Монголын их сэтгэгч, номч лам, буддын гүн ухааны томоохон төлөөлөгч Зава Дамдин гавж 1867 оны 2 дугаар сарын 7-нд Түшээт хан аймгийн Үйзэн гүний хошуу Ахай сум буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт эцэг Шагдар, эх Содномпил нарын гэрт мэндэлжээ. Тэрбээр буддын гүн ухааны их, бага таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн байв. Зава гэдэг нь “үндсэн” гэдэг төвд гаралтай үг бөгөөд түүний цол ажээ. Төрсөн нутгийнхаа Дарцагт уулын сан тахилгыг төвд хэлээр зохион бичжээ. Анхны багш нь Дайчин бэйсийн хошууны “Хорины хамба лам” хэмээн алдаршсан ламтан байсан ба төвд цагаан толгой зааж өгчээ. Дараагийн номын багш нь Лувсанбалдансанжаажав хэмээх Төвдөд гүн ухаан судлаад Равжамба мяндаг хүртсэн хүн байв.
Зава Дамдин 7 настайдаа өөрийн хошуу нутгийн Цахиуртын жасаанд сууж лам хувраг болж, Их Хүрээний уншлагын аймгуудын номуудыг бүрэн цээжилжээ. Дараа нь Их Хүрээний Гунгаачойлин дацанд шавилан сууж цанид чойрын гүн ухааныг судлаад, хувилгаан цорж Жигжидээр учир шалтгааны үндсийг заалгаж, үргэлжлүүлэн гавж Лувсандаш, гавж Балдандорж нараар учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааныг заалгах зэргээр тухайн үеийн Их Хүрээний алдартай номч мэргэдийн ачаар буддын философийг улам лавшруулан үзэж судалжээ. 1905 онд Их хүрээний Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж болоод Их хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж сургаж байв. Төвд хэлээр нийт 17 боть ном зохиосны дотор хамгийн алдартай нь “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиол юм. Түүний зохиол бүтээлийг гадаад дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг бөгөөд “Их нигүүлсэхүйн магтаал” хэмээх зохиолыг нь XIY Далай лам үзэж болгоон ихэд таалжээ.
Зава Дамдин Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 1918 онд “Дэлгэрийн чойр” хэмээн алдаршсан хийдийг байгуулжээ. Тус хийд нь 1937 он хүртэл 20 жилийн туршид өргөжин тэлж, буддын гүн ухаан судалдаг цанид ба чойрын дацан, тарнийн гүн ухааныг судалдаг жүд, зурхайн гүн ухааны сургалт явуулдаг дацангуудыг байгуулжээ. Зава Дамдин Хүрээний гавж аграмба нарт “дуун ухаан” гэж алдаршсан эртний энэтхэгийн санскрит хэлний зүй зааж байсан төдийгүй Богдын зарлигаар “Монголын түүх бичиг” зохиох эрдэмтэдийн дунд уригдан ажиллажээ. 1921 онд байгуулагдсан “Судар бичгийн хүрээлэн” Зава Дамдин гавжийг урьж, 1924 онд сул гишүүн болгожээ. Анхны “Үндсэн хууль” зохиох ажилд уригдан оролцсон бөгөөд түүний санаачилгаар Монгол улсын төрийн сүлд, далбааг хэлэлцэх үед Алтан соёмбо үсэг оруулж хэлэлцжээ.
Ерөнхий сайд А.Амар Зава Дамдинг хүндэтгэн биширч шавиар орсон байдаг. Зава Дамдин 1936 оны үед лагшин чилээрхэж шадар бараа бологч нартаа “намайг өнгөрсний дараа миний цогцсыг Дэлгэрийн чойр хийдийн баруухантаа байдаг “Цамын-Ус” гэдэг газар тавьж хайлаарай. Би энд залуу цагтаа дөрвөн хүнийг гэлэн болгож байсан юм” гэж айлджээ. Түүнийг нас барсны дараа шарилыг нь аваад нутаг руу нь явж байх хойгуур Дотоод яамныхан баривчлахаар хүрээний гэрт нь ирж байсан гэдэг.
Зава Дамдингийн мэндэлсний 130 болон 140 жилийн ойгоор Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал, эрдэм шинжилгээний бага хурал хийж, “Зава Дамдин сан”-г байгуулсан байна. Түүний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2007 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Соёл амралтын хүрээлэнд боржин чулуугаар 4.5 метр өндөр хөшөөг байгуулжээ. Дугуй суурин дээр номын хувцас өмсүүлэн босоо байдалтай залсан уг хөшөө нь 8.5 тонн жинтэй. Хоёр мутарыг нь цээжин тус газарт алга хавсран залбирч буй байдлаар, мутар дээгүүр нь дамнуулан “Хорчойнжун” буюу “Алтан дэвтэр” номыг байрлуулжээ. Тус хөшөө ямар ч залгаасгүй хийгдсэнээрээ онцлог гэнэ. Зава Дамдины гэр музейг 1996 оны 6 дугаар сард Дэлгэрийн чойр хийдэд Майдар эргэх ёслол тааруулан нээжээ. Эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь хэлмэгдүүлэлтийн үед түүний шавь нар нь уул хад, агуйд нууж авч үлдсэн байсан бөгөөд нийт 77 нэр төрлийн 133 ширхэг эд зүйлийг тус музейд дэлгэн үзүүлжээ. Өөрийнх нь хэрэглэж байсан арц утлагын сав, сангийн бойпор, тахилын савнууд, үнсэн самбар, дамар, хонх, номын хайрцаг, 16 боть сүмбум, дээл орхимж, зургаадай таяг, гал тогооны хэрэглэлүүд, сархинаг тоонотой гэр, зулын ширээ, номын тавиур, сэнтий, өөжин, бадарчингийн үүргэвч зэрэг зүйлүүд байгаа ажээ. Зава Дамдины хөрөг зурагнаас гадна түүний өмсөж байсан хар хилэн хиазтай, гуулин товчтой, торгон хамба бүхий улаан дээл бий. Өөжин авдар нь түүнийг хүүхэд байхад нь хэрэглэж байсан бөгөөд үдээрээр үдэж углуургадан хийжээ. Эгэл даруухан амьдралтай эрдэмтэн байсан хэрнээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нь хэн хүний анхаарал сонирхол татахуйц гайхан биширч шүтэх зүйлүүд байдаг байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.