АГДАНБУУГИЙН АМАР

1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Агданбуугийн хүү болон мэндэлжээ. Амар 12 нас хүрээд хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд суралцаж монгол бичиг, манж, төвд хэл бичигтэй болжээ. Богд хаант Монгол улсын Гадаад Явдлын Яам, Аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэл зэргээр ажиллаж,  1917-1918 онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. 1919 онд Монголын автономит төр унахад нутагтаа ирж мал маллан 2 жил амьдраад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдсон. Дараа нь Гадаад Явдлын Яаманд түшмэл, сайд, 1924-1925 онд Аж Ахуйн Яамны сайд, 1926-1927 онд Дотоод Яамны сайд, эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёр дахь удаагаа БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар тус тус ажиллажээ.

Тэрбээр 1933 онд зохиомлоор үүсгэсэн “Лхүмбийн хэрэг” гэгчийг нягтлан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч, “Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй” хэмээн үздэг байжээ. А.Амарын эл бодлого нь Сталин, Чойбалсан нарын үйл хэрэгт илт саад болж байсан тул 1939 оны 3 дугаар сарын 7-нд болсон МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар түүнд “улс төрийн эсэргүү хэрэгтэн” нэр зүүгээд “Амар бол ангийн дайсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалагч мөн бөгөөд зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байна” хэмээн буруутгажээ. Мөн өдрийн орой XII Бага хурал болж “Амар нь эзэрхэг түрэмгий Японы хөлсний тагнуулууд болон эх орноосоо урвагчид, дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцэл учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалсан” хэмээн цоллож ялтны ширээнд шилжүүлэн, тус хурлаар Х.Чойбалсан Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд болжээ. Үүний дараа А.Амарыг ЗХУ-д хүргэн хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 дугаар сарын 10-нд цаазаар авчээ.

Амьдралынхаа эцсийн мөч хүртэл “Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш” хэмээн мэдүүлжээ. Тэрбээр хамгийн сүүлчийн өчиг мэдүүлэгтээ “Би Оросын ард түмнийг хүндэлдэг. Харин коммунистуудыг хэзээнээсээ үзэн яддаг. Та нар бол жижиг буурай орныг колоничлох бодлого явуулсаар ирсэн, явуулсаар ч байгаа. Надад эх орноосоо урвасан үйлдэл байхгүй. Хэрвээ Монгол орон туурга тусгаар улс мөн юм бол миний гэм буруутайг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тогтоох ёстой. Орос улсын хууль цэргийн шүүх надад ял зэм оноох учиргүй” гэжээ. 1960 онд ЗХУ-ын Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд БНМАУ хилс хэргийг нь цагаатгажээ.

1933 онд Монголын бүрэн түүхийг таван боть ном болгон гаргах шийдвэр гарч, үүний эхний ботийг А.Амар сайд бичсэнийг үзвэл тэрбээр өндөр боловсрол мэдлэгтэй болохыг гэрчилж байна. Нэн эртнээс XIII зуун хүртэлх 1000 гаруй жилийн түүхийг он цаг, дэс дараалалд эрэмбэ цэгцтэй хураангуйлан Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн эерэг талыг зоригтойгоор үнэлэн бичсэн байдаг. Түүнээс гадна Монгол оронд буддын шашин дэлгэрсэн түүхийг ерөнхийд нь гурван үе болгон түүхчилж бичжээ.

А.Амар сайд Монголд гадны соёл, шинжлэх ухааныг нэвтрүүлэхдээ үндэснийхээ хэл бичигт тулгуурлах хэрэгтэй, монголын байгаль, мал аж ахуйн бүтээгдэхүүн хүссэн ч хүсээгүй ч гадныхныг даллан дуудах болно хэмээн үздэг төрийн зүтгэлтэн байжээ. 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0