Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Галсандаш бөгөөд тэрбээр 1870 оны зуны дунд сарын 28-нд Жамсранжавын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 5 настайдаа хувилгаанаар тодорч, монгол, төвд, орос, манж, хятад хэлэнд төгс боловсорч, 1929 он хүртэл “Өнө өглөгт” хийдийн тэргүүн болон сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болжээ. 1913 онд Богд хааны зарлигаар Монголын зүүн хязгаарыг тохинуулах сайд болж, Манжийн эсрэг тууштэй тэмцсээр иржээ.
1915 онд хятадын цэрэг Егүзэрийн хийдийг дээрэмдэж Егүзэр хутагтыг баривчилж Бээжинд хүргэсэн боловч Богдын засгийн газар, Оросын талаас шахалт үзүүлсэн тул буцаан суллажээ. Манлайбаатар Дамдинсүрэн, гүн Бавуужав нар цэрэг хөдөлгөн ирж Егүзэрийн хийдийг эзэлсэн хятад цэргүүдтэй тулалджээ. Егүзэр хутагт зүүн хязгаар нутгийг захирагч сайд байсан тул монгол цэргийн тоог нэмэгдүүлж, зэвсгээр хангуулж байжээ. Хожим Ардын хувьсгал ялсан 1921 онд ч Егүзэр хутагтыг “Монголын зүүн өмнө хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд”-аар улираан томилжээ.
Егүзэр хутагт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. Алс холын аймаг хошуудаас хус, улиас, бургас авчран тариулж, буга согоо, тарвага, тагтаа авчирч үржүүлэн, газар хагалж тариалан эрхэлжээ. Сонирхолтой нь Егүзэрийн хийд дээр 21 зүйлийн амьтан бүхий хүрээлэн байсан бөгөөд илжигнээс эхлээд 50 гаруй жижиг биетэй адууг Богдын ордноос авчирч тэжээжээ. Оросоос мэргэжилтнүүд ирүүлж хайгуул шинжилгээ хийлгэн газрын хөрсний баялгийг судлуулж, гадаад орны худалдаачидтай малын ноос худалдаалах гэрээ байгуулж төр шашны хэрэг эрхлэх эдийн засгийн чадавхаа байнга сайжруулахад анхаарч байжээ.
Олон лам нар дотроос дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх авъяастай лам нарыг сонгож Гэндэн гэдэг ламаар удирдуулан хүүхэлдэйн жүжиг бэлдүүлэн шинийн 15-нд тоглуулдаг байв. Шашнаар дамжуулан ардын уламжлалт байгаль хамгаалах зан заншлыг таниулах, сүсэгтэн олонд байгалийн янз бүрийн үзэгдэл зэргийн утга учрыг ойлгуулах гэж зорьдог байсан байна. Егүзэр хутагт Галсандаш нь номч эрдэм төгс хүн байсан бөгөөд 1910 оны үед “Уул овооны тахилгын сан” хэмээх олон судар ном, малчин ардын зан үйлийг илэрхийлэх “үрсний судар” зохиожээ.
Егүзэр хутагтын дүр 7 удаа тодорсны 4 нь Төвд, 3 нь Монгол нутагт тодорчээ. Егүзэр хутагт Галсандаш өөрийн төрсөн газар болох Мэндсайханы дов хэмээх газарт намар бүр ирж 7 хоногоор амардаг байв. Амрах үедээ Нүхт хэмээх хад асга, ой мод бүхий байгалийн үзэсгэлэнтэй нэгэн толгой дээр овоо босгож, даага уралдуулан найр хийж, тахилга үйлддэг байжээ. Тэр овоог “хүүхдийн овоо” гэх бөгөөд хүүхэд тогтдоггүй айл, хүүхэд өргөж авсан айлд их ээлтэй хэмээн өнөөг хүртэл шүтсээр ирсэн гэдэг.
Егүзэр хутагт сийлбэрч, чулуучин, барималч, хатгамалч, уран зураач, хивсчин, ном хэвлэгч, мужаан, дархан, наамалч, сүлжигч гэх мэт ажлын байруудыг бий болгон гар урчуудыг ажиллуулдаг байжээ. Мөн тэдгээрт гаршсан гадаад дотоодын хүмүүсийг урьж залуу лам нараа сургадаг байв. Далан түрүү, Ванда хэмээх ургамлын үндэснүүдийг хатааж найруулан цаас хүртэл хийлгэн төвд ном барлаж, нэхмэл хивс, шаазан ваарны үйлдвэрүүд хүртэл байгуулж, Ханын зүрх хэмээх газраас нутгийн ардуудаар чулуу зөөлгөн морины уяа, шат, худгийн онгоц, чулуун арслан, сангийн бойпор, зарим бурхадын баримал зэргийг бүтээлгэнэ. Нарийн шавар зууруулж хэв цутган гуулин шатар, дөрөө, арал, хазаарын зуузай хүртэл цутгана. Олон өнгийн чулуунуудыг шатааж нунтаглан тарваганы тостой зуурч найруулаад ногоон, хөх, шар, улаан, цагаан будаг гаргана. Агь, ганга, арц, зандан, хүдэрийн заар, муутуу цаас зэргийг хольж найруулан үнэртний зүйл хийдэг байжээ.
Егүзэр хутагт Галсандаш нь төр, шашны зүтгэлтэн, байгаль хамгаалагч, нэрт дипломатч хүн байв. Егүзэр хутагтын шавь нар 1922 он гэхэд 320 өрх, 5 төрлийн 5711 малтай байсан бол жил дараалан өссөөр 1926 он гэхэд 567 өрх, 56 мянган малтай болж, Егүзэрийн хийд нь 1325 лам хуврагтай болжээ. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол Ардын Намын үүр байгуулах хурал болж, түүний дараагаар Гаалийн хороо байгуулагдаж, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд Банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний Эвлэлийн түр хороог тус тус байгуулсан байна. Эл бүхэн нь тухайн үед Галсандаш хутагт болон Егүзэрийн хийд Монголын зүүн хязгаар нутагт маш нөлөө бүхий байсныг гэрчилж байна.
XX зууны эхэн үеийн Монголын гайхамшигт хутагт, хувилгаадын нэг болох Егүзэр хутагтад “хувьсгалын эсэргүү” хэмээх хилс хэрэг тулгаж 1930 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүн тасалж Егүзэр хутагт болон тайж Рэгдэндагва тэргүүтэй 7 хүнийг давж заалдах эрхгүйгээр буудан алах ял оноожээ.
Хутагтын амьдрал, хийж бүтээж байсан түүх, амьдарч байсан сүм хийд, нүүж сууж байсан нутаг, судалж суралцсан ном эрдмээс нь харахад эл хүн эрдэм номын зэрэгцээ сав шимийн ертөнц зэргийг сайн судалж мэдсэн, бүгдэд эн тэнцүү анхаарал тавьдаг соён гэгээрүүлэгч байжээ. Егүзэр гэдэг үг нь төвд хэлээр “налжир ва” гэдэг үг бөгөөд энэ нь “шидийг олсон”, ”бүтээлийг олсон” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл, “Үзсэн, сонссон номоо сэтгэлдээ эрдэм болгон хувиргаж, бие хэл сэтгэлийн ялгамжийг үйлсээрээ төсөөлж чадах бүтээл шидийг олсон хүн” гэсэн гүн утгатай ажээ.
Егүзэр хутагтын байгуулсан хийдийг “Өнө өглөгт” гэдэг байсан ба хийдийн их бүрээ
үлээдэг байсан алдартай бүрээчдийн тухай яригдсаар ирсэн байдаг. Сэрдэгийн Санжодмоломын их ерөөлийг 7 хоног
дараалан хурах үед тасралтгүй бүрээгээр дохио өгч дуудлага тавьдаг байжээ.
Эдгээр бүрээчдийг Дүнжийн Дампэл, хар хүзүү Шарав, Дархан ханы Лувсандорж
гэдэг. Тэд бүрээ үлээх арга барилд нэвтэрсэн бөгөөд их бүрээний 18 аяыг бүгдийг
нь мэддэг, хөгжмийн сонсгол, уушигны багтаамж сайтай байсан гэнэ. Тэдний
дундаас Дүнжийн Дампэл бүрээч ламын бүрээнийх нь дуу сүмээс 30-40км зайд
цуурайтдаг байсан аж. Үүнийг баталж ярьдаг хүмүүс “Өнө өглөгт” хийдээс 30
гаруй км зайд орших “Гэгээн худаг” гэдэг газарт малаа бэлчээдэг байсан бөгөөд
бүрээний дуу сонсогдвол хийдэд их хуралтай гэдгийг мэддэг байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.