хараал жатга, бэлдэж тавьсан хор зэргийг илрүүлж өмнө үйлдсэн нүглийг хүлээлгэжээ. Тэдгээр хүмүүсийг Нийслэл Хүрээнд цаазаар авч шийтгэсэн байна. Намнансүрэн Цогтдарь хатныг өөрийн хойт эх байсан тул энэрэнгүй сэтгэлийг барьж цаазын ялнаас мулталж өгөхийг хүссэн боловч хийсэн хэрэг нь хүнд тул амь уучлах аргагүй хэмээн ёсоор болгожээ. Хожим Түшээт хан аймгийн мэргэн гүн Гомбожавын хошууны Түвдэн тайжийнхаас Батсүх хэмээх хүүг үрчлэн авсан ажээ. Сайн ноён хан Т.Намнансүрэн нь Чингис хааны 15 дугаар үеийн ач Батмөнх даян хааны 11 дүгээр хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй үйзэн ноёны 15 дахь үеийн үр ач ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.